Манай өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Эгч дүүс хамгийн сүүлд энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олон улсын шатрын “Лос Анжелес Опен” тэмцээнд тэргүүлжээ.
Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцсон байна. Харин тэдний аав МШХ ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү уг олон улсын тэмцээний сонирхогчдын ангилалд хоёрдугаар байранд оржээ. Чансаагаараа зургаан ангиллаар явагдсан олон улсын шатрын “Лос Анжелес Опен” нээлттэй тэмцээнд Монголоос 10 шатарчин оролцжээ.
Тэмцээний өндөр чансаатай буюу 2050 дээш чансаатай шатарчдын ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-од хоёрдугаар байр, 2050 доош чансаатай шатарчдын ангилалд Н.Цогзолмаа гуравдугаар байр, 1850 доош чансаатай шатарчдын ангилалд Спортын дэд мастер Д.Хонгорзул нэгдүгээр байр, 1450 доош чансаатай шатарчдын ангилалд Д.Монголжин нэгдүгээр байр, 1200 доош чансаатай шатарчдын ангилалд Г.Даваахүү хоёрдугаар байр тус тус эзэлжээ.
Шатарчин эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул нь 2017 онд Румын Улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс блиц төрөлд алтан медаль хүртсэн бол Төрийн банкны элч тамирчин дунд охин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн. Мөн 2016 оны Монгол Улсад зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга, 2018 оны Албани улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль, 2019 онд Турк улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Харин бага охин Д.Өнөрзул нь 2016 онд Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль, 2015 онд Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байна.
А.СҮРЭН