СЭМҮТ-д архаг эмгэгтэй 500 хүн бий

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

СЭМҮТ-д архаг эмгэгтэй 500 хүн бий

СЭМҮТ-д архаг эмгэгтэй 500 хүн бий

Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд энэ байдал 20 хувь болж нэмэгдэх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Мөн дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг байна. Түүгээр зогсохгүй хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байдаг тул дэлхий нэтээр энэ өвчлөлд анхаарал хандуулж байгаа юм.

Дэлхий нийт сэтгэцийн эмгэгтэй хүнийг нийгэм, хамт олонд нь тулгуурлан эмчилдэг болоод байна. Харин Монголд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Шар хадны эмнэлгийн асуудал хэмээн орхигдуулах хандлага бий. Тухайлбал, Монголд сэтгэцийн өвчнөөр өвчилж, архагшсан л бол группт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн нэр томьёонд автоматаар оруулж байгаа. Гэтэл сэтгэцийн архаг эмгэгтэй иргэн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой бөгөөд олон улсад сэтгэцийн архаг эмгэгтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, нийгэм нь ч хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлаар хангадаг байна.

Гэхдээ Монгол Улс нь Сэтгэцийн эрүүл мэндийн хуультай, хуулийг хэрэгжүүлэх хөтөлбөртэй ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг бодитоор үр дүнд хүргэхэд нийгэм хамт олны оролцоо дутагддаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хүн бүр сэтгэц, сэтгэл гэдэг зүйлтэй тул сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь хүн бүрт хамаатай асуудал юм.

Монголд сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй 60 мянга, сэтгэцийн архаг эмгэгтэй 20 мянган иргэн байдаг ажээ. Халамж буюу группийн мөнгө авдаг хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлдэг байна.  Өөрөөр хэлбэл, ийм тооны хүнийг нийгэм хамт олонд тулгуурлан хөгжүүлэх асуудал орхигдож байгаа юм. Сэтгэцийн архаг эмгэгтэй хэмээн ялгаварлан гадуурхсанаас  20 мянган иргэн хөдөлмөр эрхэлж чаддаггүй, зөвхөн халамжийн мөнгө аваад л хэвтдэг нэгэн болж хувирч байгаа юм.

СЭТГЭЦИЙН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХАЙРЛАХ, ЭНЭРЭХ СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

Энэ асуудлын талаар СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаагаас тодрууллаа.

-Дэлхийн бусад орон сэтгэцийн архаг эмгэгтэй хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Бусад оронд сэтгэцийн архаг өвчтэй хүнийг ямар нэгэн газар байршуулж, тэнд нь ажил хөдөлмөр эрхлүүлээд, тэр байдалд тусгай мэргэжлийн хүн хяналт тавиад явдаг.

-Монгол хэзээ ийм болох вэ. Уг нь нийгэм хамт олонд тулгуурлан дадал олгох асуудал яригдаад удаж байна?

-Засгийн газрын 2002-2007 онд “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр баталж, сэтгэцийн эмгэгтэй хүнийг гэр бүл, нийгмийн дунд амьдрах дадал хэвшилтэй болгох, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гэр төв” байгуулах болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 10 гэр олгож, орон нутгуудад тараасан байдаг. Гэвч уг үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүн байгаагүйгээс, тухайн үед уг ажлыг хийж байсан хүмүүс нь тэтгэвэрт гарснаар энэ үйл ажиллагаа саарсан. “Сэтгэцийн эрүүл мэнд-2” хөтөлбөр 2010 оноос энэ оныг дуустал хэрэгжинэ. Сэтгэцийн архаг эмгэгтэй хүнийг орон байраар ханган, ажиллуулж цалин хөлсийг нь олгож байгаа хувь хүмүүс байдаг. Гэхдээ ийм үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн хүн ховор болсон.

-Нийгэм, хамт олон нь хүлээж авахгүй эсрэгээрээ сэтгэцийн эмгэгтэй хүнээс айх нь бий. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Сэтгэцийн эмгэг нь өвчин. Хавдар, сэтгэцийн эмгэг зэрэг ямар нэгэн өвчин бүгд өөрсдийн клиникээр эмчлэгддэг. Тиймээс сэтгэцийн эмгэгийг ойлгоод, сэтгэцийн эмэгтэй хүнийг хайрлах, энэрэх сэтгэлээр хандах хэрэгтэй.

Эмнэлэг сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилж хурц үеийг нь дарсны даараа тэднийг ажилд сургаад, хийсэн ажлынх нь тодорхой хувийн цалинг өөрт нь олгоод явах боломжтой. Манай төвд сэтгэцийн архаг эмэгтэй 500 хүн байдаг. Тэдний хөдөлмөрийн чадварыг сайжруулбал ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж