Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.11.06/ нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 212 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах нэгэн зогсоолд Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч тухайн өдөр өөрийн эзэмшлийн машинаа гараашнаас гаргаж өөд газарт байрлуулсан байна. Ингээд тухайн жолооч автомашинаасаа бууж грашийн хаалга хаах үйлдэл хийж байх үед машин хүч алдаж ухрахдаа өөрийг нь дайрчээ. Уг ослын улмаас жолооч хана болон машин хооронд хавчуулагдан газар дээрээ нас барсан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, дүүргийн эмнэлгийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, асфальтан замд Land маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эмэгтэй О нас барсан бол Төв аймагт Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй нас баржээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
БНХАУ-ЫН ИРГЭН ЖОНШИНД ДАРАГДАЖ НАС БАРЖЭЭ
Харин Онцгой байдлын ерөнхий газарт Хэнтий аймгийн Баян-Овоо сумд БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, жонш олборлож байсан "Ханшашир" ХХК-ийн ажилтан, БНХАУ-ын иргэн 52 настай эрэгтэй Ж гэгч нь шороонд дарагдаж нас барсан бөгөөд хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.Мөн өнгөрсөн сарын 11-ний өдөр, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигтийн жонш олборлох уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 46 настай, эрэгтэй Ян Чан Глин шороонд дарагдаж, газар дээрээ нас барсан хэрэг гарч байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ