“Аавын маань их олон бүтээл алга болсон байдаг юм билээ” | News.MN

“Аавын маань их олон бүтээл алга болсон байдаг юм билээ”

“Аавын маань их олон бүтээл алга болсон байдаг юм билээ”

“Аавын маань их олон бүтээл алга болсон байдаг юм билээ”

Монголын дүрслэх урлагийн түүхэнд их хүрээний түүхийг бичиж дүрслэн үлдээсэн Монгол түмний хайртай зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн 110 жилийн ой энэ жил тохиож буй. Ойг тохиолдуулан дүрслэх урлагийн салбарт хийж бүтээсэн их үйлсийн талаар дахин сануулах, үргэлжлүүлэн судлах ач холбогдолтойгоор өчигдөр /2019.11.06/  15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Урлагийг ойлгох нь 2019” уулзалт лекцийг зохион байгууллаа. Энэ үеэр зураач Д.Дамдинсүрэн агсны том охин доктор, дэд профессор Д.Дариймаа гуайтай цөөн хором ярилцах боломж олдсон юм.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэн агсны 110 жилийн ой энэ жил тохиож буй. Аавынхаа амьдрал, уран бүтээлийг судалж, ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс аавын минь 110 жилийн ойг тэмдэглэх бидний хүсэлтийг дэмжин, ажлынхаа төлөвлөгөөнд оруулж байгаад баяртай байна. Уг уулзалт лекцийг зохион байгуулан бүтээлээс нь хэвлүүлэх ажлыг хийгээд байна. Музейн судлаачид аавын бичиж, хэвлүүлсэн “Их хүрээний нэрт урчууд” номыг судалгааны ажил хийхэд “Их хэрэгтэй ном байна” гэж хэлж байна. Одоо тэр ном нь дууссан. Би ихэнх номыг хүмүүст бэлэглэсэн л дээ. Цөөн тоогоор хэвлүүлсэн учраас дахин хэвлүүлэх бодолтой байна.

-Аавынхаа тухай сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Манай аав уран бүтээлч найз нөхөд, зураачдын хүүхдүүдийн дунд шог хошин яриатай, шударга зантай, үнэн л юм ярьж, сонсох дуртай хүн байсан. Тухайн үед цөөн хэдэн урлаг судлаачид аавтай минь уулзаад, юм яриулна. Аав минь тэр ярьсан юмаа хараад “Миний ярьсныг яг тэр хэвээр нь бичээгүй байна” гэж дургүйцэх тохиолдол ч гарна. Тэрнээсээ болоод залуучуудад дахин ярилцлага өгөхгүй ч байх үе байдаг байсан. Аав минь их нямбай хүн байсан. Бас баримал ч хийнэ. Гэхдээ өөрөө ярихдаа “Би баримал ч хийж болох байсан ч бохир ажил учраас дан зургаа зурах болсон” гэж хэлсэн байдаг. Ер нь бүр багадаа лам байж байгаад хар болохдоо гөлөм, монгол гутал, монгол дээл хийдэг байсан уран хүн байсан.

-Аав тань багадаа шашин номын мөр хөөсөн тухайгаа дурсан ярьдаг байв уу?

-Аав маань яг өөрөө эрдэм номтой болж, удаан шавилан суугаагүй. Тэртээ 1920-иод оны үед 10 орчим настай байхдаа хүрээнд анх орж ирсэн гэсэн. Аав маань Хэнтий аймгийн Жаргалантхаан сумын хүн шүү дээ. Тэгээд суманд нь Их хүрээнээс жасын малыг тоолох ажлаар ирсэн лам хүнд “Миний энэ хүүг авч яваад лам болгож, эрдэм номтой хүн болгож өгөөч” гээд огт танихгүй хүнд өгч явуулсан юм билээ.

Тэр хүнийг дагаад аав минь Их хүрээнд орж ирэхэд жалгаар гамингийн хүүр дүүрэн байдаг тухай ярьсан байдаг. Тэгээд аавыг Сэлэнгэ аймгийн их том бурханч ламд шавилуулж, гэртээ суулгаад авьяас нь таарсан юм байлгүй. Тэр хугацаандаа л аав минь бурхны зураг зурж сурсан юм билээ. Тэр сурсан сургуулиараа одоо музейд хадгалагдаж буй бүтээлүүдээ зурсан байдаг юм. “Уран Занабазар”, “Хүрээ цам”, “Хүрээ Майдар” гэсэн том бүтээлүүдийг нь Урчуудын эвлэлийн хорооны тэр үеийн дарга байсан Н.Чүлтэм гуай санал болгож, зуруулсан юм билээ. Тухайн үед нэг хувь ч зуруулаагүй байх өө. Тус бүрийн хэд хэдэн хувь зуруулж байсан.

-Үр хүүхдүүдэд нь одоог хүртэл хадгалагдан үлдсэн бүтээл бий юу?

-Аавын минь бүтээл бидэнд байдаг юм. Тэр үлдсэн бүх бүтээлийн аавынхаа бүтээлийн зургийн цомог гаргахдаа оруулсан байгаа. Багадаа их том номтой ламаар зураг заалгаж байсан болохоор зарим нь бурхан шашны холбогдолтой бүтээлүүд байсан. Аав маань амьд сэрүүн байх үед бусад хүн зориглон 1970 хэдэн онд бурхны зураг зурдаг байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тийм болохоор дэлгэрэнгүй хэвлэгдэж, бүтээл нь тархаж байсныг мэдэхгүй. Харин 1990 оноос хойш нийгэм чөлөөтэй болсны дараагаар ар гэрийнхэнд нь хэвлэн нийтлэх бололцоо олдсон. Өмнө нь аавынхаа амьдрал, уран бүтээлээр “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн” гэсэн зургийн каталог гаргасан. Харамсалтай нь нэлээд хожим хэвлэж байгаа учраас их олон бүтээл нь алга болсон байдаг юм билээ. Тэгээд зарим бүтээлийн судалбар, скизийг хамж, гаргасан даа.

Аав маань 1980-аад оны үед Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт “Хүрээ цам”, “Хүрээ майдар”, “Арван засгийн бөх” хэмээх бүтээлээс гадна цомог маягтай хавтастай, торгоор гадарласан бурхны зургуудаа өөрөө өгч хадгалуулсан байдаг.

-Аавынх нь бүтээлүүдээс музейн сан хөмрөгт хадгалсан хэчнээн бүтээл байдаг бол?          

-Дүрслэх урлагийн музейн ажилтнууд сүүлд ярихдаа “Манай музейн сан хөмрөгт Д.Дамдинсүрэн гуайн 55 бүтээл бий” гэж ярьж байсан. Одоо Богд хааны ордон музейн ганц, хоёр бүтээл, Улаанбаатар хотын музейд орчин цагийн ганц нэг бүтээл, Үндэсний түүхийн музейд “Хувьсгалын гурван баатар”, “Жанжин Сүхбаатар”, “Маршал Х.Чойбалсан” хэмээх тосон будгийн бүтээл байдаг.

-Аавынхаа амьдрал, уран бүтээлийн тухай ном гаргахаар судалгаа хийхэд тэр дунд алга болсон цөөнгүй бүтээл гарсан гэдгийг хэлж байна. Жишээлбэл, Халх голын дайнд ялалт байгуулсны түүхт 30 жилийн ойн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ авах гээд очтол байхгүй байсан гэлээ?

-Халх голын дайны түүхт ялалтын 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд урчууд хамтран үзэсгэлэн гаргасан юм. Тэр үзэсгэлэнд аав маань нас дээр гарч, чөлөөт уран бүтээлч болсон байхдаа алаг морьтой Дандар баатрын сэлэм далайсан зураг, хүрэн халзан морьтой залуу жанжин Лхагвасүрэн гэсэн томхон хэмжээний зургаа олонд сонирхуулсан. Тэгээд үзэсгэлэн буусны дараагаар бүтээлээ авах гээд очсон чинь бүтээлээ олоогүй. Тэр бүтээлийг бодвол тэнд ажиллаж байсан зураачдаас л авч хадгалаа байлгүй.

-Таны хувьд аавынхаа бүтээлүүдээс ямар бүтээлийг нь илүү судалж, хайрлаж явдаг вэ?

-Манайхан их сайн мэднэ дээ. Өөрөө ч гэсэн хэлэхдээ “Зураач Д.Дамдинсүрэн гэхээр “Адуучин”, “Жинчин” гэдэг хоёр бүтээлээс өөрөөр мэддэггүй юм шиг байна” гэж. Одоо Уран зургийн галерейн сан хөмрөгт бий шүү дээ. Тэр зургуудыг л би их багаасаа сайн мэддэг байлаа. Дээр үед хотын наадам Яармагт болдог байлаа шүү дээ. Тэгэхэд би чинь арай сургуульд ороогүй байхад урчууд Яармагт очиж, наадмын бэлтгэлийн ажил их хийнэ. Тухайн үед албан байгууллагууд өөрсдийн гэрээ барьж, ажилчдаа оруулж, айраг цагаагаа өгдөг байлаа. Би тэр үеийн ахмад зураачдыг нэлээд сайн мэднэ. Гэтэл одоо тэр хүмүүсээс амьд сэрүүн үлдээд буй ганц нэг хүн л үлдээд байна даа.

-Ер нь аав тань хүүхдүүдээ урлагийн хүн болгох бодолтой байсан болов уу. Одоо аавынхаа мэргэжлийг өвлөсөн уран бүтээлч хүн бий юу?

-Манайх хоёр хүүхэдтэй айл. Дүү маань олон жилийн өмнө бурхан болсон. Одоо үр хүүхдүүдээс нь уран бүтээлчийн зам мөр хөөсөн хүн байхгүй. Би гэхэд математикийн багш мэргэжилтэй хүн. Уг нь намайг аав минь урлаг судлаач болоосой гэж хүсдэг байсан болов уу. Надад янз бүрийн авьяас байхгүй. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд болох ач, зээ нар нь бас өөр мэргэжлээр суралцсан байдаг.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

arhi 2019-11-07 75.155.135.52

dandaa hudlaa barimt ugui yrij bichine

Avatar

иргэн 2019-11-07 202.131.242.254

элбэгийн цуглуулганд манай алтан үеийн зураачидын гоё гоё бүтээлүүд байдаг гэсэн тэдэн дунд л заларч байгаа байхдаа. тэдний галерей ч сайхан шүү. зөв сайхан газартаа хадгалагдаад олон түмэний мэлмий баясгаад байж байх нь зөв дөө.

Avatar

arhi 2019-11-07 75.155.135.52

youch medehgui youch oilgohgui mahan tolgoi

Avatar

Зочин 2019-11-07 62.232.167.210

За байз, энэ чинь хэн гэдэг залуу билээ гээд харсан чинь Охин байсан байна, хэ хэ. Олдохгүй байгаа хуучны ховор бүтээлүүд Эбэ ер-ийн цуглуулга дотроос л олдох байхдаа. Ил далд өөрийн болгож авсаар байгаад монголын хамгийн баялаг цуглуулгатай хүн болсон гэдэг. Гэхдээ, үүнд Эбэ-г шууд буруутгамааргүй байна. Мань хүн л өөр дээрээ цуглуулаагүй байсан бол өөр ямар ч хүний, тэр дундаа гадаад хүмүүсийн гар хөлөөр ороод алга болох байсан юм билээ.

Avatar

Erik 2019-11-07 92.109.79.12

Beautiful !

Avatar

Mgl 2019-11-07 192.82.65.103

Manai deed toonii Daariimaa bagsh maani mun uu. Urt udaan naslah eruul enkhiig husen eruue.

Avatar

Зочин 2019-11-07 119.40.103.6

Уран бүтээлч сайхан юмаа. Залуу үедээ үлдээх бүтээлтэй. Номондоо бүх бүтээлийг нь оруулахыг зориорой, судалгаа хийгээрэй, магадгүй гадаад дотоодын удирдлага хүмүүст дурсгасан бүтээл олон байгаа даа. амжилт хүсье

Avatar

Зочин 2019-11-07 202.21.102.226

Дилав хутагттай ямар адилхан харагдваа

Avatar

Зочин 2019-11-07 62.232.167.210

Надад бол ямар нэг таньдаг эрэгтэй хүнтэй л адилхан харагдаад явчихсан, эхлээд. Гэхдээ, гоё байна, зохиж байна.

Avatar

Зочин 2019-11-07 80.214.65.179

Darimaa bagsh maani mundag hun shuu. Iim mundag hunii huuhed baisniig saya l medlee . Shudarga erden medlegtei, engiiin um shig murtluu ihemseg saihan hun baisan . Odoo ch anuuhanaaraa l bna , nas Ni neleen undur bh yostoi ! Dariimaa bsgshdaa amjilt husej eruul enhiiig husie !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж