Киану Ривзийн найз "охин" Александра Грант

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Киану Ривзийн найз "охин" Александра Грант

Киану Ривзийн найз "охин" Александра Грант

NEWS агентлагийн ХҮМҮҮС буландаа Кеану Ривзийн найз бүсгүй Александра Грантыг онцолж байна.


55 настай жүжигчин Киану Ривз хориод жил ганц бие явсан ч Лос Анжелест болсон кино музейн наадмын улаан хивсэн дээр гэнэтхэн л нэгэн бүсгүйн гараас чанга хөтлөөд, байдгаараа гэрэлтээд гараад ирсэн нь цахим ертөнцийг донсолгоод удаагүй байна.

  

Хүмүүс маш их гайхацгаасан ч түүний өмнөөс баяртай байгаа. Гэхдээ халуухан жүжигчин эр маань чухам яагаад өөрийг нь шүтэн биширч, ганцхан тэвэрье гэвэл нүдээ ухаад өгөхөд ч бэлэн сая сая охид бүсгүйчүүд байхад 46 настай Александра Грантыг сонгов. Кианугийн сонголт гээд бодохоор Александра бас ч жирийн нэгэн эмэгтэй биш бололтой.

Александра Грант 1973 онд Охайод Шотландын геологи, нийгмийн шинжлэх ухааны профессор болон Африк, дундад Ази гэх мэт газруудаар ажиллаж явсан Америкийн дипломатч, сурган хүмүүжүүлэгч хоёрын охин болж хорвоод мэндэлжээ. Ноён, Хатагтай Грантын амьдралын зам салаалахад бяцхан Александра ээжийгээ даган Мексикт амьдарсан гэнэ. Мехико хотод байхдаа тэрбээр Англи сургуульд сурж байгаад 11 настайдаа Миссуригийн Гэгээн Луйсын сургуульд шилжсэн ажээ. Төд удалгүй ээжтэйгээ хамт Парисруу нүүн Парисийн олон улсын сургуульд элсчээ. Энэ бүхний үр дүнд болон олон улсад ажиллаж явсан ээжийнхээ нөлөөгөөр Александрагийн хэл сурах авьяас цойлж Англи, Франц, Испани хэлээр чөлөөтэй ярьж бичих чадварыг түүнд авчирсан байна.

Тэрбээр 1994 онд Сүартмүр коллежийг түүх болон студийн урлаг судлаачаар дүүргэж, 2000 онд Сан Францискогийн урлагийн коллежид уран зургаар магистр хамгаалжээ.

Грант бяцхан охин байхаасаа л Мексик, Франц, Спани зэрэг олон газруудаар амьдарч явахдаа "Бидний ярьж буй хэл, бидний харж буй дүрс холбоотой юу. Бид ер нь хэрхэн хоорондоо харьцдаг юм бэ. Өөрийн санааг илүү ойлгомжтой болгох арга бий юу. Техник технилогийн эрин үед уран бүтээлчид, уран зохиолчид хэрхэн өөрийнхөө санааг бусдад ойлгомжтой илэрхийлж байна вэ" хэмээх асуултуудыг өдөр нь бодож, шөнө нь зүүдэлдэг байж. Тийнхүү хаа явсан газраа урлагтай холбоотой галлерей, үзэсгэлэн, музей юу л байна бүгдэд нь очиж дурлаж, сонирхож, судалж явдаг байжээ. Өдгөө түүний уран бүтээлүүд олон үзэсгэлэн, музейн чухал үзмэр болсон байна.

2007 онд Грант Алма Рүйз болон Францын зохиолч, философич Хэлэнэ Цишоүс нарын эссэнээс сэдэвлэн анхныхаа үзэсгэлэнг Лос анжелесийн контемпрари урлагийн музейд нээжээ. Түүнээс хойш 2013 онд хоёр, 2015, 2017 онуудад томоохон үзэсгэлэнгүүд нээсэн нь олны анхаарлыг татаж байв.

Өдгөө 46 настай уран бүтээлчийн бүтээлүүд хэлзүйн шинжлэх ухааныг уран зураг, баримал, бичлэг, гэрэл зураг, кино урлагтай нийлүүлдгээрээ тун онцлог. Александра маш олон эх сурвалжаас иш татаж, түүнийгээ урлагтай холбон цоо шинэ урлаг бүтээдэг. Түүний холбоо сүлбээ, танил тал гэж үнэхээр өргөн уудам. Түүнд бараг л танихгүй зохиолч, уран бүтээлч, философич гэж үгүй. Жишээ нь зохиолч Майкл Жойс, уран бүтээлч Чаннинг Хансэн, философич Хэлэнэ Цишоүс нар түүний сайн найзууд.

Мөн тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар 2009-2015 онд урлагийн сургуулиудад багшилж, 2015 онд "Ленаг гэрт нь хүргэсэн нь" баримтат кино найруулж, 2011, 2016, 2017 онуудад ном бичиж байжээ.

Александра Грант болон Киану Ривз нар анх 2009 онд үдэшлэг дээр танилцсан гэнэ. Түүнээс хойш 2011 онд анх удаа "Аз жаргалд хүргэх магтаал" нэртэй номыг жүжигчин Киану Рийвзтэй хамтарч бичжээ. Энэхүү ном Киану Ривзийн хувьд ч анхных нь ном байсан юм. 2016 онд Грант, Ривз нар дахин хамтарч "Сүүдэр" ном хэвлүүлж, 2017 онд хамтдаа "X artist" гэх ном хэвлэлийн газрыг ивээн тэтгэжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: alexandragrant.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж