МОНГОЛЫН ХҮНИЙ ИХ ЭМЧ НАРЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ ДЭЭР
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЪЯАТ АЖИЛТАН,
АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР П.НЯМДАВААГИЙН ХЭЛСЭН ҮГ
Их хурлын эрхэм хүндэт Тэргүүлэгчид ээ,
Их хурлын Төлөөлөгч нөхөд өө,
Хүн ардынхаа эрүүл энхийн халаагүй манаанд нүд цавчилгүй зогсож байгаа манай цагаан нөмрөгт баатруудыг төлөөлөн энэ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байгаа Та бүхэнд ахмад үеийн эмч нарынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Юуны өмнө, ахмад эмч нарыг төлөөлөн үг хэлэхийг санал болгосон Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд, хатагтай Сарангэрэл Танд талархаж байгаагаа илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү.
Сарангэрэл сайдын их хурлын үндсэн илтгэлийг сонсож мэдлээ. Энд яригдсан зүйлс, дэвшүүлсэн саналуудыг зарчмын хувьд талархан дэмжиж байгаагаа илэрхийлье.
Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал, ойрын ирээдүйн төлвийн тухай ярилцах ёстой энэхүү их хурлын индэр дээрээс Та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцах завшаан олдсоныг ашиглан 2-3 асуудлаар саналаа хэлье.
- “ЭРҮҮЛ МЭНД – ҮНЭТ БАЯЛАГ”
Энэ томъёолол бол монгол хүн бүр, түүнчлэн манай улс төрийн нам хүчнүүдийн бүгд санал нийлдэг бараг ганц асуудал байх. Гэвч бид эрүүл мэндийн салбар ямар хөрөнгө мөнгө зараад ямар мөнгөн үр дүнд хүрч байгаад тогтмол эдийн засгийн дүн шинжилгээ хийдэг болж чадаагүй байгаа учраас Дэлхийн бусад улс орны үзүүлэлттэй, ялангуяа эдийн засгийн хөгжлийн түвшингээрээ манай улстай нэг зиндаанд байгаа улс, орнуудын үзүүлэлттэй өөрийн орны үзүүлэлтийг жишин судалж дүгнэлт хийж чадахгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлынхаа ээлж дарааг үндэслэл сайнтай тогтоох (priority setting) зэрэг үйл ажиллагаа нотолгоонд тулгуурласан хэлбэрт орж чадаагүй, урсгалаараа явж байгаа нь нэн түрүүн өөрчлөн шинэчлүүштэй асуудал болжээ. Бид хүний эрүүл мэнд бол “мөнгө төгрөгөөр үнэлж болшгүй” үнэт зүйл учраас эдийн засгийн үнэлгээ хийх аргагүй гэдэг “хуучирсан” арга барилаа л баримталж, үүгээрээ эрүүл мэндийг үнэгүйдүүлж байна. Гэвч НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд сүүлийн 20 гаруй жилд хүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үнэлэх аргыг боловсруулж, улс орнуудын эрүүл мэндийн г.м. үйл ажиллагааны эдийн засгийн үр дүнг хэмждэг болоод удаж байна. Дэлхийн банк “тогтвортой хөгжлийн үзүүлэлт”-үүдийн биелэлтийг дүгнэхдээ эрүүл мэндийн үйл ажиллагааг: 1) хүн амын боловсролын түвшнээр нөхцөлдсөн, 2) өрхийн орлогын түвшнээр шийдэгдсэн, 3) шинжлэх ухаан-технологийн дэвшлийн үр дүнд бий болсон гэж гурав хувааж үзсэн байна.Тиймээс ч Сарангэрэл сайд илтгэлдээ “Дэлхийн Банкны экспертүүдийн тооцоолсноор нялхсын эндэгдэл 15%-иар буурахад эдийн засаг 25%-иар өсдөг” гэсэн эшлэл авсан нь эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээний хамгийн нүдээ олсон илэрхийллийг олж шигтгэжээ. Сарангэрэл сайдад баяр хүргэе.
Үнэхээр ч, сайдын илтгэлд дурдсанчлан, Монгол улсад 1990 оноос хойших хугацаанд 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдлийг 50-аар буюу 4.7 дахин бууруулсан нь бидний бахархвал зохих үр дүн мөн. Нярайн эндэгдлийг 15% бууруулахад эдийн засаг 25% өсөх чадавх бий болгодог гэсэн Дэлхийн банкны тооцоогоор бодвол бид 1990 оноос хойш өнгөрсөн 29 жилд нярайн эндэгдлийг 4.7 дахин бууруулснаар эдийн засгийн чадавхиа 7.8 дахин нэмэгдүүлэх чадавх бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид жил бүр 4000 орчим нярайг буюу 1990 оноос хойших 29 жилээр тооцвол 116 000 нярайг эндэгдлээс аварч, хүн амын тоогоо энэ хэмжээгээр нэмэх бололцоо гаргажээ. 116 000 гэдэг манай томхон аймгуудын хүн амтай тэнцэх тоо шүү дээ. Эдийн засгийн хэлээр илэрхийлбэл энэ нь 1990 онд байсан дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг 780% гаруйгаар нэмэгдүүлэх бололцоо олгосон байна гэсэн үг. Үндэсний Статистикийн Газрын саявтархан мэдээлснээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан тооцоогоор 32.2 их наяд төгрөг болсон болохоор манай эрүүл мэндийн алба сүүлийн 30 шахам жилд түүнийг 7.8 дахин өсгөсөнтэй тэнцэх буюу 251 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ үзүүлэлтээрээ улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн ажээ. Манай ЭМЯ-ны жилийн төсөв энэ жил бараг нэг их наяд болсон гэж манай сайд нар надад хэлсэн. Тэгвэл, эрүүл мэндийн салбарынхан 30 жилд одоогийн ЭМЯ-ыг 250 гаруй жил санхүүжүүлэх хөрөнгө бүтээсэн байна шүү дээ. Сарангэрэл сайд аа, Та энэ тооцоогоо бариад яривал эрүүл мэндэд хөрөнгө гуйх биш, нэхэх эрхтэй шүү!!! Энэ бол үр ашиг нь 10-20 жил, түүнээс ч олон жил дамжин гарах маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, бид одоо хүртэл мөнгөн илэрхийллээр нь гаргаж чадаагүй байгаа, 1921-1990 оны 70 жилд тухайн үеийн төр, засаг хүн амынхаа эрүүл мэнд, боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын ачаар бид одоо хэний ч өмнө нүүр улайхгүй боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлттэй хүн ам бүрдүүлсэн шиг ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт болно. Бид ийм тооцоог эмч бүр, эмнэлгийн нэгж бүр, хийсэн эмнэлгийн үйлдэл болгондоо хийж чаддаг болгох хэрэгтэй байна.
- МЭДЛЭГТ СУУРИЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бид шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтын эрин үед амьдарч байна.
2000 оны зааг дээр хүний геномын нүлеотидын бүрэн дарааллыг анх тогтоосноор анагаах ухаан, эрүүл мэндийн үйл ажиллагааг 2000 оноос өмнөх ба хойших гэж хуваан ярих болсон тийм үед бид аж төрж байна. Био-анагаахын энэ хувьсгал “бодгалжсан анагаах ухаан” нэр аваад байгаа эмнэлзүйн анагаахын шинэ чиглэлээр дамжин бидний оношлох, эмчлэх, сэргийлэх бүх үйл ажиллагааг үндсээр нь өөрчилж эхлээд байна. Хэдүйгээр секвенсер гэдэг нүклеотидын дараалал тогтоох машины овор хэмжээ, үнэ өртөг жил ирэх тутам буурч энгийн хэрэглээ болох тийшээ явж байгаа боловч, ойрын 10 жилдээ л эмч бүр нүклеотидийн дараалал тогтоох шинжилгээ хийдэг байх шаардлага гарахгүй байх. Харин эмч бүр хүний геном, тодорхой генүүдийн дарааллыг стандарт программ ашиглан уншиж, харьцуулж чаддаг байх хэрэгтэй болох нь. Энэ ололтыг, ялангуяа, “ухаалаг” гар утас ашиглан хэрэглэж эхлэх нь бараг өнөө маргаашийн асуудал болж эхэлж байна. Эмч бүрт энэ чиглэлээр нэмэлт хичээл заах шаардлага гарах байх. Гэхдээ он-лайн сургалтаар явах нь амар байх л даа. Бид мэргэжлийн холбоод, ЭМЯ-ны хэмжээнд энэ бэлтгэлийг одооноос базаахгүй бол эмч нар маань 20 дугаар зуундаа үлдэж хоцрох аюул нүүрлэж байна.
Ойрмогхоноос нийгмийн сэхээлэг хэсэг “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” гэж их ярих болж байна. Манай эмч нар энэ “хувьсгал”-ыг бас л “үйлдвэрийнхний асуудал” гээд нэг их тоохгүй байх шиг байна. Гэтэл энэ бол бидний орон гэр, ажлын байр, ашиглаж байгаа багаж төхөөрөмж бүгд “ухаалаг” болж, асуудлыг хиймэл оюун ухаан ашиглан “өөрөө” шийдэх чиглэлтэй болно гэсэн үг. Энэ асуудал, миний мэддэгээр бол лабораторийн анагаах ухаанд 10-20-иод жилийн өмнөөс нэвтрээд эхэлчихсэн, цааш улам л бүр газар авах хандлагатай болсон тул бид ирээдүйн эмч, эмнэлгийн ажилтнаа бэлтгэхээс эхлээд одооноос анхаарч эхлэхгүй бол одоогийн оюутнууд маань төгсч гарсныхаа дараа эмнэлгийн хамгийн энгийн төхөөрөмжийг ч ажиллуулж чадахгүй болчих бий гэж санаа зовох хэрэгтэй болжээ. Үүсээд арваад жил болж байгаа “Робокон” гэдэг олон улсын оюутны тэмцээнд төлөөллөө оруулдаггүй ганц их сургууль манай Анагаахын их сургууль болж байгаад би их санаа зовдог, бас жаахан ичдэг.
Ер нь эрүүл мэндийн үйл ажиллагаа үйлдвэрлэлийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгийг бид бас анхааралдаа авах ёстой. Манай эрүүлийг хамгаалах тогтолцооны суурийг тавьсан тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэд үүнд ихээхэн анхаарч, Монгол улс Ази тивдээ анхных болж, бодоо өвчнийг устгахдаа вакцинаа Монголдоо үйлдвэрлэж байсан билээ. Бодоогийн вакциныг үйлдвэрлэн хангаж байсан тэр Бактери шинжилгээний газрын суурин дээр хөгжсөн НЭМҮТ-ийн харъяанд байсан Био-бэлдмэлийн үйлдвэр хаалгаа бариад 10 жил болсныг НЭМҮТ хэдхэн хоногийн өмнө сэргээн ажиллуулсныг сонсоод би их баярлаж байна. ЭМЯ, НЭМҮТ-ийнхэнд үйлдвэрлэлээ сэргээн босгосонд нь баяр хүргэж, цаашдын их амжилт хүсье.
- НИЙГМИЙН АСУУДАЛ
Нийгмийн гэдэг нэрийн дор яригддаг их олон тулгамдсан асуудал байна. Би эдгээрээс санаа чилээдэг нэг л асуудлаа хөндье. Эмч нар, ялангуяа эмнэлзүйч эмч нар тэтгэвэрт гарах насан дээрээ хамгийн туршлагатай, иймээс хамгийн үнэ цэнтэй болдог боловч, манай нийгэм хэрэгсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм хамгийн үнэтэй хөрөнгөө ашиглахгүй байна. Миний үеийн эмч нар тохирсон ажлаа хийх, хүнд тус болох хүсэлтэй байна. Өнөөдөр Сарангэрэл сайд илтгэлдээ монгол хүний дундаж наслалт 70.2 болсныг баяртайгаар мэдэгдлээ. Энэ үнэхээр баярламаар мэдээ, гэвч бас тэтгэвэрт гарах насыг уртасгах шаардлагатай болж байгааг мэдрүүлсэн, үүнийг яаж зохицуулах тухайг олон талаас нь бодож шийдвэр эрэх хонхыг дэлдэж буй хэрэг болно.
Миний тун өнгөцхөн хөндсөн гурван асуудал бол гагцхүү миний санал биш, миний үеийнхний саналын нэг хэсэг, миний бие харъяалагддаг Монголын анагаах ухааны академийн зарим гишүүдийн санал бодлын нэг хэсэг юм шүү гэдгийг энэ далимд хэлье.
Анхаарал тавьсанд баярлалаа. Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Холбоотой мэдээ