Москвагийн зоопаркад амьдарч байсан Дизель нэртэй Амурын бар АНУ-д шилжин шинэ амьдралаа эхэллээ. АНУ-ын Небраска мужийн Омаха хотын зоопарк одоо Дизелийн шинэ гэр болж байгаа юм.
Барыг Европын холбооны Ховор амьтан хамгаалах хөтөлбөрийн дагуу Оросоос АНУ руу шилжүүлж байгаа ажээ. Хоёр настай Дизелийг аравдугаар сарын 29-ний өдөр Москвагаас онгоцоор тээвэрлэсэн байна. Барыг малын эмч нар замын турш дагалдан биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хянаж байжээ. Анх онгоцны буудалд ирээд олон хүний чимээ шуугиан, элдэв үнэрээс болж Дизель тавгүйтсэн ч тайвшруулах тариа хийж, торыг битүү даавуугаар бүтээсний дараа гайгүй болсон хэмээн хянаж байсан эмч нар нь мэдэгдлээ.
Ойрын хоёр гурван сардаа Дизель зоопаркийн карантины бүсэд байх бөгөөд шинэ орчиндоо бүрэн зохицсоны дараа зоопаркийн амьтад байдаг бүс рүү шилжүүлэх юм. Дизель Амурт байгаль дээр зэрлэгээр амьдарч байсан барын удам учраас генетикийн хувьд маш үнэ цэнэтэйд тооцогдож байна. Дизель 2017 онд Москва хотын зоопаркад төрсөн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ