Засаглалын хямрал үргэлжлээд удаж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Засаглалын хямрал үргэлжлээд удаж байна

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш:

ДАРХАНД ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ҮРГЭЛЖЛЭЭД УДАЖ БАЙНА

 

-Дархан-Уул аймгийн АН, МАХН, МҮАН-аас  хамтарсан мэдэгдэл гарган Ерөнхий сайдад хандан Засаг даргаа огцруулах тухай шаардлага хүргүүлсэн байна. Гурван нам хамтарч мэдэгдэл гаргасан төдийгүй, МАН-аас томилогдсон Засаг дарга аль хэдийнээ эрх зүйн чадамжгүй болсон гэж үзэж буй нь олны анхаарлыг татлаа. Хамтарсан шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлах уу?

-Энд улс төрийн зорилго биш Монгол Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр хамгийн гол үндэслэл суурь нь болж байна. Гурвын гурван нам хамтран мэдэгдэл гаргасны учир нь МАН Дарханд Засаг даргаа томилон ажиллуулах боломжгүй болсонд, нэг ёсондоо ард түмний зөвшөөрөлгүйгээр эрх мэдэл эдэлж буй нь хууль бус, нэгэнт эрх зүйн чадамжгүй болсон нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдэгдсэнтэй шууд холбоотой. Манай аймгийн ИТХ 33 суудалтай, олонх байж Засаг даргаа томилон ажиллуулах эрх авахын тулд дор хаяж 17 төлөөлөгчтэй байх ёстой. Өнөөдөр МАН 14 суудалтай, олонх биш болчихсон атлаа эдлэх ёсгүй эрх эдэлж байна. 2012 оны сонгуулиар гурав, 2013 оны нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн нэг, нийт 4 хүн сонгуулийн хууль зөрчиж сонгогдсоныг гурван шатны шүүх эцэслэн тогтоож, шийдвэрээ гаргачихсан. Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг ИТХ-аар хэлэлцэх, биелүүлэх эсэх тухай ярихгүй, үг дуугүй шууд хэрэгжүүлэх үүрэгтэй. АН-ын нэг нэр дэвшигч нь ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож АН-д 1 суудал нэмэгдсэн болно. Гурван суудал дээр нөхөн сонгууль зарлаж сонгуулийн үр дүнгээс шалтгаалж аль нам олонх, цөөнх болох нь шийдэгдэнэ. Гагцхүү одоо болтол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Шүүх засаглалын дархлаа, хараат бус байдал, эцсийн дүндээ хууль, шударга ёсны асуудал болж хувирлаа. Эрх зүйн чадамжгүй Засаг даргын гарын үсэг, гарсан шийдвэр хууль бус. Энэ бүхэн зуу гаруй мянган хүнтэй Монгол Улсын хоёр дахь том хотын аж амьдрал, нийгэм, эдийн засагт хортой үр дагавартай. Шударга ёс, шүүх засаглал, Монголын ардчилалд халтай үр дагавар нэгэнт үүсчихээд байгаа учраас гурван нам хамтран мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрт үндэслэн огцруулахыг Ерөнхий сайдаас шаардсан юм.

-МАН 2012 оны Орон нутгийн сонгууль, 2013 оны нөхөн сонгуульд хууль хэрхэн зөрчсөн юм бэ?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт байхгүй амлалт авч сурталчилсан, сонгуулийн зорилгоор 54 өрхөд газар олгосон зэргээр хууль зөрчсөнийг шүүх тогтоосон. Дандаа хасагдах, эргүүлэн татагдах заалттай зөрчлүүд. 

-Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Аймгийн ИТХ-ын даргад Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны тогтоол, захирамжаа ирүүлсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг ИТХ-ын даргад даалгасан. Ч.Цэндсүрэн 2015.06.08-ны өдөр ИТХ-ын даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ИТХ-д өгч үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн.

-Засаг даргын хууль зөрчсөн үйлдлүүдийг авч хэлэлцэх санал гаргасан ИТХ-ын төлөөлөгчдийн гэр бүлийг ажлаас халсан гэж мэдэгдэлд хүргүүлсэн байсан нь анхаарлын тэмдэг гурвыг тавимаар санагдсан. Гэр бүл, үр удмаар нь хоморголдог улс төрийн хэлсмэгдүүлэлтийн түүхийг монголчууд мартаагүй байгаа биш үү?

-Хэн нэг хүн буруутай байсан ч эцэг эх, ах дүү, гэр бүлд нь тохдоггүй нь хүнлэг ардчилсан нийгмийн үнэ цэнэт зүйл, мөн чанар нь гэж би боддог. Иргэдийн өгсөн итгэлээр эрхээ эдэлж, төсөв, татварын хөрөнгийг хууль бусаар зарцуулахыг зогсоох, хариуцлага тооцох үүргээ биелүүлэхээр ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийн ар гэр, ах, ээжтэй нь тооцоо бодож байгаа нь бүр байж боломгүй үйлдэл. Энэ чинь хэддүгээр зуун, хэдэн он билээ дээ. Аймгийн МАХН-ын дарга ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн ээж, МҮАН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч Г.Сүхээгийн ахыг улс төрийн зорилгоор хууль зөрчин ажлаас халсан. Итгэхэд хэцүү ч бодит үнэн нь энэ. Хүү чинь яасан их төсвийн хөрөнгө хамгаалдаг хүн бэ гээд ээжийг нь ажилгүй болгох явдал ардчилсан нийгэм байж болох уу, үгүй юу. Сэтгүүлч Та баримттай зүйл бичсэний төлөө, үүргээ биелүүлсэний чинь хариуд ээжийг тань ажилгүй болговол зөвшөөрч чадах уу? Эсвэл ахыг чинь хохироож, танд сануулга өгвөл яах ёстой вэ?   

-Засаг дарга төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх ямар зөрчил, баримт байдаг юм бэ?

-Цаг, цаас хэмнэж тодорхой хэдэн баримт дурьдая. Төсвийн хөрөнгөөр хувьдаа 4 өрөө орон сууц авсан. Албандаа шинэ Соната-7 машинтай мөртлөө дахин өндөр үнээр Ланд 200 машин төсвийн хөрөнгөөр худалдан авч хэрэглэж байна. Хуулийг ч, төсөв хэмнэх Засгийн газрын шийдвэрийг ч, цаг үеийн шаардлагыг ч үл хэрэгссэн байгаа биз дээ. Татвар төлөгчдийн хөлс хүчээ шингээж тушаасан мөнгөөр хувьдаа орон сууц худалдаж авахыг толгой дохин тэвчин зөвшөөрөх хууль ёсны эрх ч, сэтгэл зүрх ч алга. Улаанбаатар хотод амьдардаг эхнэрээ Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр тавиулж, Төрийн бус байгууллагынх нь байрны дээврийг төсвийн мөнгөөр засуулсан. Хань нөхрийн хувьд халамжилж болно, ард түмний мөнгөөр хайрлаж болохгүй. Хууль нь тийм юм. Засаг дарга, түүний эхнэрийн тав тухад зарцуулсан ард түмний мөнгийг ард түмэнд нь зориулах үүрэг, түүнийг хянах эрх бидэнд бий. Өчнөөн олон томилгоонд сонгон шалгаруулалт, хууль ёсны өрсөлдөөн гэдэг зүйлийг бүрмөсөн мартсан, ах дүү садандаа албан тушаал бэлэглэсэн.  Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, журам, Сангийн сайдын тушаалыг зөрчин намынхаа залуучуудын байгууллагын “Мөнгөн сарнай” ёслолыг төрийн мөнгөөр ивээн тэтгэсэн. Ард түмний мөнгийг ёолконд үрэх эрхгүй. Хоёр талцаж, баян ядуугаараа дуудалцаад яваа МАН-ын залуучуудын байгууллагын аймгийн салбар бусдын мөнгөөр ёолкодсон хэрэг. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай, Төрийн албаны тухай, Нийтийн ашиг сонирхлын тухай зэрэг хуулиуд, Засгийн газрын тогтоолыг удаа дараа зөрчсөн учраас аймгийн ИТХ-ын 12 төлөөлөгч авч хэлэлцэх санал гаргаад, ах, ээжээ хохироогоод тэмцэж байна даа. Өөрийн амраг хань, ах дүүгээ хууль зөрчин томилдог, халамжилдаг, үнэн үг хэлсэн хүний аав ээжтэй өш хонзон боддог үйлдлийг таслан зогсоохгүй бол болохгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газар хууль тогтоомжоо биелүүлж, шүүхийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Засгийн газар болон аймгийн төсөвт хэн нэгэн даргын хувийн сууц, эхнэрийн дээврийг засах мөнгө ч, хуулийн боломж ч байхгүй гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Удаа дараа хууль зөрчсөнд нь хариуцлага тооцох ёстой бүхэл бүтэн аймгийн ИТХ ажиллахгүй, хуралдахгүй байгаа гацааг арилгах, Засаг дарга нь нэгэнт эрх зүйн чадамжгүй болсныг өөрчлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс тэмцэлийг хийж байсан. Үүний үр дүнд ЗГ-ын ХЭГ-ын дарга С.Баярцогтоос аймгийн ИТХ-ыг хуралдуулах тогтоол хүргүүлснээр наймдугаар сарын 31-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж есдүгээр сарын 15-нд ИТХ-ын хурлын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж эдгээр асуудлыг шийдэхээр болсон байгаа.

-Дарханд цаг агаар ч, улс төр ч халуун байгаа юм байна. Энэ далимд Л.Наранбаатар бил үү дээ, нэг залуу өөрийгөө Дархан-Уул аймгийн АН-ын дарга гэж зарлаад, шинэчилнэ, өөрчилнө гэж зурагтаар их гардаг байсан. Одоо АН-ыг өөрчилнө гэж ярилцлага өгөөд явдаг нь ямар учиртай юм бэ?

-Манай намын биш. МАН-ын НАМЗХ-ны гишүүн байсан, ялсан намыг дамжиж явдаг хүнтэй АН-ын асуудал ярих нь утга учиргүй юм. Асуусан болохоор хариулъя.Тэр хүнийг бид батлан дааж, бас итгэж 2012 онд АН-д элсүүлсэн. АН-аас Хонгор суманд ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн.Улаанбаатарт оршин суугаа хаягтай хэрнээ Шарын голд харъяалалтай гэж худал хэлж, тухайн үед хэрэглэгддэг байсан шар наалтыг хуурамчаар наагаад дэвшсэнээс болж Дарханых биш гэж хасагдсан.Хүн амьдран суугаа хаягаа санаандгүй биш санаатай мэдэхээ больж таарна. Мэдээж АН-ын нэрдэвшигч хасагдаж, МАН бөхөөр бол элэг бүс тайлуулж нэг суудал авсан хэрэг. Бид ч итгэж ханахгүй, тэр хүн ч энэ намын итгэлээр тоглож ханахгүй юм болсон. Ингээд АН-ын хороонд танилцуулж, итгэл хүлээлгэж, аймгийн намын дарга болгосон.Уул уурхайн яаманд газрын дарга болохын тулд аймгийн АН-ын даргаас  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. АН-ын жирийн гишүүн байхаас ч татгалзсан. АН-ын гишүүнчлэлээ албан тушаалаар солихыг хүссэн. Хүссэн албан тушаалдаа хүрч чадаагүй. Цагаан дээр хараар, цаасан дээр гараараа өргөдөл бичиж, АН-аас гарсан. Өөрийн гараар өргөдөл бичиж гарчихаад өрөөлөөс болсон гэж ярьдаг. Хонгор сумын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж, АН-ын саналыг хуваахыг оролдсон. Намаас гарчихаад нам шинэчлэх тухай ярьж, Дархан-Уул аймгийн АН-ын нэрийг бариад явж байсан. Сонгуульд бие дааж нэр дэвших зэрэг АН-д сөрөг үйлдэл удаа дараа гаргасан нь тэртээ тэргүй хөөгдөх шалтгаан. Өөрийн хүсэлтээр, албан тушаалд очихын тулд намаас гарсан бодит паакт. Тэгээд ч хоёр талцаж хэвлэлээр хаваржин биесээ муулсан МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүн байсан. МАН-ын хэсэг залуус намаа шинэчлэх хороо байгуулж ажиллаж байгааг бүгд мэднэ, аль ч нам дэлдэв өөрчлөлт шинэчлэлт ярих ёстой, гэхдээ МАН-ын шинэчлэлийн хорооныхон манай намын шинэчлэлд санаа зовох хэрэггүй. Өөр өөрийн намыг шинэчилж өөрчлөх нь үнэн ёсонд нийцнэ. Одоо бүр АН-ын дарга З.Энхболд руу хэвлэлээр дайрдаг болсон байна билээ. Өрсөлдөгч багийн хүнээр өөрийн намаа будлиулмааргүй байна. Нам намаа шинэчилвэл ямар вэ ? Улстөрд ч, улсыннаадамд ч унаж өгөх гэж биш давах гэж, шударга, ойлгомжтой өрсөлдөх ард түмэн хүсч шаарддаг. Миний бие Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хоёр удаагийн хурлаар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдан явуулсан хурлаас сонгогдсон. АН-ын дарга З.Энхболдын гарын үсэг, тамгатай надад олгосон итгэмжлэл байгаа.

-Төлбөртэй гэсэн дагалт зүүлттэй, Та бүхний эсрэг сөрөг сурталчилгааны мэдээ, материалыг хэвлэл сониноор тараадаг байсан. Жишээлбэл, АН-ыг ялагдуулахын тулд газар авсан гэх мэт утга санаатай материалын тухайд ямар хариулт өгөх вэ?

-“Шударга ёс худалдагдахаараа үхдэг” гэсэн үг бий. Төлбөртэй үнэн гэж байдаггүй байх гэж боддог. Хэдэн төгрөг төлөөд хэнийг юу ч гэж гүтгэж болох юм шиг боловч үнэн худлыг ялгадаг хууль, шүүх гэж бий. Хаана амьдардагаа андуурч өрсөлдөгчиддөө зориуд суудал бэлэглэдэг хүмүүс өөрсөдтэйгээ адилхан зүйл бодож олдог болов уу. Бид 2007 онд нээлттэй дуудлага худалдаагаар өрсөлдөж, 1,9 га газар эзэмших гэрчилгээ авсан нь үнэн. Хаалттай, өрсөлдөөнгүй, хямд авсан бол өөр хэрэг шүү дээ. Тэр газар дээр “Шинэ Дархан” худалдааны төв барьсан нь үнэн. Халуунд халж, хүйтэнд хөрч, худалдаа наймаа хийдэг, хэн хэндээ халтай хуучин зах Дарханд дангаар ноёрхож байсан нь төгсгөл болж, хүмүүс тохь тухтай орчин ажиллаж, үйлчлүүлж, 1000 орчим ажлын байр нээгдсэн нь үнэн. 72 орон сууц, 50 ортой цэцэрлэг 2, спорт цогцолбор, худалдаа, үйлчилгээ, оффисын барилгатай “Бурхант хотхон” 7-р хорооллын төслийг эхлүүлсэн нь ч үнэн. Уг нь улс төр биш бизнес. Хэрвээ тэднийхээр бизнес биш улс төр мөн юм бол өрсөлдөгч нь аль болох олон хүнийг ажлын байртай, ашиг орлоготой болгох төслүүдийг харин ч дэмжих биш унагахыг хүснэ биздээ. 2008 оны 12-р сарын 15-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс дээрх төслийг хэрэгжүүл гэж хэлэлцэж олгосон газрыг 2012 оны орон нутгийн сонгуультай зориуд холбож газрын авилга авсан гэх мэт гүтгэлэг нэг биш гарч байсан ч, хууль шүүх, үнэнээс айсануу, ахин дахин төлбөр төлж гаргахаа больсон шүү дээ. Сонгууль 20 жилийн дараа биш 1-4 жилийн дараа л болдог. Бид АТГ, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаж, үнэн мөнийг тогтоолгон, улс төрийн зорилгогүй гэдгийг нэгэнт нотолсон асуудал шүү дээ. “Тэргүүн” нэртэйгээр  анх 22 жилийн өмнө үүсгэн байгуулж, 2000 онд “Бурхан Халдунгрупп” болж өргөжиж ажиллаж байна.

Шууд ба шууд бус байдлаар нээгдсэн олон мянган ажлын байранд хөдөлмөрлөж байгаа иргэдээ ар гэртэй нь, уул уурхай, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт сэтгэл нийлэн зүтгэж байгаа хамт олныхоо хөлс зүтгэл, ажил хэргийн алдар хүндээ төлбөр төлж гүтгэгчдээр гутаалгамааргүй байна. Төлбөр авсан нь олон нийтэд түгээсэн мэдээллээ хариуцахгүй байх хамгаалалт болохгүй. Баримт нотолгоогүй бодит үнэнд нийцээгүй төлбөртэй, захиалгатай зүсэн зүйлийн нэр хоч өгсөн, хов жив хольсон гүтгэлгийн оролдлого бүрт хариултыг нь өгч байх болно. Хувь хүний, хамт олны, бизнесийн нэр хүнд үнэ цэнэтэй үнэт зүйл. 

-Та Дархан-Уул аймгаас төрсөн анхны манлай уяач цолтой хүн.

-Монгол үндэстнийг морьгүйгээр, хүлэг эрдэнээ дээдлэх ёс заншилгүйгээр төсөөлөх аргагүй. Морио унаж, морио дээдэлж, морио уралдуулж байгаа нь Монголоороо үлдэхийн утга учиртай, өвөг дээдсээс өвлөж ирсэн соёлоо үрхойчдоо залгуулж байгаа ариун их соёл гэж боддог. Монголоороо л үлдэх юмсан гэж хий санаашраад суухаас илүү бодитой оролцъё гэж хүсдэг. Хүлэг морьдоо өөрөө ч уяж сойгоод зогсохгүй, хурдан буян түгээсэй гэсэн сэтгэлээр аймгийнхаа сум бүрт хурдан удмын эрлийз азарга бэлэглэж байлаа.

Монголын үрс маш олон болтугай гэж бодож өөрийн төрсөн Дархан-Уул аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт 2 түргэний машин бэлэглэж, төрөх тасагт жирэмсэн эхчүүдийн сургалтын өрөөг тохижуулж өгч байлаа. 

Н.ЧИНБАА

/ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ./

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж