Ливерпүүл хэсгээ тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Ливерпүүл хэсгээ тэргүүлж эхлэв

Ливерпүүл хэсгээ тэргүүлж эхлэв

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын хэсгийн шатны 4-р тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Урьд шөнө тэмцээний E, F, G, H хэсгийн тоглолтууд явагдав. Эдгээрэс Н хэсгийн 3 баг ижилхэн 7 оноотой болж хэсгийн өрсөлдөөн улам бүр сонирхолтой болж байгаа бол G хэсэг Германы Лайпцаг боломжоо хамгийн сайн ашиглан хэсгээ тэргүүлж, F хэсэгт Интер Миланы ирээдүй бүрхэг болж байгаа бол Ливерпүүл Е хэсгийг тэргүүлж эхлээд байна.

Е хэсэг:

  • Ливерпүүл 2-1 Генк (гоол: Ж.Виналдум 14’, А.Окслейд-Чемберлайн 53’, М.Саматта 40’)

Герман мэргэжилтэн Ю.Клопп энэ удаа мөн л өмнөх тоглолтын адил гарааны бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт хийж Ж.Милнер, Д.Ориги, Н.Кейта, А.Окслейд-Чемберлайн, Ж.Гомез нарыг гараанд гаргасан. Гэхдээ Ливерпүүл клубт хожил авахад асуудал байсангүй. Эхний хагаст 1-1 харьцаатай байсан бол А.Окслейд-Чемберлайн 53 дахь минутанд багтаа тэргүүллийг авчирсан гоолыг оруулсан. Ийнхүү Ливерпүүл Бельгийн Генкийг талбайдаа буулгаж авсан бол нөгөө талд Австрийн Зальцбург клуб Италид очин Наполи клубтэй талбайд нь тэнцэснээр Ливерпүүл хэсгээ тэргүүлэх боломжтой болсон.

  • Наполи 1-1 Зальцбург (гоол: Е.Аланд пен 11‘, Х.Лозано 43’)

Италийн Наполи талбайдаа оноо алдсан бол Австрийн Зальцбург клуб энэ тоглолтонд маш сайн бэлтгэж ирснээр оноо салгаж чадлаа. Энэ тоглолтонд Зальцбург клубээс өнөөх л 19 настай Норвеги хүү Е.Аланд 10 дахь минутанд 11 метрийн цохилтоор гоол оруулж аваргуудын лигийг 6 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Зальцбург клубын довтлогч Е.Аланд энэ улирлын аваргуудын лигийн оролцсон тоглолт бүртээ гоол оруулж байна.

F хэсэг

  • Барселона 0-0 Слава Прага

Энэ жилийн аваргуудын лигт Барселона клуб 2 дахь удаагаа тэнцэж байна. Хэсгийн эхний тоглолтондоо Боруссиа Дортмунд клубтэй талбайд нь тэнцээд байсан бол энэ удаа даруухан амжилттай Чехийн Прага багтай өөрсдийн талбай дээрээ хуурай тэнцэж оноо алдав. Хэдийгээр гоолгүй тэнцээгээр өндөрлүүлсэн ч хэсгийн тэргүүллээ хадгалсан хэвээр үлдсэн.

  • Боруссиа Дортмунд 3-2 Интер Милан (гоол: А.Хакими 51‘, 77’, Ж.Брандт 64’, Л.Мартинез 5’, М.Вецино 40’)

А.Контегийн шавь нар тоглолтын төгсгөлийг муу хийсэн бол Германы Боруссиа Дортмунд талбайдаа гайхалтай эргэн ирэлт хийж чухал хожил авч чадлаа. Тоглолтын II хагас эхлэхэд зочид 2-0 харьцаатай тэргүүлж байсан бол талбайн эздээс жигүүрийн тоглогч А.Хакими 2, Ж.Брандт нэг гоол оруулж багтаа ялалт авчирлаа. Энэ хожил бол дараагийн тоглолтоо Барселонатай учиртай Боруссиа клубын хувьд маш чухал байсан юм. Интер Милан клубын хувьд нөхцөл байдал хүнд болж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын хэсгээс шалгарч чадаагүй дүр зураг давтагдахад ойрхон байна.

G хэсэг

  • Зенит 0-2 Лайпцаг (гоол: Д.Демме 45+5‘, М.Забицер 63’)

Оросын Зенит аваргуудын лигийг Лионтой тэнцэж, Бенфикаг хожин тун боломжийн эхлүүлээд байсан ч 2 тоглолт дараалан Германы Лайпцаг клубт хожигдов. С.Семакийн залуус талбайдаа юу ч хийж чадалгүй байсаар хожигдож хүнд байдалд орж байгаа бол Германы Лайпцаг өөрт олдсон боломжоо хамгийн сайн ашиглан “амьдрал”-н хэсгээ тэргүүлж байна.

  • Лион 3-1 Бенфика (гоол: Ж.Андерсен 4‘, М.Депай 33’, Б.Траоре 89’, Х.Сеферович 76’)

Францын Лион клубын довтлогч М.Депай энэ жил маш сайн тоглолтыг үзүүлж байна. Энэ улиралд багийнхаа төлөө аваргуудын лигт оролцсон бүх тоглолтондоо гоол оруулж байгаа бөгөөд энэ удаа мөн Бенфика клубыг хожиход хувь нэмрээ оруулж гоол оруулсан байна. Лион клуб үлдсэн 2 тоглолтоос нэг хожил авахад дараагийн шатанд шалгарна.

Н хэсэг

  • Челси 4-4 Аякс (гоол: Жоржиньо пен 4‘, пен 71’, С.Аспиликуэта 63’, Р.Жеймс 74’, Т.Абрахам авто 2’, К.Промес 20’, Кепа авто 35’, ван де Бейк 55’)

Лампардын шавь нар талбайдаа 55 дахь минут хүртэл хожигдож тун ээдрээтэй байдал бий болсон. Гэхдээ тоглолтын 70 дахь минутанд Аякс клубын 2 төвийн хамгаалагч улаан карт авч талбайг орхисон нь эргэлтийн цэг байсан болов уу? Ямартаа ч талбадаа тэнцэснээр 7 оноотой болж байна.

  • Валенсиа 4-1 Лилль (гоол: Д.Парежо пен 66’, А.Соумаоро авто 82’, Г.Кондогбиа 84‘, Ф.Торрес 90’, В.Осимен 25’)

Тоглолт нь орон тогтворгүй байгаа ч Валесиа клуб талбайдаа хожил авснаар 7 оноотой болж байна. Талбайдаа Францын Лилль клубыг хожсон ялалт тэдэнд хэсгээс гарах боломжийг хэвээр үлдээсэн. Энэ хэсэгт Валенсиа клубын хамт Аякс, Челси клубууд адилхан 7 оноотой байгаа бөгөөд энэ 3 багаас дараагийн тойрогт бүдэрсэн нь байдал хүнд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж