МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ хийж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр /2019.11.06/ мэдээлэл хийлээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардлаа.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа татвар төлдөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 2020 ОНД НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН АМЛАЛТААСАА БУЦАЖ БАЙНА

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР: 

Монголын эдийн засаг, нийгмийн байдал хүнд байсан учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн эхний нэмэгдлийг бид хүлээн зөвшөөрсөн. Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна” гэлээ.

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.БАЯРАА: 

-Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх эрхтэй. Гэтэл бид маш хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшил, нийгмийн байдлыг харж үзээд Засгийн газар ОУВС-тай хамтран татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх асуудалд хүлээцтэй хандсан. Бодит байдал дээр хүнд зориулах ёстой хөрөнгө тендер, сангуудаар гадагшаа урсаж байна. Эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө Капитал банкны дампуурлаар дарагдаад алга боллоо. Энэ жил Монгол Улсын 2020 оны  төсвийн төслөөр татвар, шимтгэлүүдээ нэмж байна. Татвар нэмэгдэхийн хэрээр амьдрахад хүндээр тусч байгаа юм. Иймд МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байна.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана гэдгийг тодотгов. Тиймээс иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудыг улсын төсөвт тусгуулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарим арга хэмжээг авч ажиллах саналаа УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд дараах шаардлагуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. 1.Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  2. 2.НХХ-ийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал-“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байранд хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  3. 3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  4. 4.Цалин,  тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулах, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах

Монгол улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 5 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн бол 2019 онд ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдүүлсэн. Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийт 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
БурууБуруу
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж