Д.Цогтбаатар: Оноос өмнө үлдсэн Элчин сайдуудыг оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Оноос өмнө үлдсэн Элчин сайдуудыг оруулж ирнэ

Ерөнхийлөгчөөс зургаан улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Уг саналыг өнөөдөр /2019.11.06/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ.

Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн саналыг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Нэр дэвшигчид тус бүрээр санал хураалт явуулахад бүгд 93.3 хувийн саналаар дэмжигдсэн юм. Энэ үеэр байнгын хорооны гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Манай улсын гадаад бодлогын нэн түрүүнд баримталдаг зүйл бол хоёр хөрш, гуравдагч, бусад улс гэж явдаг. Хоёр хөршид манай улсаас төлөөлж суух Элчин сайд нарын асуудал хамгийн түрүүнд орж ирэх учиртай. Өнөөдөр ОХУ-д суух Элчин сайдын нэр орж ирлээ. БНХАУ-д суух Элчин сайдын асуудал хэзээ орж ирэх вэ. Мөн БНСУ-д суух Элчин сайдын томилгоог яагаад оруулж ирсэнгүй вэ. Тус улсад манай улсын маш олон иргэд ажиллаж, амьдардаг. Мөн хоёр улсын хооронд яригдаж байгаа асуудлууд бий.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал:

Оруулсан ирсэн энэ зургаан хүний дараа дараагийн хүмүүсийн асуудлыг хэлэлцээд ойрын хугацаанд оруулж ирэхээр ажиллаж байгаа.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

Хоёр хөрш улсдаа бид тэргүүлэх ач холбогдол өгсөн бодлого явуулдаг. Тэр утгаараа хоёр хөршдөө суух Элчин сайд нарыг  өндөр шалгуураар судалж үзэж байгаа. БНХАУ-ын хувьд бол одоогоор Элчин сайд нь  ажиллаж байгаа. ОХУ-д Элчин сайд байхгүй учир энэ асуудлыг оруулж ирж байна. БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг Засгийн газарт өргөн барьсан байгаа.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Байнгын хороо, чуулганаар Элчин сайд нарыг оруулж гишүүд захих үгээ хэлээд явуулдаг л даа. Харамсалтай нь Ерөнхийлөгчид таалагдахгүй гацчихдаг. Ерөнхийлөгч өөрөө орж ирээд энэ хүмүүсээ томилуулахыг дэмжиж байна гэсэн амыг нь асууж баймаар байна. Хоёрдугаарт ҮХЦ-ийн даргыг огцруулаач ээ. Шившиг болж байна. Монголын төр, Монголын бүсгүйчүүдийг доромжилж байна.

Аюулгүй байдалгадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

Засгийн газраас Ерөнхийлөгчид өнгөрөгч тавдугаар сарын 22-нд санал өргөн мэдүүлсэн. Оруулж ирсэн хүмүүс дотор хоёр хүнийг  Ерөнхийлөгч үлдээгээд зургаан хүнийг нь оруулж ирсэн. БНСУ-д суух Элчин сайдаар Д.Даваасүрэнг, Австралид суух Элчин сайдаар Н.Анхбаярыг томилох саналаа Засгийн газраас хүргүүлсэн. Энэ хоёр хүнийг яагаад оруулж ирээгүй юм бэ, үндэслэл нь юу вэ.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал:

Оруулсан ирсэн энэ зургаан хүний дараа дараагийн хүмүүсийг оруулж ирэхээр ажиллаж байгаа. Энэ дунд БНСУ болон Австралид суух Элчин сайдад Засгийн газраас нэр дэвшүүлсэн Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарын асуудлыг судалж байгаа. Ойрын үед шийдэгдэнэ.

УИХ-ын гишүүн А.Ундраа: 

Ш.Батцэцэг нэр дэвшигчийн хувьд өмнө нь Индонез улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тухайн үед Монгол Улсын соёлоо сурталчлах хоёр улсын харилцааг өргөжүүлэх чиглэлд маш сайн ажилласан.  Куб улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа. Аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлд нөөц бололцоо өндөр байгаа. Энэ талаар нэр дэвшигчийн байр суурийг асууя. Мөн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар орж ирсэн Д.Даваа нэр дэвшигчийн хувьд өмнө нь ажиллаж байсан туршлага чиглэлийн хувьд батлан хамгаалахын чилгэлд харилцаагаа аваад явахад бүрэн бэлтгэгдсэн хүн. Худалдааны тэнцэл сайнгүй байгаа. Суугаа орондоо худалдааг өргөжүүлэх чиглэлээр яаж өргөжүүлнэ гэж бодож байна вэ. НҮБ-ын төлөөлөгчдийн газрын тухайд Энхийг сахиулах ажиллагаанд манайх идэвхтэй ажиллаж байгаа.  Энхийг сахиулах хүчний үйл ажиллагаа НҮБ-ын санхүүжилтийн бэрхшээлтэй уялдаатайгаар манай улсын Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх санд төсөв мөнгө нь орж ирдэггүй асуудал бий.    Үүнд анхаарч ажиллахыг хүсье.

Куба Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад нэр дэвшигч Ш.Батцэцэг: 

Хэрвээ Кубад улсад Элчин сайдаар томилогдвол хавсран суух зургаан орон байдаг юм билээ. Индонезид би АСЕМ-ийн 10 оронтой байнга ажил хэргийн холбоотой байсан. Харин Кубын орчимд байгаа өмнө зүгийн улс орон хоорондоо  хол юм билээ. Гэхдээ хүрч ажиллахын төлөө ажиллана. Индонезид байгуулсан Монголын соёлын төв одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад би сэтгэл хангалуун байдаг юм. Харин Куба улсын хувьд бүгд төрийн өмчит газар учир эдийн засгийн харилцааг дээшлүүлэхэд асуудалтай. Гэхдээ миний хувьд хичээх болно. Хоёр талын харилцааг төрийн алба хооронд хөгжүүлэхэд анхаарч үзэж байна. Куба улс аялал жуулчлал маш өндөр хөгжсөн. Манайд аялал жуулчлал явуулах саналаа тавьсан юм билээ.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа:

Манай гадаад бодлогын үндсэн чиглэл болох хоёр хөршийн нэгд нь намайг томилохоор оруулж ирлээ. Хэрэв намайг томилбол монгол төрөөс надад өгсөн том хариуцлага гэж ойлгож байгаа.

Хууль дүрэмд заагдсан үндсэн чиг үүргийн ажлаа хийхээс гадна эдийн засаг, худалдаатай холбоотой асуудалд онцгой анхаарч ажиллана. Бүхий л боломжоо дайчлан ажиллана. Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,  бараа бүтээгдэхүүнээ сурталчилчих, чөлөөт худалдааны хэлэлцээр, тарифын асуудалтай холбоотой санаачилга гаргаж ажиллахаар төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн С.Батболд: 

Дипломт албаны хууль тогтвортой ажиллах боломжийг хэр хангаж өгсөн бэ? Сонгуулийн өмнө тулаад томилогдохоор сонгуулиар улстөржөөд явдаг. Би 2012 оныг сайн санаж байна. Зарим нь томилогдоод зургаан  сар болоогүй, хуулийн хугацаа нь болоогүй байхад эргүүлэн татагдаж, дуудагдсан. Гэтэл энэ нь гадаад талдаа яасан хариуцлагагүй этгээд вэ, томилогдож удаагүй эгүүлэн татчихлаа, энэ нөхөр тааруухан нөхөр гэж ойлгодог байх. Эсвэл энэ улсын бодлого нь савлагаатай юм байна гэж сөргөөр л дүгнэх нь тодорхой.  Олон газруудаас сонгууль болоход жил хүрэхгүй хугацаанд дуудагдаад ирсэн. Үүнийг хэр зохицуулж байна вэ. Манай үе үеийн ГХ-ны сайд нар мэргэжлийн хүмүүсээ томилуулах хүсэл байдаг. Үүнд хөрш орны хувьд улстөрчдийг томилох асуудал гардаг. Энэ удаад үндсэндээ мэргэжлийн дипломатууд голлож орж ирсэн учраас дэмжиж байна.Цаашдаа ч гэсэн энэ мэргэжлийн зарчмаа барьж ажиллаарай. Одоо цаана нь нэлээд хэдэн орны Элчин сайд нарыг томилох асуудал бий. Хэзээ оруулж ирэх вэ. Ондоо багтааж оруулж ирэх боломж бий юу. Д.Цогтбаатар сайд хуулиа сайн барьж ажиллаж байгаа.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

2016 онд баталсан Дипломат албаны шинэ хуульд  Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох дипломат ажилтнуудын томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчилсөн. Ажлын шаардлага хэрэгцээгээр томилогдоод явсан хүмүүсээ яамны зүгээс ажлыг нь гүйцээж, дуусгах  бодлого барьж байгаа. Нөгөө талаараа хуулиа биелүүлээд ажиллаж байгаа гэсэн үг. 2016 оны хуулиар баталсан дөрвөн жилийн хугацааны хувьд одоо томилогдож байгаа Элчин сайд нарт  үйлчилж эхэлнэ. Мэргэжлийн хүмүүсийг томилох зарчмыг барьж ажиллахыг хичээж байгаа. Энэ зарчмаа ч цаашид хатуу баримтална. Бусад Элчин сайд нарыг энэ ондоо багтааж оруулж ирэхээр бид өөрсдийн зүгээс ажиллана. Гэхдээ бусад оролцогч талтай ойлголцлыг бүрдүүлж байж оруулж ирдэг асуудал  учраас цаг хугацаа ордог.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Зургаан нэр дэвшигчийг бүхэлд нь дэмжиж байна. Гадаадад ажиллаж байгаа Элчин сайдууд бол манай гадаад бодлогын төрийн аргамж, аюулгүй байдлын үзэл баримтлалыг ягштал баримталж явах ёстой албан тушаалтан Элчин сайд гэдэг үг  бол маш утга учиртай үг. Энэ дотор анх удаа Элчин сайд болж байгаа хүмүүс ч байна. Өмнө нь Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс ч байна. Хоёр хөрш дээр улс төрийн том зүтгэлтнүүд ажиллаж байсан уламжлал байгаа. Эцсийн эцэст туршлагыг хардаг байсан. Өмнө нь Элчин сайдуудыг хугацаанаас өмнө буулгадаггүй байсан. Энэ олон жилийн хугацаанд гологдлоо, ингэлээ, тэглээ эгсэн асуудал ч гардаггүй байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд их өөрчлөгдлөө. Гадаадынхаас бид ичиж байна. Ялангуяа Шведэд гэхэд гурван жилийн дотор хоёр ч Элчин сайд солигдлоо. Одоогоор Элчин сайдгүй. Мөн Солонгос Улсад Элчин сайд байхгүй. Тэнд ажиллаж, сурч байгаа манай улсын иргэдийн эрх ашиг, улсын эрх ашиг гэж байгаа. Томилгооны хүнд суртал арай л хэтэрлээ. Шат шатандаа Элчин сайдуудыг яаралтай томилж явуулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж