“I Love Mongolia түншлэл 2015” сэтгүүлчдийн баг 21 аймгаар аялж, мэдээ, сурвалжлага бэлтгэж эхлээд байна. Эзэн хааны өлгий нутаг Хан Хэнтий аймгаас эхэлж буй уг аялал нь орон нутгийн иргэдийнхээ өв соёл, түүх дурсгал, зорилго зорилт гээд олон зүйлийг нээж өгч олон таниулж буйгаараа онцлогтой юм.
Бид Чингис хотод дадал зуршил болсон гэмээр нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Тэд хотынхоо спорт цогцолборт өглөө бүр цуглан дасгал хөдөлгөөн хийдэг юм байна.
Дасгал хөдөлгөөн хийхэд оршин суугчдаа уриалж, хүүхэд, хөгшин гэлтгүй идэвхтэй оролцдог нь харагдаж байв. Энэ үеэр Чингис хотын гуравдугаар багийн Засаг дарга М.Чинбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Чингис хот спортын "Олимп" цогцолбортой болоод хэр удаж байна. Энэ цогцолборыг барихад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Аймгийн нийт иргэдийн хүсэлтээр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр "Олимп" цогцолбор ашиглалтад орсон. 191 сая төгрөгийн төсөвтэйгээр 2013 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орж байсан юм. Хүүхэд залуус, ахмадууд гээд манай аймгийнхан энд цагийг зөв боловсон өнгөрүүлдэг.
-Танай аймгийнхан өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх юм. Энэ бүр хэвшил болжээ?
-Аймгийн төрийн байгууллагын ажилчин, иргэд дасгал хөдөлгөөнд их идэвхтэй оролцдог. Зүүн дөрвөн аймгийн бүсийн хөдөлмөрийн тэмцээн энд болсон. Мөн Хэнтий аймгийн ахмадын урлаг, спортын наадам болдог. Ер нь энэ бол иргэдийн ирэх дуртай хамгийн гоё газар. Өмнө нь энд хогийн цэг байсан. Манай нутгийн хувьд “Архигүй Хан Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлж, энэ нь Монгол Улсын хэмжээнд үр ашгаа өгсөн. Одоогоор 1000 гаруй иргэн архинаас гарч, үр хүүхэд, хань ижилтэйгээ сайхан амьдарч байна. Мөн хүүхэд залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих хөдөлгөөн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан. Энэ жил бидний тарьсан мод одоо 90 хувьтай ургаж байна.
-Хэнтий аймаг хэдэн хүн амтай вэ. Таны бодлоор аймаг, орон нутгийн хөгжил дэвшил хэр байна вэ?
-Хэнтий аймгийн тухайд 70 гаруй мянган хүн амтай. Чингис хотын хүрээнд 21 мянган оршин суугчтай. 2013 оноос хойш хөгжил дэвшил чиглэлд илүү ахицтай байгаа. Манай аймаг Улаанбаатартай ойрхон учир дэд бүтэц сайтай. Амьжиргааны баталгаажих түвшин, иргэдийн орлого зэрэг асуудал эерэг сайн.
-Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал юу байна?
-Тун гайгүй. Гэхдээ хогны асуудал бий. Манай аймгийн хогийн цэг ойрхон. Зүүн хойноосоо салхилахаар айлуудын хашаанд хог хуримтлагддаг. Гэхдээ ирэх жилээс хогны үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Солонгосын хөрөнгө оруулалттай, дахин боловсруулах үйлдвэр барихаар төсөв мөнгө нь шийдэгдээд байна.
-Чингис хотын хувьд бусад аймгаас юугаараа онцлогтой вэ?
-Их том давуу талтай гэж боддог. Их хааны өлгий нутаг, их хаадын хатдууд өсөж торнисон гээд л бүхий л талаараа онцлог. Хэнтий аймаг бол Монголын тулгар төр байгуулагдсан газар учир энд аялал жуулчлал бүрэн төгс хөгжих боломжтой. Ирэх жилээс бид Чингисийн цогцолборт хүрээлэн барина. Мөн Улаанбаатараас наашаа түүхийн хөшөө дурсгал босгоно. Чингис хотоор дамжаад хойшоогоо Дадал, Биндэр, Дэлгэрхаан зэрэг сумыг оролцуулсан маш том аялал жуулчлалын хот байгуулахыг зорьж байна.
ЭХ СУРВАЛЖ: http://mnb.mn