“Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн боллоо

“Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн боллоо

НИТХ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн нэг үндсэн зорилт нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэр, төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлснээр иргэдэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг ойртуулан хүлээгдэл, чирэгдлийг бууруулах явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016-2019 онд дүүргийн эмнэлгүүдэд хөнгөвчлөх болон хавдрын өдрийн хими эмчилгээ, мэс засал, гэмтэл, гемодиализийн тасгийг үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа билээ.

2017 оны 10 дугаар сараас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Өдгөө нийслэлийн таван дүүрэгт мэс заслын тусламж, үйлчилгээг бие даан үзүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр, төрлийн мэс засал, гэмтлийн хагалгаа хийгдэж байна.

НЭМГ-аас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашдын хөгжлийн болон хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлохоор энэ сарын 06-ны өдөр “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, ЭМХТ, улсын төв эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн төвүүд, дүүргийн эмнэлгийн удирдлагууд, мэс заслын эмч, мэргэжилтэн нарын төлөөлөл бүхий нийт 50 гаруй хүн оролцсон юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, хамтран ажиллах саналаа тус бүр танилцуулж мэдээлэл өгсний дараа уулзалтанд оролцогсод харилцан ярилцаж, санал солилцлоо.

Анх 2017 онд нийслэлийн Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг байгуулагдсанаас хойш иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмж нэмэгдэж, улсын төрөлжсөн мэргэшлийн болон төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулан амжилттай ажиллаж байгааг оролцогсод онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Мөн дүүргийн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүний нөөцийг сургах, чадавхижуулах, мэргэшүүлэх, сэлгэн ажиллуулах, дэмжлэгт хяналтыг хамтран хийх, мэргэжил арга зүйн тусламж үзүүлэн хамтарч, дэмжиж ажиллах талаараа ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, улсын төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд саналаа хэлж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөгөө өгсөн нь уулзалтын гол үр дүн байлаа.

Эцэст нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар 2020 онд мэс засал, гэмтлийн чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа багцлан танилцуулж “Та бүхний өнөөдөр гаргасан хамтын ажиллагааны олон санал санаачлага нь дүүргийн эмнэлгүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг цохон тэмдэглэж талархал илэрхийллээ. Мөн нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг улам сайжруулах талаар дүүргийн эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

                    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж