Ерөнхий сайд Архангай аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Архангай аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий С.Батболд 2010 оны долдугаар сарын 24-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллав. Тэрээр аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг болон шинээр байгуулагдсан эмнэлгүүдээр орж ажил байдалтай нь танилцлаа. С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэг энэ жил 700 сая төгрөгийн их засвар хийсэн. 230 ортой, 18 сум Цэцэрлэг хотын иргэдэд үйлчилдэг. Амьсгалын болон зүрхний цахилгаан аппарат, ажиллах боловсон хүчин сайтай. Гэхдээ аймгийн хэмжээнд эрхтэн системийн өвчлөл нэмэгдэж, энэ хэмжээгээр төрж байгаа эх болон нярайн эндэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн нярайн болон эх барих эмч дутагдалтай байгаа тухай эмнэлгийн дарга Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ойрын үед тодорхой арга хэмжээ авч эргэж танилцуулахыг  Ерөнхий сайд  С.Батболд Эрүүл мэндийн сайд Ламбаад үүрэг болголоо.   Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажил байдалтай танилцлаа. 2009-2010 оны өвлийн улиралд болсон байгалийн гамшиг, зудын улмаас Архангай аймагт 1085,8 мянган толгой мал хорогдож, 1460 өрх огт малгүй болж, 3993 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан юм. Гамшгийн үед аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд ачааны хүндийг үүрч, үүргээ сайн биелүүлсэн гэж аймгийн Засаг дарга хэллээ.

    Автомашин хуучирч муудсанаас гамшиг, зудын үед малчдад өвс, тэжээл хүргэх,  эрүүл мэндийн тусламж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байсан учир Онцгой байдлынхан туулах чадвар сайтай автомашинаар паркаа шинэчлээд байна.  Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Ирэх өвөл цас ихтэй, цаг хүндрэх төлөвтэй байгаа учир өрх айл, сум, аймаг, улс гэсэн 4 түвшинд өвс, тэжээлээ бэлтгэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхаарууллаа. Архангай аймаг 8 дугаар сарын 15-наас хадлангаа авч эхлэхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзлаа. Үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалын зорилгын салшгүй хэсэг нь монгол хүн, гэр бүл, үндэсний аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж туслахад оршино гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Төр иргэнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл иргэнээ боловсролтой  болгох ёстой. Эрүүл, боловсролтой иргэнээ ажлын байраар хангаж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг бүх хүнийг тэтгэвэртэй болгоно. Үүний тулд уул уурхайн, хөдөө аж ахуй зэрэг салбараас олох орлогыг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэддээ ил тод, шударгаар хуваарилна. Ажлын байр бий болгох, Их бүтээн байгуулалт, бизнес эрхлэх орчныг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хүрээнд бүх талаар бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Гэхдээ иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус, хөгжилтэй орон болгохын тулд төр, засаг нь ойлгомжтой, шударга, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байх ёстой гэж тэрээр үзэж байна. Бүтээлч ард түмэн-хөгжилтэй улс болохын тулд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, төр нийгмийн харилцаа зэрэг бүх салбарт Европын стандартыг нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараа мэдэгдсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа, ажил хийгдээд эхэлсэн, үр дүнд хүргэнэ гэдгээ Засгийг газрын тэргүүн  Архангайчуудад хэллээ.

    Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийг гаргаж, байгалиас хараат бус, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахын тулд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хувийн хэвшилтэйгээ хамтран зохицуулах, орон нутагт эрх мэдэл, хариуцлагыг нь давхар хүлээлгэх зэрэг бодлого баримталж байна. Хамтарсан Засгийн газар улс орны хөгжил, ард иргэдийн эрх ашгийн төлөө олон ажил амжуулж байгаа ч хийж, бүтээснээ сурталчилж иргэддээ хүргэхэд анхаарахгүй байгааг олон хүн сануулсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө. Хүнээ хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ. Хөгжил, дэвшлийн төлөө гэсэн аливаа бүтээлч санал, санаачлагыг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт хийх албан томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
   

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж