Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2019.11.07/ мэдээлэл хийлээ.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ БООМИЛСОН БОДЛОГО БОЛСОН
Тус холбооны хуульч С.Баярмаа “ Монголын баяжуулах үйлдвэрийн нэгдсэн холбоо ТББ нь анх байгуулагдахаа ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор эрх ашгаа хамгаалах зорилгоор байгуулагдсан. 39 гишүүнтэй. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, ашигт малтмалын ордтой этгээдээс худалдаж авч баяжуулж боловсруулдаг үйлдвэрлэл эрхэлдэг 39 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм.
2019 оны ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц төлдөг байсныг өөрчлөөд тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан бүх этгээд төлдөг болсон нь эрдэс баялгийн салбарын хөгжлийг боомилсон бодлого болсон гэж үзээд энэхүү ТББ нэгдсэн зохион байгуулалтад орсон.
Өөрөөр хэлбэл 39 байгууллагын ард 200-400 ажлын байр бий. 39 үйлдвэр гэхээр нийт манай гишүүнчлэлтэй байгууллагын ажилтны тоо 18 мянга орчим хүрнэ. Нэг өрхийг 3-4 ам бүлтэй гэж бодоход энд 64 мянган иргэний эрх, ашиг яригдаж байна.
Манай ТББ-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ 2019 оны дөрөвдүгээр сард ашигт малтмалын тухай нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой холбогдох зүйл заалтыг үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс хэлэлцээд ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд ашигт малтмалын нөөц төлбөр төлөгч болсон нь ашигт малтмалын төлбөрийн утгыг алдуулсан.
Хоёрдугаарт, давхар төлбөрийн дарамт үүсгэсэн. Шат дамжлага бүрт төлбөр авч байгаа ийм эрсдэлийг үүсгэсэн. Энэ нь цаашлаад Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарын түүхий эдийг түүхийгээр нь гаднын улс оронд импортлох нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх гэсэн бодлого болжээ.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4 дэх хэсэгт зааснаар төр нь хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг баримтална гэсэн заалтыг, 19.1 дэх хэсгийн төр нь иргэний эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрэн хангаж ажиллана гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд УИХ хуралд засах боломжийг олгож энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн.
Дунд суудлын хуралдааны шийдвэр долдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд үндсэн хуулийн цэцийн гишүүд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ын учир утгыг ойлгоогүй юм шиг байна, эдийн засгийн тооцооллоо буруу тооцсон юм шиг байна гэж нэгдсэн чуулганы хуралдаанд яригдаад Цэцийн дунд суудлын хуралдааныг хүлээж авахгүй гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоол гарсны дагуу тогтоолын үндэслэлийг ҮХЦ-ийн их суудлын хуралдаан 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр болсон. Энэ хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанд миний бие болон, Б.Жавхлан гишүүн оролцсон.
Бодит байдлыг хуралдааны шатанд тайлбарлаж хэлсэн. Тайлбарыг ТЕГ, Сангийн яам, Засгийн газрын 2019 оны 342 дугаартай тогтоолоор шат дамжлага болгон дээр татвар авч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг боомилж буйг тодорхой ярьсан.
Бид нар ҮХЦ-ээс ашигт малтмалын нөөц ашигласан татварыг шат дамжлага болгон дээр нэмэгдүүлсэн байдлаар аваад байгаа нь Үндсэн хуулиа зөрчсөн байна гээд гаргасан байтал үүнийг УИХ дэмжээд хууль батлахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмал ашигласны төлбөрийг төлдөг байхаар хуулийн зохицуулалтыг хийж өгөхийг хүсч байна.
Олон улсад шалгарсан жишиг арга бол олборлогч этгээд дээрх татварыг нэг л удаа төлдөг байх нь зөв арга юм. Энэ татварын хэмжээ ямар байхыг төр хуульчлан тогтоох бүрэн боломжтой. Ашигт малтмалаа худалдаж авдаг баяжуулах боловсруулах үйлдвэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ыг нэмж тооцохгүй байхаар зохицуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд уламжилж байгаа юм.
Эцсийн бүлэгт хууль батлахдаа үндэсний эдийн засагт халтай заалтыг оруулж өөрчлөлт хийсэн. Жишээ нь нэг баяжуулах үйлдвэрийн нуруун дээр хуульд заасан агуулгаараа 10.5-12.5 хувь хүртэл АМНАТ тооцохоор нөхцөлийг бүрдүүлчхээд байна.Үүний хамгийн том жишээ нь 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журам нь 2019 оны есдүгээр сарын 4-ны өдөр Засгийн газрын 343 дугаартай тогтоолоор батлагдсан.
Жишээ нь 20 ам.доллароор төмрөө аваад нэмүү 40 ам.долларын нэмүү өртөг шингээх юм бол энэ завсарт үүсэн нэмэгдсэн өртөг буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажилчдын цалин хөлс, гаалийн бүрдүүлэлтэд хүртэл ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр тооцох ийм нөхцөл бүрдүүлсэн” гэлээ.
-Сангийн сайд улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна гэж яриад байгаа. Энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ. Дээрээс нь баяжуулж боловсруулж байгаа үйлдвэр татварын дарамт ямар байдаг вэ?
-Сангийн сайд Арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн төсөв 1.3 их наядаар тасрахад хүрлээ гэж мэдээлэл хийсэн. Энэ бол салбарын сайдын байр суурь биш улстөрчийн байр суурь байх аа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл улстөрчийн улс төр хийж байгаа байдал байх. Тэрнээс биш Сангийн сайд 2020 оны төсөв одоо батлагддаг гэдгийг хамгийн сайн мэдэх хүн учраас үүнийг улстөржсөн өнцөг гэж бодож байна. Иргэдэд буруу ташаа мэдээлэл тараасан байр суурь гэж харж байна. Жинхэнээсээ төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээх эрсдэл үүссэн үү гэвэл үгүй. Яагаад гэхээр 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр их суудлын хуралдааны тогтоол гарсан. Гарсан өдрөөсөө ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болсон. Сангийн сайд салбарын сайд гэдэг утгаар нь иргэд хандаад байхад энэ хүн улстөржсөн өнцгөөр яриад байна.
БИД ЭКСПОРТЛОГЧ ОРОН БАЙМААР БАЙНА
Тус холбооны эдийн засгийн зөвлөх Л.Оюун “Нэгдүгээрт АМНАТ-ыг давхардуулж авч байна. Нүүрс олборлолоо гэхэд олборлосон компани төлж байна. Дараа нь тэрийг боловсруулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниуд давхар төлж байна. Хүмүүсийн дунд нэг л удаа татвар авч байгаа гэдэг ойлголт байх шиг байна. Хэрвээ дээрх хууль хэрэгжих юм бол нүүрс ажиглаж түүгээр бүтээгдэхүүн гаргаж байгаа бусад компаниуд АМНАТ төлнө. Жишээлбэл, цахилгаан станцууд хүртэл АМНАТ төлөхөөр болж байна. Ашигт малтмал өөрөө газрын хөрсөн доороо байхдаа ашигт малтмал, түүнийг олборлоод гараад ирээд АМНАТ төлнө. Тэрнээс гарсан нүүрсийг цааш угаагаад баяжуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд АМНАТ төлөхгүй байх хуулийн агуулгатай.
АМНАТ аваад эхлэхээр манайх гаднын хөрөнгө оруулалтыг айлгасан, нүүрсээр баяжуулаад цааш гаргахад тийм хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байдал үүсч байна.
Монгол Улс импортлогч орон. Бид экспортлогч орон болохын тулд нөөцөө ашигласан, нэмүү өртөг шингээгээд цаашаа экспортолмоор байна. Гэтэл баяжуулах үйлдвэрүүдийг ашиггүй ажиллах нөхцөлд оруулж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй хууль журам гарчих вий гэхээс сэтгэл зовниж байна. Бид дотооддоо үйлдвэрлэж байж эдийн засгийг бүхэлд нь хөгжүүлэх орчин бүрдэх ёстой байтал АМНАТ бол баяжуулах үйлдвэр хууль батлагдах юм бол зогсохоос өөр аргагүйд хүрнэ. Түүхий эдийг түүхий эд чигээр нь гадагш гаргах нөхцөл байдал үүсч байна"гэлээ.
УЛСЫН ТӨСӨВ ТАСАРЛАА ГЭЖ ЯРЬЖ БУЙ НЬ ӨРӨӨСГӨЛ
Тус холбооны зөвлөх У.Соёл-Эрдэнэ “АМНАТ огт төлөхгүй боллоо. Улсын төсөв тасарлаа гэж ярьж буй нь өрөөсгөл. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэшдэг байгууллага АМНАТ төлж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй үйлдвэрүүд давхар татвар төлөхөөр болж байна. Төмрийн баяжуулах үйлдвэр бүс нутгаасаа хамаараад арав гаруй үйлдвэрүүд байна. Эд нар төмрийн орд газраас төмрийг худалдаж аваад баяжуулаад дараа нь экспортод гаргадаг. Энэ дээр орд эзэмшигч нь таван хувийн АМНАТ төлдөг. Жишээ нь 20 ам.долларын төмрийн хүдэр зарахаар бол орд эзэмшигч нь 2.5 ам.доллар төлнө гэсэн үг"гэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ