АНУ саяхан Сирид гүйцэтгэх ажиллагаа явуулж, дэлхийн хамгийн том террорист байгууллагын тэргүүн, “Исламын улс бүлэглэл”-ийн толгойлогч Абу Бакра аль Багдадиг устгаснаа зарлан тунхагласан билээ.
АНУ-ын уг мэдэгдлийн дараагаар “Исламын улс бүлэглэл” шинэ удирдагчаараа Аби Ибрахим аль Хашеми аль Кураши гэгчийг тодруулж, АНУ-аас амиа алдсан удирдагчийнхаа өшөөг авахаа амласан юм.
Тэгвэл АНУ-ын төрийн департментын өндөр албан тушаалтан өчигдөр /2019.11.06/ хийсэн мэдэгдэлдээ “Исламын улс бүлэглэлийн шинэ удирдагч Ирак эсвэл Сирид байгаа бол удаан амьд явахгүй. Түүний талаар хэн ч юу ч мэдэхгүй байгаа нь тэр хэн ч биш гэдгийг нотолж байна” хэмээн хэлсэн байна.
Мөн Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Багдадигийн эхнэрүүдийн нэгийг баривчилснаа зарласан байна. Аль Багдади нь дөрвөн эхнэртэй байсан гэдэг. Исламын хуулинд эр хүн дээд тал нь дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг юм. Эрдоган мэдэгдэлдээ “Аль Багдадиг өөрийгөө дэлбэлж, амиа хорлосныг АНУ сүр дуулиантай зарласан. Харин би энд нэгэн чухал мэдээллийг анх удаа дэлгэж байна. Бид түүний эхнэрийг баривчилсан. Гэхдээ бид Америкчууд шиг сүржигнэхгүй. Үүнээс гадна Аль Багдадигийн эгч, хүргэн ах нарыг Сириэс олж баривчлаад байна” хэмээжээ.
Багдадиг устгасны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “нохойн үхлээр үхсэн” хэмээн доогтойгоор мэдэгдэж байв.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ