Нэгэн цагт Монголын хүчний байгууллагын тэргүүн эгнээнд жагсч явсан генерал тэргүүтэй фронтынхон өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар зэхэж байсан. Гэвч төрийн ёслолын үйл ажиллагаатай давхцаж, тэдний жагсаал маргааш болохоор болов.
Улс төрийн үйл явц, улс төрийн “тоглолт” сонгогчдоос оноо авах сонирхолтой улс төрийн хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөнийхний хийдэг хамгийн том акц бол жагсаал. Жагсаалыг хэн зохион байгуулж, хэн найруулж байгаагаас бүх зүйл тодорхой харагддаг гэхэд болно. Тэгвэл хойшлогдсон фронтынхны жагсаалын тэргүүн эгнээнд иргэний нийгмийн төлөөллүүдээс бүрдсэн. Тэд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ард түмний эрх ноцтой зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд тус фронт цаашид хурал, уулзалт хийж тайван суухгүй, тэмцлийн шугам дээр гарна. Улс орноо ийм байдалд оруулсан УИХ-ыг тарааж, Ардын түр хурлыг байгуулахын төлөө нэгдэж тэмцэнэ гэсэн зорилготой.
Бүх жагсаал л ийм зорилготой, уриатай байдаг. Ялангуяа улс төр дагасан жагсаал бүр сүржин уриа лоозонтой байдгийг мэдэхгүй хүн ховор л болов уу.
Жагсах, үг хэлэх эрх чөлөө бидэнд бий. Түүнийгээ ч бид хангалттай эдэлж чаддаг. Гэхдээ жагсаал цуглаан хийснээрээ ард түмний амьдрал сайжирдаг бол Сүхбаатарын талбайг гороолсон олон хүний тэмцэл үр дүнгээ өгөх л байлаа. Гэхдээ тэд жагсч, тэмцсэнийхээ хариуд Төрийн ордонд орж, эрх мэдэл булаацалдан, шүлсээ үсэргэхээс өөрөөр гавьяагүй үлддэг нь нууц биш ээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө тэмцэж, жагсч явсаар одоо гишүүн болчихсон, эрх мэдэл, эрх ашиг хаана байна тэнд шүлсээ үсчүүлэн яваа төрийн түшээгийн тод жишээ жагсагч, тэмцэгчдийн үнэн төрх нь гэвэл буруудахгүй болов уу.
Хонконгд хэдэн сарын турш үргэлжилсэн ард иргэдийн тэмцэл үр дүнгээ өгснийг та бүхэн санаж буй биз ээ. Тэд хүнийхээ төлөө жинхэнэ утгаар нь тэмцэж, Хятадад ялтан шилжүүлэх хуулийг хүчингүй болгоход гавьяа байгуулсан жагсаал зохион байгуулсан дуулиан намдаагүй байна.
Жагсаал, тэмцлийн үнэн зорилго, тэмүүлэл нь зөв байвал хэдэн саяараа ч жагсч болдог гэдгийг тэд харуулсан.
Харин бид хэзээ жагсч, тэмцэж "сурах" бол. Ямар ч гэсэн өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан жагсаал бүрийн ард улстөрч, улс төрийн нам, эрх мэдэлтэн байсан. Тиймдээ ч Сүхбаатарын талбай дүүрээгүй байхад 30, 40 мянгаараа жагслаа хэмээн худал мэдээлэл түгээж, үр дүн, шийдэл ч үгүй хоцорсон учраас өнөөдөр тэд дахиад л жагсах гэж байна.
Жагсах, үгээ хэлэх эрх чөлөөг буруутгах гэсэнгүй. Харин ард түмний, эх орны нэр барьсан эрх мэдэлд шунасан тэмцэл тань энэ цагт үр дүнгээ өгөхгүй, илүү их үзэн ядалт руу хөтөлчих вий гэдгийг сануулсан төдий. Хэн хаана ямар зорилго тэмцэл агуулж байгааг таах бус мэддэг болсон, ард түмэн шүү. Одоо цагаан хоолой барьсан хоосон үгнээс илүү бодлого, шийдэл рүү тэмүүлэх, гарц шийдэл хайсан тэмцэл илүү их үр дүнгээ өгдөг болчихсон шүү, жагсагчдаа.
Дахин сануулахад, сонгуулийн жил бүр л, сонгууль ойртох тусам Сүхбаатарын талбайг гороолсон жагсаал, тэмцэл, өлсгөлөн гээд олон янзын дэглэлттэй “жүжиг”-ийг бид үзээд дасчихсан, дасгачихсан юм шүү, фронтынхоон.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ