МОНОС групп дэлхийн шилдэг 50 компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

МОНОС групп дэлхийн шилдэг 50 компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

МОНОС групп дэлхийн шилдэг 50 компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Дэлхийн шилдэг компаниуд нэг дор цугларан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ батламжилж, гэрээнд гарын үсэг зурах “SIGNING CEREMONY” ёслолын ажиллагаа Монголд анх удаа боллоо. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарт өөрийн орон зайгаа тодорхойлсон, 1500 гаруй ажиллагсад, 16 охин компанитай “МОНОС” группын 25 жилийн ойн баярын хүрээнд болж буй олон ажлуудын нэг юм. Энэ сарын 11-ний өдөр Шангри-ла зочид буудлын хурлын танхимд болсон уг арга хэмжээний үеэр “МОНОС” группын хамт олон дэлхийн шилдэг 50 компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дараагийн жилүүдэд дэлхийн хамгийн шилдэг техник, технологийг Монголд авчрах, шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэх, шилдэг боловсролыг Эм Зүйн шинжлэх ухааны их сургуулиараа дамжуулан хүргэх хүндэтгэлийн гэрээнд гарын үсэг зурав.

Тус ёслолын ажиллагааны үеэр “МОНОС” группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Бид 25 жил Монголын эрүүл мэндийн салбарт судалгаа, шинжилгээ, боловсрол, шилдэг үйлчилгээ, шилдэг бүхнийг хүргэхийн төлөө ажиллалаа. Дараагийн он жилүүдэд бид дэлхийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнүүдээ экспортолж, олон улсын зах зээлд амжилттай ажиллах шат дараалсан олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно” хэмээн онцолсон юм.

“МОНОС” групп нь дэлхийн эмийн зах зээлийн топ-50 компанийн ихэнхийг нь Монголд албан ёсоор төлөөлөн ажилладаг билээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-ын Жонсон энд Жонсон, Файзер, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Германы Байер Шеринг, Германы Денк Фарм, Францын Санофи, Швейцарийн Рош, Новартис, Унгарын Гидеон Рихтер, Японы Астеллас, Рохто, Хойд Солонгосын төрийн өмчит Маннён зэрэг эмийн пүүсүүд, ОХУ-ын Красфарм, Словены Крка, Солонгосын Сирмедикал, Туркийн Нобел фарм, Хербион, АНУ ын 21-р зуун, Мега, дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч Солонгосын Сиеменс, Такеда, Стада, Латвийн Олейнфарм, Японы Као корпораци, Италийн Лоакер зэрэг компанийн төлөөлөгчид оролцсон байна. Мөн топ компаниудын төлөөлөөс гадна дэлхийд нэртэй томоохон эрдэмтэн судлаачид уг арга хэмжээний үеэр байлцлаа. “МОНОС”-ынхон Эм судлалын хүрээлэн, эмнэл зүйн их сургуулийнхаа нэрийн өмнөөс дэлхийн шилдэг их сургуулиудын доктор, профессоруудыг Монголд урьж, олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан бөгөөд Австралийн Флиндерс, Японы Тохоку, Хятадын Нанжиний их сургууль, ОХУ-ын ШУА, Сибирийн их сургуулийн эрдэмтэд багтаж байгаа юм.

Энэ оны эхээр бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэлээ ОХУ-ын зах зээлд экспортонд гаргаж эхэлсэн “МОНОС”-ын эрдэмтэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр чанарын эм бэлдмэлийг зохион бүтээж,үйлдвэрлэн гаргах бүрэн чадвартайд эргэлзэхийн аргагүй билээ. 1990 онд эм зүйн жижиг үйлдвэр нэртэй байгуулагдаж байсан “МОНОС” дэлхийн шилдэг компаниудыг Монголдоо төлөөлж, эм, эмнэлгийн хэрэглэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд, хүнсний биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхээс гадна ургамал амьтан, эрдсийн гаралтай эм бэлдмэлийн судалгаа хийж, олон шинэ эм бэлдмэл гаргаж Монголын анагаахын хөгжлийг шинэ түвшинд хөгжүүлж яваа үндэсний шилдэг компани болон өргөжжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж