“Гэрээ байгуулан гэрлэх хэлбэр ихэссэн”

Хуучирсан мэдээ: 2019.11.08-нд нийтлэгдсэн

“Гэрээ байгуулан гэрлэх хэлбэр ихэссэн”

“Гэрээ байгуулан гэрлэх хэлбэр ихэссэн”

Амралтын өдрийг гэр бүлээрээ хөгжилдөж, зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь хөрсөн, байнга хэрэлдэж, муудалцдаг, нэгнээсээ залхсан гэр бүл цөөнгүй. Ийм харилцаа нь гэр бүл салах нэгэн шалтгаан болдог. Монголд өдөрт дунджаар 40 хос гэрлэлтээ батлуулж, 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. Тухайлбал, Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн жил 21 мянга гаруй гэрлэлт бүртгүүлж, 4201 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл салалт их байгаа энэ нийгэмд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хэрхэн хэвээр нь авч үдэх талаар гэр бүл судлаач, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусгай төслийн ажилтан Б.Оюунболортой ярилцлаа.


-Гэр бүлийн боловсрол гэж их ярьдаг болсон. Гэр бүлийн зөв боловсролыг яаж олгох вэ?

-Гэр бүлийн суурь боловсролыг хүн бага байхдаа, ээж ааваасаа авдаг. Ээж, аав хоорондоо яаж харилцаж байгаа, ямар эзэгтэй байгаа, гэрийн ямар эзэн байгаагаас хүүхэд ирээдүйд ямар хүн болох суурь тавигддаг. Сүүлийн үед гэр бүлийн боловсролын талаарх маш олон төрлийн сургалт хичээллэдэг болсон. Сургалтаас гэр бүлийн талаарх мэргэжлийн хүний, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргалгаа, мэдээллийг олж авч болно. Төрийн байгууллагууд ч гэр бүлийн боловсрол олгох сургалтыг явуулах болсон. Хамгийн гол нь үүнд бид цаг гаргах хэрэгтэй.

Жолооны үнэмлэхтэй болохын тулд тусгай курст суудаг. Харин гэрлэлтийн баталгаа авахаасаа өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад сууж, мэдээлэл авдаг билүү. Гэр бүлийн боловсрол гэдэг зүйлд анхаараагүйгээс гэр бүл салалт нэмэгдэж байна. Албан ёсоор бүртгэгдсэн гэр бүлээс жилд 4000 орчим гэр бүл салж байна. Сүүлийн үед энэ тоо 4.1 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Албан бус гэр бүл салалт үүнээс ч их бий.

Манай байгууллага эмзэг бүлэг буюу ядууралтай байгаа хүн ам буюу 29.6 хувьтай ажиллаж байна. Энэ орчинд ороод ажиллахад албан бус гэр бүл салалт маш их байгаа нь ажиглагдсан. Гэр үл салалт, хамтран амьдрах хэлбэр маш их болсон. Үүнийг дагаад хүүхдийн асуудал, эрүүл мэнд, архидалт, эдийн засгийн асуудал яригдана. Тиймээс гэр бүлийн боловсрол олгоход бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна. Иргэдийг гэр бүлийн талаар зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй болгох нь чухал.

-Хамтран амьдрах олон хэлбэр байна гэлээ. Залуу хосууд хамт амьдарч байж нэгнийгээ таньж мэднэ. Харин хүүхэдтэй хүмүүс хамтран амьдрах нь эрсдэлтэй санагддаг. Хамтран амьдрахын сул болон давуу тал нь юу вэ?

-Сүүлийн үед хамтран амьдрах хэлбэр олон болсон. Гэрээгээр хамтран амьдрах, гэрээт гэр бүлийн хэлбэр ч бий болж байна. Миний хувьд хамтран амьдрахдаа хүүхдийн асуудлыг харгалзан шийдвэр гаргавал зохимжтой гэж боддог. Залуу хосуудын хувьд тодорхой хугацаанд хамтран амьдраад сонголт хийх нь зөв гэж үздэг. Харин хүүхэдтэй хүн энэ асуудалд төлөвлөгөөтэй, ухамсартай хандах хэрэгтэй. Хүүхдийн эрхийг зөрчихгүй сонголт хийх нь чухал. Бусдад дасан зохицож амьдарна гэдэг том чадвар. Гэр бүлийн харилцааны эв дүй суух гэдэг зүйл бас бий.

-Гэрээ байгуулаад гэр бүл болох, гэрээ байгуулан хамт амьдрах нь зөв шийдэл байж чадах уу?

-Сүүлийн үед ийм тохиолдол их гарч байна. Ажиглахаар нийгэмд байр сууриа олчихсон, дунджаас дээш насны, бие даасан амьдралын хэв маягтай, асуудалд нухацтай ханддаг, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлсэн, үлдсэн амьдарлаа аз жаргалтай өнгөрүүлэх төлөвлөгөөтэй  хүмүүс ийм сонголт хийж байна. Ийм сонголт хийж байгаа хүн энэ талаар судалгаа явуулж, мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч гэрээгээ байгуулдаг юм билээ.

-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хэрхэн үүсгэж, хадгалах вэ?

-Аз жаргалтай гэр бүл байх нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл ханамжтай холбоотой асуудал. Мөн аз жаргалтай гэр бүлтэй байхад гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүнийхээ зан төлөв, ямар орчинд өссөн, хүсэл, сонирхолд нь зохицох зэрэг асар олон зүйл нөлөөлдөг. Зарим хүн гэр бүлтэй болсноор нэгнээсээ суралцдаг, төлөвшдөг, өөрчлөгддөг бол зарим нь цаг хугацааны явцад хамт байхаас залхлаа гэх нь бий.

Гэр бүлийн харилцааг халуун дулаанаар авч үлдэхэд нэгнээ таньж мэдэх, ойлгох нь маш чухал. Гэр бүлийнхээ хүнийг засч, сайжруулах гэж дайрах биш өөрөө дасан зохицож, өөрчлөгдөх нь чухал.

Өмнө нь зөвхөн өөрийн ертөнцөөр амьдардаг байсан бол гэр бүлтэй болсноор бас өөр нэгэн ертөнцтэй хамт амьдрах шаардлагатай болж байгаа гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хамтдаа хэрхэн дасан зохицох талаар ярилцалгүй зөвхөн өөрийнхөөрөө байх гэж зүтгэх нь алдаа.

-Аз жаргалтай гэр бүл байхад сэтгэл ханамж чухал гэж та хэллээ. Сэтгэл ханамж гэдэгт маш олон зүйл багтдаг тэр болгоныг яаж бий болгох вэ?

-Өөрөө юу хүсч байгаагаа, гэр бүлийн хүн нь юу хүсч байгааг зөв тодорхойлох хэрэгтэй. Сэтгэл санааны ханамжид хүйсийн сэтгэл санааны онцлог яригддаг. Эмэгтэй хүн сайхан үг хэлэх, өөрийг нь халамжлах, өөрийг нь сонсох, халамж, энхрийлэл зэрэгт сэтгэл ханамжтай байдаг. Харин эрэгтэй хүн өөрийг нь хүндлэх, өөрөөр нь бахархахад илүү сэтгэл ханамжтай байдаг. Энэ ялгаатай байдлыг мэддэг байх хэрэгтэй. Хүндлэх гэдэг нь давуу эрх олго гэсэн үг биш. Гэр бүлийн ноён нуруу, гэргийнхээ баатар гэдгийг мэдрүүлэх гэдэг утгаар яригдана. Гэр бүлийнхээ хүнд юу хэрэгтэйг мэддэг, түүнийг нь өгснөөр гэр бүлийн хүнээсээ хүсч байгаа зүйл танд буцаад ирдэг. Сэтгэл ханамж өндөр байгаа тохиолдолд гэр бүлийн харилцаа халуун дулаан байж, энэ харилцаанаас хүүхдүүд ч аз жаргалыг мэдэрдэг, зөв төлөвшдөг, өөртөө илтгэлтэй болдог.

Хосуудын сексийн харилцаанд ч сэтгэл ханамж яригдана. Нээлттэй бус харилцаатай хосуудад сэтгэл ханамжгүй байдал үүснэ. Тиймээс ямар зүйл сонирхолтой, таатай санагдаж байгааг гэр бүлийн хүндээ хэлж, хоорондоо ярилцах хэрэгтэй. Сэтгэл ханамж нь сэтгэл санаанаас гадна эрүүл мэндтэй холбоотой. Хүний бодисын солилцоо, насны онцлогоос хамаараад сэтгэл ханамж өөрчлөгдөх нь бий. Тухайлбал, 45-аас дээш насанд эрэгтэй, эмэгтэй хүний биед маш их өөрчлөлт ордог. Үүнтэй холбоотойгоор бие махбодь, сэтгэл санааны хямрал явагддаг. Энэ үед хямралуудыг таньж мэдэх, ярилцаад ч шийдвэрлэж чадахгүй бол мэргэжлийн сэтгэл судлаачид хандах нь  зөв.

-Салж байгаа гэр бүлийн ихэнх нь 10 гаруй жил амьдарсан дайдаг. Зарим хүмүүс 40 нас гараад л гэр бүлийнхээ хүнээс уйддаг гэж ярих юм. Ийм хүмүүст, гэр бүлийн харилцаа нь хөрсөн хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Гэр бүл салалт маш олон шалтгаантай. Нэгдүгээрт, үзэл бодол нийлээгүйгээс гэр бүл салдаг. Энэ нь нэгнийгээ танин мэдээгүйгээс, сөрөг талыг нь олж хардагт байгаа юм. Бас гомдлоо тайлалгүй удаан явснаас, зөрчилдсөнөөс үүсч байгаа. Салалтаас өмнөх зөрчлүүдийг шийдэх боломжууд бий. Тухайлбал, нэгнийхээ давуу талыг олж харахыг хичээж, түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй. Монголын нөхцөлд гэр бүл салалтад ах, дүү хамаатан садны нөлөө их байдаг.

Чин сэтгэлээсээ нэгэндээ хайртай болоод гэр бүл зохиосон л бол бие биенээсээ залхана гэсэн ойлголт байх ёсгүй. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг даван туулж чадаагүйгээс үүсч буй зөрчил. Харин харилцааг сайхнаар үргэлжлүүлэх тал дээр хоёул хичээх хэрэгтэй. Хамтдаа энэ асуудлыг даван туулснаар сайхан амьдралыг бүтээдэг. Замын дундаас шантарч байна гэдэг нь гэр бүлийн харилцааны талаар мэдлэггүй байгаатай холбоотой.

-Зарим хүн гэр бүлд нь маргаан гарахаар найздаа, ойр дотнынхоо хүнд хэлж, асуудлын гарцыг хайдаг. Ер нь гэр бүлд асуудал гараад, хоорондоо ярилцаад ч шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд хэнд хандах нь зөв бэ?

-Зөрчил маргаан гардаггүй гэр бүл гэж байдаггүй. Гэр бүлийн маргааныг гэр бүл дотроо ярилцаж шийдвэрлэх нь маш чухал. Гэр бүлийн нарийн асуудлыг найздаа, хамаатан садандаа хэлэх гэж яарах хэрэггүй. Гомдсон байх үедээ ээж, аавдаа, хамаатан садандаа уг асуудлыг ярьснаар таны гомдол арилсан үед ч гэр бүлийн хүний тань талаарх хамаатны үнэлэмж унасан хэвээр байдаг. Харин хосууд хоорондоо ярилцаад ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд, гэр бүл судлаач, сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж