Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын “Жежү Олле” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөл “Монгол олле”-тай хамтран БНСУ-ын Жежүд 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Жежү олле” явган аяллын фестивальд анх удаагаа Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Бүрэлдэхүүнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамны болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн менежер Д.Бадрах, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Болд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан тус хороонуудын иргэдийн төлөөллийг оролцуулж, туршлага судаллаа. Энэ жилийн фестивальд зургаан орны 3000 хүн хамт алхлаа.
Олле гэдэг нь Жежүгийн эртний хэллэгээр “Гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Жежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Олле стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллегийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй “кансейг” чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Олле стандартын гол онцлог. Жишээлбэл Богдхан ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүр үйлчилгээний газрууд төдийгүй жижиг дунд бизнес эрхлэгчдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг. Энэ нь аялагчид зөвхөн сайхан байгальтай газраар алхахаас гадна нутгийн иргэдийн амьжаргааг аялал жуулчлалаар хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг юм.
Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу Горхи Тэрэлжийн БЦГ, Богдхан уулын ДЦГ-т тус бүр нэг нэг явган аяллын нийт хоёр чиглэл тогтоон тэмдэгжүүлж 2016, 2017 онуудад нээсэн. “Монгол Олле”-гийн нээлтийн арга хэмжээнд Солонгос улсаас 300 гаруй хүн ирж оролцож байсан бөгөөд Япон, Солонгосоос жилдээ тодорхой хэмжээний жуулчид ирж алхаж байгаа билээ. Мөн 2019 оны 07 дугаар сарын 17-нд анх удаагийн явган аяллын фестивалийг нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж, Солонгос улсаас 70 алхагч, Монголын явган аяллын дөрвөн клубийн төлөөллүүд оролцсон. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар дотоодын болон гадаадын олон тооны жуулчид ирэх бөгөөд алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ