-ДАШТ-ийн сүүлийн өдөр буюу маргааш манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 70 кг-д Б.Анхбаяр, 70 кг-д П.Өнөрбат, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдана-
АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд нар мөнгөн медаль авсан бол О.Үйтүмэнд VII байрт орлоо. Б.Номин, С.Цэрэнчимэд нарын жин олимпийн жин биш бөгөөд 81 кг-д барилдсан О.Үйтүмэнд энэхүү эрх ойрхон байсан юм.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан Б.Номин Энэтхэг, АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан ч финалын барилдаанд дэлхийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтай барилдаж ардаа алдаж дэвжээнд шахах мэхэнд нь хэдэнтээ орж 0:10 онооны харьцаагаар хожигдлоо.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Дэлхийн аварга С.Цэрэнчимэд Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожин мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанаа Украины бөх Оксана Гергелитэй хийж, 4:0, 6:7 онооны харьцаагаар хожигдсон ч дэлхийн аваргын хос медальтан боллоо.С.Цэрэнчимэд өнгөрсөн жил Узбекстанд болсон дэлхийн аваргад энэ жиндээ түрүүлсэн юм.
Photo by Tuvshee Tavantsagarig (Ц.Энхтүвшин, Таван цагариг)
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн олимпийн эрхийн төлөө Болгарын бөх Михаил Петров Ганевтай барилдсан ч 0:11 онооны харьцаагаар хожигдлоо.
Б.Номин, С.Цэрэнчимэд нарын жин олимпийн жин биш бөгөөд 81 кг-д барилдсан О.Үйтүмэнд энэхүү эрх ойрхон байсан юм.
Энэ жинд нийт 43 бөх барилдсанаас О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт Польшийн бөх Радослав Марсинкиеийг цэвэр хожиж, хоёрдугаар тойрогт Киргизийн Даниур Кобонов эмчийн магадлагаагаар дэвжээнд гарч ирээгүй учир манай бөх ялалт авсан. Тэрбээр гуравдугаар тойрогт ОХУ-ын бөх Абдулрашид Садулаевт оноогоор явагдсан ч дагах барилдаанд Японы бөх Ацуши Мацүмотог 5:4 онооны харьцаагаар хожсон. Улмаар олимпийн эрхийн төлөө Болгарын Михаил Петров Ганевтай барилдаж, 0:11 онооны харьцаагаар дийлджээ. О.Үйтүмэн Болгар бөхийг хожсон тохиолдолд олимпийн эрхээ авч улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан юм.
Мөн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОХУМ Д.Хүдэртулга нэгдүгээр тойрогт Туркийн бөх Ибрахим Болукбаст барилдахдаа баруун хөлөө алдаж оноо алдсаар 0:4, 1:4 онооны харьцаагаар хожигджээ.
2015 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын сүүлийн өдөр болох маргааш эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 74 кг, 125 кг жингийн барилдаан болно.
Манай улсаас 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр, 70 кг-д Батчулууны Анхбаяр, 70 кг-д Пүрэвжавын Өнөрбат, 125 кг-д Жаргалсайханы Чулуунбат нар барилдах юм.
"Лас-Вегас-2015" ДАШТ-ээс манай баг тамирчид одоогоор нэг алт, хоёр мөнгөн медаль аваад байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Соронзонболдын Батцэцэг дэлхийн хошой аварга болсон бол эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд нар мөнгөн медаль авлаа. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Ганзоригийн Мандахнаран, эмэгтэйчүүдийн 69 кг-д Очирбатын Насанбурмаа нар шагналт V байр, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Үйтүмэн VII байрт орлоо.
Энэ жилийн ДАШТ-д жин бүртээ эхний зургаан байрт орсон тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авч байгаа билээ. Манай улсаас одоогоор эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болох юм.
БАРИЛДААНЫГ НӨХӨЖ ҮЗЭХ: www.youtube.com
ТЭМЦЭЭНИЙГ ШУУД ҮЗЭХ ЛИНК:
https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР