Гадаад оюутны байр: Монголчууд танихгүй хүнтэй хүртэл элэгсэг, дотно харьцдаг

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Гадаад оюутны байр: Монголчууд танихгүй хүнтэй хүртэл элэгсэг, дотно харьцдаг

Гадаад оюутны байр: Монголчууд танихгүй хүнтэй хүртэл элэгсэг, дотно харьцдаг

Монголд сурдаг гадаад оюутнууд хэрхэн, яаж амьдардаг вэ. Тэдний амьдарч буй орчин нөхцөл, хангамж хүрэлцээ, давуу болон сул тал юу вэ. Үүнийг мэдэхээр бид МУИС-ийн дөрөвдүгээр байр буюу гадаад оюутны байрыг зорилоо.


Оюутны энэ байранд нийт 180 гаруй гадаад оюутан амьдардаг. Нэг өрөөнд 2-3 оюутан байна. Тэдний зарим нь гэр бүлээрээ иржээ. Ихэнх нь монгол судлал, монгол хэл шинжлэлээр суралцдаг. Нэг хэсэг нь Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол нөгөө хэсэг нь оюутан солилцоо хөтөлбөр болон хувийн зардлаар суралцдаг байна.

Бидний орсон эхний айл бол Х.Өнөгэрэлийнх. Айл гэсний учир нь Х.Өнөгэрэл оюутны энэ байранд эхнэр Б.Улаантуяа, хүү Ө.Ивээл нартайгаа амьдардаг. Тэд Өвөр Монголын Өөртөө Засах орон /ӨМӨЗО/-ны Хөлөнбуйр аймгаас иржээ. Монголд ирээд хоёр сар болж байгаа. Тэд хамтдаа МУИС-ийн докторантурд сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг аж. Харин хүү Ө.Ивээл нь гурван настай. Оуютны байрны хажуугийн цэцэрлэгт явдаг байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй Б.Улаантуяа угтаж, сүүтэй цайгаар дайлав. Нэг л тийм дотно, ойр мэдрэмж.

Цай уух зуураа гэрийн эзэн Х.Өнөгэрэлтэй ярилцлаа. Тэр өмнө нь ӨМӨЗО-ны Одон телевизэд найруулагч, зураглаачаар ажиллаж байжээ. Харин одоо Хөлөнбуйрын Дээд сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр багшилдаг. Монголд өмнө нь ирж байгаагүй тул сонирхож, үзэж харах зүйл зөндөө байгаа талаар ярьж байсан юм.

-Яагаад монголд ирж сурахаар шийдсэн бэ, ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Манай Хөлөнбуйр аймагт сэтгүүлзүйн докторын зэргийг монгол хэл дээр хамгаалах боломжгүй. Заавал хятад хэл дээр үздэг. Тиймээс бид Монголд сурахаар ирсэн. Энд ирэхэд миний төсөөлж байснаас огт өөр байсан. Монгол орон сайхан хөгжиж байна. Хүмүүс нь их боловсон харьцаатай юм. Зам гарахад машинтай хүмүүс явган зорчигчдод зам тавьж өгч байна. Мэдэхгүй газраа асуухад маш сайн тайлбарлаж өгнө.

-Та хоёр ямар шугамаар сурч байгаа вэ, оюутны тэтгэмж гэж авдаг уу?

-Бид хоёр хувиараа сурч байна. Тиймээс тэтгэмж гэж авдаггүй. Бид хоёр гэр бүл болоод бараг 15 жил болж байгаа. Нутагтаа оюутан байхдаа танилцаж байлаа. Тэр үед бакалаврт сурч байсан юм. Төгсөөд би ажил хийгээд эхнэрээ магистарт сургасан. Дараа нь эхнэр маань төгсөөд ажил хийж, намайг магистарт сургасан. Ингэж бид биенээ дэмжээд урагшилж байна даа. Одоо хамтдаа докторантурт сурч байна. Сургуулиас бидний цалинг гэрээний дагуу сар бүр өгдөг, дээр нь хоёр талын аав ээж маань их тусладаг.

-Хувиараа сурахад сургуулийн болон байрны төлбөр хэд байдаг бол?

-Нэг хүн докторантурт сурахад 30 кредит цаг цуглуулах ёстой. Энэ нь 29 сая 250 мянга болно. Бид хоёр нийлээд 60 кредит судлана. Тэгэхээр нийтдээ 58 сая 500 мянган төгрөг болж байгаа юм. Харин оюутны байрны төлбөр хоёр хүн нэг жил амьдрахад 2 сая 976 мянга болдог.

-Оюутны байранд амьдрахад орчин, нөхцөл хэр байна?

-Их дулаахан, тохитой юм. Ер нь орчин, нөхцөл боломжийн. Гэхдээ оюутнуудын дунд ямар нэгэн танилцах үдэшлэг ч юм уу үйл ажиллагаа дутмаг юм шиг санагдсан. Ирээд хоёр сар болоход нийтийг хамарсан ямар нэгэн дурсамжтай арга хэмжээ болсонгүй. Байр, сургууль хооронд л явна. Тэгээд хаяа дэлгүүр хэсдэг юм. Уг нь урлагын тоглолт үзэх, театрт очих, музей сонирхох гээд гадаад оюутныг хамарсан хөтөлбөр байвал зүгээр санагддаг. Хавар дулаарахаар зохион байгуулж магадгүй юм. Дараа нь монголд өнгөрүүлсэн оюутан насаа дурсахад дурсамжтай бол гоё шүү дээ.

Судалгааны ажил хийнэ, сурна  хажуугаар нь хүүхдээ асарч, гэрийн ажлаа амжуулна гэдэг эмэгтэй хүнд их ачаалал болдог. Үүнийг түүртэлгүй зохицуулахад манай нөхөр их тусладаг хэмээн Б.Улаантуяа ярьж байв.

-Сурах, судлах, хүүхдээ өсгөх, хоолоо хийх гээд ажлуудаа яаж амжуулж байна?

-Манай хүн их ажилсаг. Бүх зүйл дээр намайг ойлгож, дэмждэг. Харин ч гэр бүлээрээ ирсэндээ баярладаг. Тэгээгүй бол эднийгээ санаад сурахад бүр хэцүү байна. Хүү маань цэцэрлэгтээ яваад хурдан дассан. Бид монгол үндэстэн юм чинь монгол хэлээр сайн ярих ёстой гэж үздэг. Тийм болохоор хүү маань халх монгол хэл сурч байгаад бид их баярлаж байна. Монголчууд хүүхдэд их хайртай, элэгсэг хүмүүс юм. Гадуур явахад хүүг маань их өхөөрдөж, ярилцана. Энэ нь бас надад сайхан санагдаж байна.

-Тэгвэл энд амьдрахад юу нь бэрхшээлтэй хэцүү санагдаж байна?

-Сургуульд хоолны газар байдаггүй. Ихэвчлэн бэлэн хоол зардаг буфет байх юм. Уг нь сургууль өөрөө ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газартай байвал зүгээр шүү дээ. Дандаа бэлэн хоол идэхээр оюутны эрүүл мэндэд муу. Тиймээс бид гэртээ хоол хийж идэхийг хичээдэг. Азаар Монголд махны үнэ их хямдхан байна. Дэнжийн мянга зах дээр нэг кг үхрийн мах 8000 төгрөг гэж байхад хятадад 34.200 төгрөг гэдэг. Тэгээд ч монгол мах их амттай.

Х.Өнөгэрэлийнхээс гараад бид Япон оюутны өрөөгөөр орлоо. Хаалга тогшвол ороорой гээд монголоор хариу өгч байна. Тэр бол Японы Химэжи хотоос ирсэн оюутан Кэнта. Өрөөндөө даалгавраа хийж байлаа.

Монгол хэл сураад жил болж байгаа ажээ. Их сайн, цэгцтэй ярьж байв. Өрөөндөө ӨМӨЗО-ны оюутантай цуг амьдардаг. Тиймээс монгол хэл сурахад дөхөмтэй байдаг гэнэ. Өдрийн ихэнх цагийг Кэнта өрөөндөө хичээл хийж өнгөрөөдөг. Монголд ирээд тэр Богд хааны музей, Үндэсний музей, Аглаг бүтээлийн хийд рүү очиж үзжээ. Мөн Нарантуул зах гарч худалдаа хүртэл хийжээ. Явсан газар бүрээ гэрчлэх тасалбарыг тэр дэвтэр дээр нааж, доор нь тайлбар бичжээ. Энэ дэвтрийг дүүргэхийн тулд олон газраар явж үзэх төлөвлөгөөтэй гэнэ. Монголд ирээд юу хамгийн их таалагдсан бэ гэж асуухад тэр “Цэлмэг хөх тэнгэр, шөнө гялалзах одод” гэсэн юм.

Тэрбээр ярихдаа “Монголчууд танихгүй хүнтэй хүртэл элэгсэг, дотно харьцаж чаддаг. Тусламж хүсээгүй байхад сайхан сэтгэлээр хандаж, тусладаг. Харин Японд бол их хөндий, хүйтэн. Нэгэндээ хүндрэл учруулахгүй гээд хэцүү байгаагаа ч хэлдэггүй. Ингэснээр хүн ганцаардаж, гунигтай болдог” гэв. Тэрбээр монгол хэл сурахын хажуугаар босоо монгол бичиг сурч байгаа ажээ. Аль нь чамд илүү таалагдаж байна гэж асуухад босоо монгол бичгийг зааж байсан юм. Түүний хувьд оюутны байранд амьдрахад асуудалтай зүйл бол гал тогоо болон угаалгын өрөө. Давхар дундаа нэг гал тогоо, усанд орох өрөөтэй учир дараалал их үүсдэг байна. Тиймээс бусад нь хүлээж байгаа болов уу гээд санаа зовоод тухтай усанд орж, хоолоо хийж чаддаггүй аж. Кэнта хонины махтай монгол бүх хоолонд дуртай. Тэрбээр “Японд хонины мах байдаггүй. Монгол хонины мах үнэхээр гоё амттай” гээд инээмсэглэв.

Кэнтагийн хажуугийн өрөөнд Унгараас ирсэн оюутан Петр амьдардаг. Түүнтэй ярилцах гэсэн боловч монголоор тун муу ярьж байв. Ойлгож байгаа хэрнээ ярьж чадахгүй байсан юм. Өрөөндөө хоёр Польш оюутантай цуг амьдардаг аж. Эрчүүдийн өрөө болоод ч тэр үү жаахан эмх замбараагүй. Петрийн ширээн дээр ууттай арц харагдав. Асуувал, гоё үнэртэй гэж байгаа бололтой эрхий хуруугаа гаргав. Түүний өрөөний хөршийн ширээн дээр номууд өрөөстэй харагдана. Тэр дунд “Ногоон нүдэн” роман анхаарал татлаа. Үүнийг уншдаг юм уу гэж асуухад тэр “Манай өрөөний залуу монгол хэлээр их сайн уншиж, ойлгоно. Одоо хичээлээсээ ирээгүй байна. Тэр энэ номыг унших дуртай” гэсэн юм. Үүнээс цааш яаж ч хичээгээд бид хоёр ойлголцож чадсангүй. Асуултанд маань тэр зүгээр л толгой дохиод байсан учир түүний өрөөнөөс гарлаа.

Монголд сурдаг гадаад оюутнууд хоорондоо ихэвчлэн англиар ярьдаг аж. Уг нь монголоор ярих нь хэлээ сайжруулахад дөхөмтэй ч англиар ярих нь илүү амар байдаг гэнэ. Энд монголоор сайн ярьдаг оюутнууд нь Өвөр монголчууд. Тэднээс гадна Казакстанаас ирсэн Х.Саулет яг л монгол хүн шиг ярина. Учир нь тэр монголд төрж, өсчээ. Түүнийг 12 настай байхад тэднийх Казакстан руу нүүсэн байна. Түүнээс хойш 30 жилийн дараа тэр Монголд ирж, МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт сурч байгаа аж.

-Яагаад Монголд ирж сурахаар болсон бэ?

-Нэгдүгээрт, хоёр улсын Засгийн газрын гэрээгээр сурах боломж надад олдсон. Хоёрдугаарт, Монголын боловсролын систем их сайн. Багш нар нь чадвартай, мэргэжлийн гэж би сонссон. Гуравдугаарт, би өөрөө Монголд төрж, өссөн. Их дотно байдаг. Тиймээс Монголд сурахаар шийдсэн юм.

-Хичээл хэр хүнд байна, лекцээ бичиж амжиж байна уу?

-Эхэндээ жаахан хэцүү байсан. Аажимдаа ойлгож, дассан. Лекцээ бичиж амжихгүй бол ангийнхан маань дэвтэрээ өгч тусладаг.

-Оюутны байрандаа хэр дасаж байна, амьдрахад ямар байна?

-Ерөнхийдөө дажгүй шүү. Гэхдээ нэг бэрхшээлтэй зүйл нь суурин интернэт, Wi-Fi байдаггүй. Бас энэ байр засвар ороогүй, хуучны барилга болохоор хана, тааз нь жаахан тиймхэн харагдаж байна. Гэхдээ дулаахан болохоор тухтай байдаг.

Нэг үеэ бодвол Монголын оюутны байрууд илүү тухтай, тохилог болсон. Өрөөндөө угаалтуур, ариун цэврийн өрөө, усанд орох дүш, сандал, ширээ, суурин интернэт гээд оюутны наад захын хэрэгцээ цөм бүрэн. Гэтэл Монголдоо ганцхан байдаг гадаад оюутны байр бараг хуучин янзандаа л байна. Өнгөн хэсэгтээ засвар хийжээ. Бас цэвэрхэн юм. Гэхдээ усанд орох гэж дугаарладаг, хоолоо хийх гэж хүлээдэг хэвээр.

Умгар өрөөнд гурван ор чихэлдэж, ширээ сандал ч овоорно. Энд бөгс эргэх зай үнэндээ алга. Ийм өрөөний бүдэг гэрэлд хичээлээ хийхэд даанч тухгүй. Гэсэн ч гадаад оюутнууд сурсаар, амьдарсаар, дассаар…

Гэрэл зургийг: Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж