Хөдөлмөрч хос: Шинэ жилийн даашинзаас эхэлсэн бизнес

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрч хос: Шинэ жилийн даашинзаас эхэлсэн бизнес

Хөдөлмөрч хос: Шинэ жилийн даашинзаас эхэлсэн бизнес

Сайн хань, элэг бүтэн гэр бүл нь түүний үнэт баялаг. Хийж бүтээсэн зүйлээрээ бахархахаас илүүтэй хийж бүтээх гэсэн бодолдоо дүрэлзэж яваа энэ залууг Г.Батболд гэдэг. Тэрбээр эхнэртэйгээ хамтран хоёр жилийн өмнө "B&B Mongolian fashion" дэлгүүрийг байгуулжээ. Охид, бүсгүйчүүд энэ дэлгүүрийг андахгүй сайн мэддэг. Анх танилаасаа нэг сая төгрөг зээлэн хоёр оёдлын машин худалдан авч эхлүүлсэн хосын бизнес өдгөө өргөжин тэлж хоёр ч салбар дэлгүүр, дороо 6-7 ажилтантай болжээ. Тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгож яваа олон залуусын төлөөлөл учир энэ удаа онцлон сурвалжиллаа. Хос ирэх нэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авах бөгөөд энэ хэрээр хүлээлт, догдлолоор дүүрэн байгаагаа ч хэлж байсан юм.

Г.Батболдын ээж нь оёдолчин бөгөөд хувцас урлахыг багаасаа харж өссөн хүү 16 насандаа өөрийнхөө хэмжээнд бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёж сурчээ. Энэ нь мэдээж одоогийн байр сууринд хүрэхэд нөлөөлсөн ч эхнэртээ шинэ жилийн даашинз урлаж өгөх амлалт нь өдгөө "B&B Mongolian fashion" дэлгүүр болтлоо өргөжин тэлнэ гэдгийг тэд төсөөлөөгүй явсан нь лавтай. Өмнө нь дандаа л бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёдог байсан бол эхнэрийнхээ даашинзны эсгүүрийг гаргасны дараа яах бол гэсэн айдастай нүүр тулсан гэдгээ Г.Батболд хэлж байв.

 НӨХРИЙНХӨӨ НАДАД ЗОРИУЛЖ УРЛАЖ ӨГСӨН БҮХ ДААШИНЗЫГ ХАДГАЛДАГ

Нөхрийнхөө урлаж өгсөн даашинзаар гоёсон нь

Эхнэр А.Батзул “Нөхөртэйгөө дөнгөж танилцаад удаагүй байхад малгай, бээлийгээ өөрөө оёсон гэхэд нь ээжээрээ оёулчихаад худлаа ярьж байна гэж боддог байлаа. Үүний дараа сургуулийн шинэ жилд өмсөх даашинзыг оёж өгнө гэж хэлсэн. Гэхдээ яг баярын өмнөх өдөр гэрт нь очтол миний даашинзыг оёогүй байсан. Хамгийн хөгтэй нь манай хүн өмнө нь ерөөсөө даашинз оёж үзээгүй болохоор намайг хэвтүүлж байж эсгүүр гаргасан. /инээв/ 

Тухайн үед хадам ээж харчихаад “Хэвтүүлж эсгүүр авахыг хэнээс сурдаг байна” гээд шоолж билээ. Би ч гаднаа нөхрөө ёжлонгуй аашилсан ч дотроо бөөн баяр, догдлол хүлээлттэй байсан. Хамгийн гайхалтай нь таван цагийн дараа би яг л хүссэн даашинзаа би өмсөөд зогсож байсан. Их сургуульд орсон цагаас төгсөх хүртэл шинэ жилийн даашинзыг нөхөр маань урлаж өгсөн. Олон охид даашинзаа зарчих, түрээсэлчих гэсэн ч нөхрийнхөө надад зориулж урлаж өгсөн бүх даашинзыг хадгалдаг” гэлээ.

Энгийн хэр нь ихэмсэг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгосон даашинзны үнэ тун боломжийн. Өнгө загвар хийцээсээ шалтгаалаад 40-80 мянган төгрөгийн үнэтэй. Үндэсний үйлдвэрлэлийн хувцас их үнэтэй санагддаг учраас анх худалдаанд гаргасан ханшаа барьж явдгаа тэд онцолж байсан юм.

НЭГ САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЭЛСЭН  БИЗНЕС

Тэд хоёр жилийн өмнө бизнесээ эхлүүлэхдээ банкны өндөр хүүгээс зайлсхийж, хамаатныхаа хүнээс нэг сая 500 мянган төгрөг зээлжээ. Эхний ээлжид оёдлын машин, хувцасны материал авч хэд, хэдэн загвар гаргажээ. Нөхрийнхөө урласан даруухан мөртлөө биеийн галбирыг төгс харагдуулах донжтой даашинзыг эхнэр нь өмсч “амилуулах” бол нөхөр нь зурагчин хийнэ. Даашинзны зургуудыг өөрсдийн  цахим хуудсанд нийтэлсэн даруйд л итгэмээргүй олон захиалгад дарагддаг аж.

Шургуу ажилласан хос ердөө сарын хугацаанд хүнээс зээлсэн мөнгөө буцаан төлсөн байна. Өвлийн хүйтэн, зуны халуунд захиалгын бараагаа хүргэхээр хөтлөлцөөд алхахдаа тэд шантралгүй харин ч улам зоригтой урагш тэмүүлсэн нь хамгийн зөв сонголт байсныг цаг хугацаа харуулж буй. Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтын зүг хөтөлдөг гэдэг нь л энэ байх даа.

ГЭР  СТУДИ

Гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө цаг,минут тутамд хөдөлмөрлөж яваа хос гэртээ бяцхан зургийн студи тохижуулсан нь ихэд анхаарал татна. Тэд уг нь зурагчин, модель, оёдолчин мэргэжилтэй биш. Г.Батболд хүнд машины оператор мэргэжилтэй бол эхнэр нь бизнесийн менежмент, маркетинг мэргэжилтэй ч энэ салбар руу “урваж” орж ирээд багагүй хугацааг үджээ.

А.Батзул: “Эр хүнийг жаахан л урмаар хөглөхөд маш их ухаан, чадал нь цаанаасаа л ундардаг юм байна. Бид хоёр анхнаасаа л бүгдийг өөрсдийн гараар бүтээж, түүнээсээ урам зориг авсаар ирсэн. Одоо ч хэвээрээ. Бидэнд зураг авдаг студи, мэргэжлийн зурагчин байхгүй. Гэхдээ л бид өөрсдөө хүнээс гуйлгүй болгосоор ирсэн. Зураг авах процесс их инээдтэй. Гэрийнхээ нэг ханаа тохижуулан хувцас хатаагчийн дээр барилгын гэрлээ тавьж тусгаад, даавуун фоноо скочдоно. /инээв/ 

Хамгийн гол нь нөхрийнхөө урласан даашинзыг өмсөөд тэр минь урдаас хараад хөөрхөн байна аа гээд л зураг дарахад өөрийн эрхгүй мисс, модель аятай л зогсож байдаг шүү. Энэ бүгдийн ард бидний хайр сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гээл олон зүйл шингэсэн.

Бид хоёр бүхнийг тэгээс эхэлж байсан бол, одоо дэлгүүртэй, ажилчидтай, биднийг хүндэлдэг эрхэм хэрэглэгчидтэй болсон нь бидний зүтгэлийн үр шим юм даа” хэмээв.

Г.Батболд “Өмнө нь оёдлын чиглэлээр хоёр ч удаа бизнес хийж үзсэн ч амжилт олоогүй. Харин эхнэртэйгээ танилцаад хувцасны загвар зохион бүтээж, өмсөх хүсэлтэйг нь сонсоод даашинз оёж өгсөн. Түүнд минь их таалагдсан болохоор урамшиж эргээд оёдлын салбарт орсон. Хайртайгаа учраагүй байсан бол урсгалаараа л явах байлаа. Ер нь тэвчээр, зоригтой байх нь чухал юм байна. Учир нь, бизнес бодсон шиг хурдан өсдөггүй учраас том хүлээлт хэрэггүй юм шиг ээ. Ямарваа нэгэн зүйл хийхдээ тал тал руу үсчиж байхаар нэг төрлөөр дагнавал илүү чанартай бүтээл гарна гэж боддог. Даашинз оёж байснаа гэнэт хүүхдийн хувцас хийгээд эхэлбэл утгагүй шүү дээ. Үүнтэй л яг адил. Хүн чинь дуртай зүйлээ олоод хийхээр улам л урагшаа тэмүүлдэг юм байна” гэв.

Хайр халамжаар биесээ дутаалгүй үргэлж өөдрөг зүйлийг бодож явдаг залуучууд өнөөдөр өөрийн гэсэн урлан мөн дэлгүүр ажиллуулах хэмжээнд хүртлээ өргөжсөн. Үндэсний үйлдвэрлээ дэмжихийг уриалдаг тэд өөр бусад хүмүүсийг ч цалинжуулаад эхэлсэн байна. Амьдралаа босгохын төлөө ургах нартай уралдан зүтгэж яваа нэгэн гэр бүлд зочлоход ийм буюу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ЗөвЗөв
31
ГайхмаарГайхмаар
19
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж