Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулж уламжлалт зургийн багш, урлагийн зүтгэлтэн зураач Д.Оюун-Эрдэнэ, Япон улсын уран зураач Масацүгү Ито нар хамтарч SPIRIT OF NATTURE” үзэсгэлэнгээ дэлгээд байна.
"Монгол арт" галерейд энэ сарын 10-н хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн нь Монгол, Япон улсын үндэсний уран зургийг нэгэн дор үзэж, сонирхох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.
Уран бүтээлчдийн арга барил, бүтээлээрээ дамжуулан илэрхийлж буй санаа бүхэн харилцан адилгүй ч монгол зураачид уламжлалт уран зургийг орчин үетэй хослуулан үндэснийхээ өв соёл, зан заншил, шашин, аж байдлыг илүү шингээжээ. Тэгвэл Японы зураач байгалийг илүү шүтдэг ба үүнийгээ уран зурагтаа тодоор илэрхийлдэг аж. Гэхдээ Монголын уран бүтээлчээс ялгаатай нь бодит байдлыг илүү тусган үзэгчийг тухайн орчинд “ховсддог”-оороо онцлогтой.
Монголд анх удаа монгол уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн дэлгэж буй зураач Масацүгү Ито-гийн бүтээлүүдтэй танилцахад өнгөц харахад байгалийн зураг боловч анхааралтай ажиглавал тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэрбээр байгалийн зургаар бүтээлүүдээ туурвидаг ч үхэл амьдралыг илэрхийлэх дуртай.
"Монгол арт" галерейд дэлгэсэн түүний “camella”, “wild flowers” гэх мэт бүтээлүүдээс “monkey sitting the rock“, Fuji flower” хоёр байгалийн зураг нь түүний гол санааг илэрхийлжээ. Тухайлбал, шөнийн харанхуйд тус буй сарны гэрэлд тусах хадан дээр сууж буй сармагчин бол амьдралын сүүлчийн мөчийг илэрхийлсэн бололтой. Эл зургийг доороос нь суугаад харахад яг л тухайн орчинд оччихсон өвсөн дээр суугаад сарыг ширтэж ахуйд хадан дээрээс сармагчин өөрийг маань харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин зуныг санагдуулахуйц “Fuji flower” хэмээх зураг бол нэг л гэгээлэг, өнгөлөг амьтай бүхнийг дүрсэлснээрээ амьдралыг харуулсан мэт. Зураач Масацүгү Ито эмэгтэй хүнийг цэцгээр төлөөлүүлэх дуртай. Түүний тайлбарласнаар эмэгтэй хүн яг л фүжи цэцэг шиг энхрий зөөлөн хайр татам атлаа хүчтэй, тэсвэр хатуужилтай гэнэ. Фүжи цэцэг ишээ даахаа болимогц модоо ороож ургадгаараа тэсвэр хатуужил хүч чадлын бэлгэ тэмдэг болдог ажээ.
Тэрбээр өнөөдөр /2019.11.07/ СУИС-ийн Уламжлалт зургийн ангийн оюутнуудад Японы үндэсний зургийн онцлогийг танилцуулж, зураг зурах арга техникээс өөрийн туршлагыг хуваалцаж буй юм. Түүний бүтээлүүдтэй танилцсан оюутнууд Японы уран зураг “реалист “ хэмээн дүгнэсэн.
ЯПОНЫ УРАН ЗУРГААС ЧИЙГЛЭГ ДУЛААН ОРНЫ УУР АМЬСГАЛЫГ МЭДЭРЧ, РЕАЛИСТ ӨНГӨ ТӨРХИЙГ ОЛЖ ХАРЛАА
СУИС-ийн Монгол зургийн ангийн II курсийн оюутан М.АРИУНАА:
– Масацүгү Ито зураачийн бүтээлүүдийг үзэж сонирхсон. Холимог техник ашигласан нь их таалагдсан. Монгол зургаас ялгаатай нь Реалист санагдлаа. Түүний бүтээлүүдэд ихэвчлэн цэцгийг дүрсэлснээрээ гоо сайхан, эмэгтэй хүнийг санагдуулсан.
СУИС-ийн Дүрслэх дизайны урлагийн сургуулийн Дизайны ангийн төгсөх курсийн оюутан Б.СОЛОНГО:
-Азийн уран зургууд хоорондоо төстэй санагддаг. Монгол, Японы зургийг харьцуулахад арга техникийн хувьд өөр хоорондоо ялгаатай санагдлаа. Японы уран зурагтай танилцахад дулаан чийглэг орны уур амьсгал мэдрэгдлээ. Маш реалистик санагдсан гэлээ.
Харин уламжлалт зургийн багш, урлагийн зүтгэлтэн зураач Д.Оюун-Эрдэнэ бүтээлээрээ дамжуулан аж жаргал, амар амгалан, энх тайван амьдралыг илэрхийлэхийг зорьдог нь түүний “Цагаан уул”, “Бодь модны шид” зэрэг бүтээлээс харж болно. Мөн тэрбээр Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэнг ч бас тодотгожээ. Д.Оюун-Эрдэнэ бүтээлүүддээ морь, хос гөрөөсийг дүрсэлсэн байх нь түгээмэл. Үүгээрээ тэр монголынхоо нүүдэлчний соёл, үндэснийхээ хэв маягийг энгийн атлаа уран яруу илэрхийлэхийг зорьжээ. Ингээд уран бүтээлчидтэй цөөн хором ярилцсан юм.
ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ДАМЖУУЛАН ХОЁР ОРНЫ СОЁЛ СОЛИЛЦОХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
ЗУРААЧ Д.ОЮУН-ЭРДЭНЭ
-Би Монгол зургийн аргаар уран бүтээлээ туурвидаг. Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулж Японы зураач Масацүгү Итотой хамт анхны хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байгаа юм. Хоёр улсын хооронд үндэсний соёл солилцох чухал ач холбогдолтой, хүмүүст танин мэдүүлэх чухал ач холбогдолтой. Бас өнөөдөр үндэсний уран зургаар бүтээлээ хийдэг Масацүгү Ито зураач оюутнуудад Япон зургийг хэрхэн зурдаг, шороон будгийг хэрхэн ашигладаг гэх мэт өөрийн арга туршлага, техникээ зааж, сургаж байна.
МОНГОЛ ЗУРАГТ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛТ ҮЗЭЛ САНААГАА СОНИРХОЛТОЙ БАЙДЛААР ИЛЭРХИЙЛСЭН САНАГДЛАА
ЯПОНЫ ЗУРААЧ МАСАЦҮГҮ ИТО:
-Бид хамтарч яагаад үзэсгэлэн гаргаж болохгүй гэж гэдэг утгаар анх удаа Монголын уран бүтээлчтэй хамтран үзэсгэлэнгээ дэлгэж байгаадаа их баяртай байна. Миний хувьд Монгол үндэсний зургийг төдийлөн үзэж байгаагүй ч Д.Оюун-Эрдэнэ зураачийн уран зургуудтай танилцсан. Оюун багшийн зургийг үзээд уламжлалт үзэл санаа, өв соёлоо орчин цагийн арга барилаар илэрхийлсэн их сонирхолтой бүтээлүүд байна гэж бодсон гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ