Н.Батцэрэгт өгсөн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2015.09.12-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэгт өгсөн зөвлөгөө

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдох үед нь жинтэйхэн зөвлөгөө өгсөн түшээ бол Л.Энх-Амгалан гишүүн юм. Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсоноор жуулчдыг татах таатай боломж бүрдсэн ч сөрөг үр дагаврыг олонтаа дагуулах болжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр бол энэ жилийн наадмын өдрүүд тохиосон 10 хан хоногт Хөвсгөл нуурт амрахаар 80 мянган гадаад, дотоодын жуулчин, 40 мянган тээврийн хэрэгсэл хөлөглөн очжээ. Очсон жуулчдын хөлд Хөвсгөл далайн орчим бохирдсон байна. Гэвч энэ бохирыг цэвэрлэх төсөв байдаггүй.

Холбогдох хуулийн хүрээнд далай үзэхээр ирсэн жуулчдаас тодорхой хэмжээний хураамж авдаг ч тэр нь төвдөө буюу хот руу төвлөрдөг гэнэ. Орон нутагт нь нэг ч төгрөг үлдээхгүй татдаг. Иймээс энэ буруу тогтолцоог холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүрээнд засч, цаг алдалгүй шийдвэрлэх нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын нэн тэргүүнд хийх ажил хэмээн зөвлөсөн юм.

Сайдын тамга гардсан Н.Батцэрэгийн хувьд дээрх чиглэлээр юу хийхийг нь харах л үлдэж байна шиг. Ажил хийх хүнд бол үнэтэй л зөвлөгөө. Хэдийгээр сайдаар ажиллах хугацаа нь найман сараар хэмжигдэж байгаа ч Монголын Швейцарийг хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хураамжийг нь орон нутагт үлдээж, буцаан байгалиа хамгаалахад нь зарцуулдаг болчихвол хэчнээн тустай билээ.

Хөвсгөл далай бол зөвхөн Хөвсгөл аймгийнханд хамаатай биш, монголчуудад бүгдэд нь хамаатай.

Сонирхуулахад, Хөвсгөл далай нь дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувь, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 40 хувь, Азийн цэвэр усны нөөцийн 4 хувийг тус бүр бүрдүүлдэг байна.

Сайд Н.Батцэрэгт дайсан үгийг энэхүү линкээр үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж