Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Энэ удаа бүсгүй хүнд дуу алдам гоо сайхныг бэлэглэгч охид бүсгүйчүүдийн сайн мэдэх makeup artist Б.Наранзаяатай ярилцлаа. Тэрбээр өдгөө 20 настай бөгөөд  Урлах эрдэм их сургуулийн дизайнерын ангид суралцдаг. Сурахынхаа хажуугаар давхар  охид бүсгүйчүүдэд нүүрээ зөв будах сургалтыг  явуулдаг аж.  Ингээд түүний ертөнцөөр  хамтдаа аялцгаая.


 -Өөрөө бие дааж нүүрээ будаж сурсан гэдэг. Мэдээж анх сурахад амаргүй байсан болов уу?

Үнэнийг хэлэхэд  өөрийгөө  хэзээ ч  дизайнер эсхүл makeup artist болно гэж төсөөлж байгаагүй. Учир нь би жудо, бөхөөр хичээллэдэг байсан болохоор цагдаагийн академи юм уу биеийн тамирын дээд сургуульд сурах байх гэж боддог байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас сонирхсон сургуульдаа сурч чадаагүй. Спортоор хичээллэхээ больсноос хойш юу хийхээ мэдэхгүй нэг хэсэг гацаж орхисон. Сургууль, бэлтгэл, гэр, гэсэн завгүй амьдралтай байсан хүн гэнэт хийх зүйлгүй болоод ирэхээр  яг юу хийх ёстойгоо нэг хэсэг ойлгож  чаддаггүй юм байна лээ.

Өвчний улмаас хайртай спортоо орхисон ч  тэрхүү хугацаанд гартаа байсан нууц авьяасаа олж нээсэн байх нь ээ

-Тийм ээ. Арван жилийн  сурагч байхад үеийн хүүхдүүд  намайг бүдүүн, царай муутай гэлцдэг байсан. Гэхдээ би тэдний үгэнд эмзэглэж суухаас илүү хэзээ нэгэн цагт өөрийгөө юу хийж чаддагаа харуулна даа гэж боддог байлаа. Яг тэр үед загвар өмсөгч Cara delevingne ид моданд орж байсан юм. Түүний өтгөн хөмсөг надад маш ихээр таалагдсан. Би багаасаа л  өтгөн хөмсөгтэй охидыг хөөрхөн гэж боддог байсан л даа.  Тухайн үед  өөрийнхөө хөмсөгийг Cara-ийн хөмсөг шиг өтгөн болгож будахын  тулд харандаагаар өтгөн үстэй юм шиг  хөмсөг зурж сурсан. Ер нь хөмсгөө будаж эхэлснээр нүүр будаж сурах эхлэл маань тавигдсан. Сургуулийн  охид надаас   “Хөмсгөө яаж ийм гоё будддаг юм  бэ” гэж их асуудаг байсан. Би тэдний хөмсгийг засч янзлан будаж өгөх бүрт ”Чи  нээрээ гоё будах юм” гэсэн  магтаалын үгсээс маш их  урам авсан даа. Хүмүүс нүүр будалтын  бичлэг үзэхдээ тухайн хүний  царай  хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж байгааг хардаг бол  тухайн makeup artist-ийн техникийг нь илүү хардаг байсан. Магадгүй энэ нь барилддаг байсантай холбоотой байх л даа. Учир нь тухайн  тамирчны яаж ямар арга техник ашиглан ялчив гэдэг дээр голчлон анхаардаг  байсан.

-Хичээлдээ явахын хажуугаар давхар makeup artist-аар ажиллахаар ядардаг байх. Хоёр зүйлийг зэрэг хослуулах хэцүү биш үү?

Би өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн  студийн суудал түрээсэлж хүмүүсийн  нүүр буддаг болсон. Миний хувьд хичээлдээ явангаа давхар ажилласаар сурчихсан гэх үү дээ. Байнгын ачаалалтай, завгүй ритм маань ажлын хэмнэл болчихсон болохоор жаахан сийрээд ирэхээр эвгүй санагдах үе бий. Хүн хийх дуртай зүйлээ олж түүнээсээ таашаал аз жаргал мэдрэх шиг сайхан зүйл байхгүй юм шиг ээ. /инээв/  Би нүүр будахаас гадна стилист хийх дуртай.

Эмэгтэй хүн дан ганц нүүрээ будаад хөөрхөн харагдана гэвэл бас үгүй. Үсний стиль, хувцаслалт зэргийг хооронд нь гоё зохицуулж байж төгс харагдана. Дэлхийд батлагдсан судалгаагаар нүүрээ сайхан буддаг эмэгтэйн амжилт бусдынхаас илүү байдаг. 

-Нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. Зураач, зохиолч гэдэг юм уу уран бүтээлчдийн дотор өөрийгөө дахиад давтчих вий, бусдыг санамсаргүйгээр дуурайчих вий гэсэн айдас үргэлж байдаг юм шиг санагддаг. Таны хувьд уран бүтээлийн шинэ санааг хаанаас авдаг бол?

-Өөрийнхөө нэг хийсэн зүйлийг дахиж хийх дургүй. Байнга шинэчлэгдэж, өөрчлөгд­дөг. Өөрийнхөө дотоод ертөнц, гадаад ертөнц гээд бүх л зүйлээс санаа авдаг. Тухайн хүний нүүрний хэлбэрийг л зөв хуваарилж чадвал ямар ч будалт гоё болдог. Шинэчлэл надад ус агаар шиг хэрэгтэй. Шинэ хийсэн зүйлээсээ урам зориг, эрч хүч авдаг. Бусдаас өөр байхыг хичээдэг. Тэр хэрээр үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Намайг анх нүүрээ будаж  сурч байхад хэн ч зааварлаагүй би  өөрөө сурсан. Тийм болохоор тусламж хэрэгтэй олон охид бий. Би тэдэнд тусалж гэрэл  нь болохыг хүсдэг.

АРТИСТ БҮХЭН ӨӨРИЙН МЭДРЭМЖ, АРГА БАРИЛТАЙ БАЙДАГ

-Тэгвэл нүүр будалт хийхдээ  тухайн хүний юуг анхаарч, юун дээр төвлөрдөг вэ?

-Тухайн хүний нүүрний хэлбэр, ясны бүтэц, нүд хоорондын зайг анзаараад түүнд зохицох, хэлбэржүүлэх будалт хийдэг. Нүүрийг өргөх, хүний характерийг тодорхойлох гол хэсэг болох хөмсгөн дээр илүү төвлөрч будалтаа хийдэг.  Би хөмсөгний нэг ширхэг зураасанд  хүртэл ач холбогдол өгдөг учраас их уддаг.  Гэхдээ үүнээс гадна суурь будалт их чухал. Манайхан суурь будалт гэхээр крем гээд ойлгоод байдаг. Чухамдаа суурь будалт нь арьс арчилгаа юм. Арьс нь эрүүл хүнд ямар ч будалт хийсэн гоё харагддаг. Ер нь зэвүүн мөртлөө хөөрхөн, донжтой харагдахыг хүссэн  охид намайг зорьж ирдэг.

-Нүүр будалт зарим эмэгтэйн хувьд хувцас, заримынх нь хувьд өөртөө итгэх итгэл нь болсон байдаг. Гоо сайханч хүний хувьд нүүр будалт гэдгийг тайлбарлаж өгөөч?

-Нүүр будалтын талаар хамгийн товчоор онож хэлсэн үг бол нүүрээ будаагүй эмэгтэй хүн дайнд зэвсэггүй орж буй цэрэгтэй адил гэж. Яг л адилхан. Нүүрээ будаагүй эмэгтэйн зан харилцаа хүртэл өөр болчихдог. Өөрийн давуу талаа ил болгож, сул талаа далдлах мөн үг яриагүйгээр өөрийгөө бусдад илэрхийлэх нэг хэрэгсэл бол нүүр будалт. Эмэгтэй хүн өөрөө тэр чигээрээ гоо ертөнц. Гэхдээ бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг. Тиймээс бүх эмэгтэйчүүд дур булаам, үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хүсдэг. Миний гол зорилго бол ямар ч эмэгтэйг төрөлхийн мэт гоо үзэсгэлэнтэй харагдуулах. Тэр эмэгтэй ямар ч өгөгдөлтэй байсан байгалиасаа төрсөн мэт төгс харагдуулах нь миний давуу тал. Мэдээж үүнд уран бүтээлчийн хувьд нууц бий.

-Make up артистуудын  будалтыг нь хараад хэнийх гэдгийг нь таних тохиолдол бий юу? Таны будалтыг бусдаас ялгарах онцлогоос дурдвал?

-Миний будалтууд ихэвчлэн хамелон талруугаа юм шиг санагддаг. Би тухайн хүнийг хүссэн ямар ч дүр төрхөд хувиргаж чадна. Хүн хүний зан ааш, сэтгэл зүйд тааруулж харьцана, ойлголцоно. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ дотоод сэтгэл, нүдний харцыг мэдэрч, тунг нь тааруулж будна гэдэг маш чухал. Товчоор хэлбэл олон талын мэдлэгтэй, маш сайн сэтгэл зүйч байх шаардлагатай болдог. Артист бүхэн өөрийн мэдрэмж, арга барилтай байдаг. Манайхан “сайн, муу” гэж их уралдуулдаг. Гэхдээ тэр хамгийн сайн гэх нь өрөөсгөл ойлголт. Харин бүсгүйчүүдийн хувьд өөрийн онцлог, стилд хэний будалт нийцэхийг харж сонгох хэрэгтэй байх. Олон жил ажилласан артистын будалт ялгагдана. Би артист Белла эгчийн будалтад их дуртай. Түүний шавь болох нууцхан хүсэл байдаг.

– Хүмүүсийн нүүр будалтад хандах хандлага, будалтын хэв маяг хэрхэн хувьсаж байна гэж хардаг вэ?

Будалт загвараа дагаад байнга хувьсаж байдаг. Будалтаар дамжуулж нүүрний хэлбэрээ засах, сул талаа дарах, хүссэн дүр төрхөө бүтээж, мэс ажилбаруудаас татгалзах давуу тал ихтэй байсан. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрийн дүр төрхөнд нийцсэн, давуу талаа тодотгосон, цэвэрхэн, натурал, фрэш будалт их хийж байгаа. Аль болох “будмал” харагдахаас татгалздаг болсон байна. 

-Таны цаашдын зорилгоос хуваалцаж болох уу?

-Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл нэгдүгээр сард ОХУ-руу чадвараа сайжруулахаар суралцах бодолтой байгаа. Үүнээс  гадна би дохионы хэл сураад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нүүр будалтын хичээл заахыг хүсдэг. Влог  хийлээ гэхэд доод хэсэгт нь  дохионы хэлний орчуулгатай гарна гэсэн үг. Би өнгөрсөн жилээс эхэлж дохионы хэлний бүх үсгээ сурсан. Гэхдээ бие дааж сурна гэдэг амаргүй юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
151
ЗөвЗөв
24
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж