Бага шиг даажигнаарай, Зам тээврийн сайд аа!

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Бага шиг даажигнаарай, Зам тээврийн сайд аа!

Бага шиг даажигнаарай, Зам тээврийн сайд аа!

Даажигнал уу, даапаалал уу.  Хэд хоногийн өмнө Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамыг нээх тухай зар түгэхэд олноороо хөөрцөглөв.  Зусан намаржин, энхэл донхол замаар сэгсчүүлж, үйлээ үзсэн хүн олон тул хөхөө өвлийн хүйтнээс урьтаж, шинэ зам ашиглалтад ордог нь яамай даа гэцгээн баярлацгаасан. Гэтэл ачир дээрээ хуучин замаа буцаан нээж, олныг бухимдуулах нь тэр.

Ерөнхий сайдыг дагуулан очиж, тууз хайчилж байсан автозамын ажил яагаад товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй, ирэх жил болж, хойшилсон шалтгааныг гишүүд салбарын яамнынхнаас тодруулахад “Хөдөлгөөнийг нээнэ гэснээс биш автозамыг ашиглалтад оруулах тухай хэлээгүй” гэх тайлбар хийн, мэлзэж суух юм.

Уг нь салбарын сайдаас хэвлэлийнхэн автозамын ажлын гүйцэтгэлийн тухай тодруулах бүрт “Борооноос болж, хэд хоног алдсан ч төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилж байна. Нэг, хоёр компанийн ажил жаахан удааширсан тал бий” гэх тайлбар хэлж байсныг эс тооцвол бараан мэдээ гараагүй.

Гэтэл өнөөдөр ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа нь ирэх жилдээ багтан автозам ашиглалтад орж чадах эсэх нь ч бас эргэлзээ дагуулж буй юм.

Таван ч аймгийн иргэд дамжин өнгөрдөг, олон улсын автозамын трасст ордог,  эдийн засгийн ач холбогдлыг нь бодсон ч хугацаа алдалгүй ашиглалтад оруулах шаардлагатай авто зам. Үе, үеийн Засгийн газрын өнгөн дээр Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэн барих тухай асуудал хөндөгддөг байсан ч хөрөнгө мөнгөгүйгээс шийдэж чадалгүй 30-аад жил болсон. Харин У.Хүрэлсүхийн танхим Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт татаж чадсанаар өнгөрсөн зургадугаар сард  ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ 60 сая ам.долларын 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл бол 1.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар олгогдсон байдаг.  Зам барих үндэсний компаниуд олон байсан ч Хятадын хөрөнгө оруулалттай таван компанийг сонгон шалгаруулсан шалтгаанаа салбарын сайд нь товлосон хугацаандаа чанартай авто зам бариулан ашиглалтад оруулахын тулд гэх агуулгатай тайлбар хийсэн. Гэтэл өнөөдөр ажлын гүйцэтгэл хангалтгүйгээр барахгүй, хуучин замаараа жолооч нар хараалаа урсган довтолгож явна.

Бүтэн таван сар түр замаар явж, шороо тоосонд булагдсаны эцэст эвдэрхий замаараа дахин довтолгох болж буйдаа бухимдах иргэд ч олон байна.

Учир нь адилхан цаг хугацаанд шахуу эхэлж байсан, хотынхны хариуцсан Налайх-Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам ашиглалтад орчихсон, зүүн чиглэлд тээвэрт гарч байгаа иргэд шинэ замаар сүнгэнэтэл давхиж байхад Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамаас 20 км ч ашиглалтад ороогүй нь салбарын яамны ажил ямар байгааг л харуулах нэг хэмжүүр болов уу.  Ажил хийж чаддаггүй компани шалгарсан бол тендерийг нь цуцлаад дараагийн чадвартай компанийг сонгоод  оруулах эрх салбарын яаманд нь бий. Өөрөөр хэлбэл, цэвэр менежмент дутсан гэх шүүмжлэлийг ч иргэд дайж байна.

Зам дагаж хөгжил гэдэг. Наад зах нь иргэд Улаанбаатараас-Дархан-Орхон-Сэлэнгэ рүү зорчих болоход зам там байгаагаас галт тэргээр зорчихоос аргагүйд хүрч буй. Ачааллаасаа давсан зорчигчоо төмөр замынхан багтаахгүйгээс зарим нэг хүндрэлтэй ч тулж байгаа. Гэсэн ч хаа, хаанаа тэсээд, тэвчээд л явцгааж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ намар хүнсний ногооны үнэ өндөр байгаа нь бас л энэхүү автозамтай холбоотой болж таарч буй.

Тавьсан түр зам нь эвдэрснээс  хүний амь эндэж, бэртгэж гэмтсэн тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээг ч зарим төрийн бус байгууллагынхан өнгөрсөн есдүгээр сард олон нийтэд мэдэгдсэн. Ийм байхад “Дархан-Улаанбаатарын авто замыг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах үүрэг аваагүй. Хуучин замынх нь хөдөлгөөнийг нээх л тухай ярьсан” гэх зүйл ярьж суугааг юу гэж ойлгох вэ. Бага шиг л даажигнаарай, Зам тээврийн сайд аа.

Ажлаа хийж чадаагүйнх нь төлөө огцруулж болдоггүй юм уу, эрх баригчид аа, ийм сайдыг.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
37
ХахаХаха
34
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж