Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хүн болгоё!

Хүүхдээ хүн болгоё!

Сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний утас руу нэгэн иргэн хүүдээ зөвлөгөө авахаар ханджээ. Тухайн иргэн манай хүү хүнтэй харилцаж чадахгүй байна, ажил огт хийж сураагүй байна. Одоо би яах вэ? гэсэн асуултаа хариулт авахыг хүсчээ. Тус төвөөс танай хүүхэд хэдэн настай вэ? хэмээн асуухад тухайн иргэний хүү 31 настай байсан гэнэ. Гэхдээ энэ бол инээд биш, "ханиад". Учир нь, дээрх иргэнтэй адил асуудалтай эцэг эхчүүд манай улсад цөөнгүй бий.

Эдгээр иргэдийн хамгийн гол асуудал нь хүүхдээ бага наснаас нь ажил хөдөлмөрт сургаагүй явдал хэмээн сэтгэл судлаачид үздэг юм байна. Тодруулбал, монгол аав, ээжүүдийн нийтлэг шинж бий, "Ээ ивий минь, хөөрхий минь, хоёрхон настай амьтан юугаа ч хийж чадах вэ дээ, тоглоод, унтаад, хүүхэлдэйн киногоо үзээд л байвал болоо" гэсэн хандлага нь эргээд хүүхдийг хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодоггүй, гэртээ хийж чаддаг зүйл байдаггүй болгочихдог ажээ. Энэ мэтчилэн эцэг эхчүүдийн дунд "манай хүүхэд аягаа угааж чаддаггүй, төмс олигтой цэвэрлэж чадахгүй, зурагт үзээд хэвтэж байдаг яг л аквариумын загас шиг болчихлоо" гэсэн яриа гардаг гэнэ. Иймээс сэтгэлзүйчид гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарийг бий болгох хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүдэд зөвлөдөг ажээ.

Үүний зэрэгцээ, өнөөгийн нийгэм "болохгүй байгаа" гэсэн тодотголтой хүүхдүүд хаанаас бий болоод байна вэ гэвэл дахиад л гэр бүлийн асуудал гэв. Хүүхдүүд хүссэндээ тийм тодотголтой болдог биш. Өнөөх гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарь гэдэг зүйл байх ёстой гэнэ. Хүүхдийг ажилд эртнээс сургая гэвэл ажил үүргийн хуваарьт оролцуулах ёстой. Гэхдээ учиргүй есөн настай хүүхдийг гэрээ цэвэрлэ, дүүгээ асар, хичээлээ хий, хувцасаа угаа гээд байж болохгүй. Энэ бол есөн настай хүүхдэд хэтэрхий ахадсан ажил гэдгийг Сэтгэл судлалын үндэсний төвийн судлаачид хэлж байна.

Хүүхдийн нас, бие сэтгэцэд тохирсон үндсэн үйл ажиллагаа гэж байдаг. Жишээлбэл, хоёр настай хүүхэд гэртээ юу хийж болох вэ? гурван настай хүүхэд юу хийж болох вэ? тухай нийтлэг маш олон мэдээлэл байдаг гэдгийг сэтгэлзүйчид зөвлөжээ.

Тухайлбал, гэрийнхээ ахуйн хэрэглээний эд зүйлсийг цуглуулахаар явахдаа хүүхдээ дагуулаад яв. Түүнд хэдэн төгрөг өгөөд сардаа хэрэглэх гарын саван, шүдний оо гэх мэт ахуйн хэрэглээгээ авахуул, тухайн хүүхэд эцэг эхийнх нь өгсөн мөнгө хүрч байна уу, эсвэл сард гараа угаахад тэчнээн төгрөгийн гарын саван хэрэглэж байна вэ гэдэг ойлголтыг авч эхэлдэг гэнэ. Энэ үйл ажиллагаа нь хүүхдэд өөрт нь үнэхээр сонирхолтой байдаг бөгөөд явандаа хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгож эхэлдэг ажээ. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар, хүүхэд гурван настайгаасаа эхлэн аливаа зүйлийг ойлгох чадвар нь сайн байдаг бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг гэнэ.

Үүний зэрэгцээ, орчин үеийн гэр бүлд тулгамдаж буй асуудлын нэг бол ухаалаг утасны хэрэглээ. Энэ нь мөн л өнөөх гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарьт орно. Тухайлбал, танай гэр бүлд утасгүй өдөр, зурагт, wifi-аа унтраадаг өдөр гэж бий юу? Одоогийн хүүхдүүд гэх тодотголтой хүүхдүүд интернэт, цахим орчингүйгээр амьдралаа төсөөлөхгүй. Тэд бол бидний үеэс өөр, өөрсдийн гэсэн онцлогтой. Иймээс энэ хэрэглээг нь хязгаарлах боломжгүй гэдгийг судлаачид хэлж байна. Иймээс гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарьтай, утасгүй өдөр, зурагтгүй өдөр, wifi-аа унтраадаг өдрийг зарлан тунхаглаж, хэвшүүлэх нь чухал ажээ.

Монгол айл гэрт гэрийн журам, дүрэм, ажил үүргийн хуваарь тогтмол мөрдөгддөггүй нэг жишээ бий. Тодруубал, нийтийн тээврээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь гэр рүүгээ залгаж, махаа гаргаж байгаараа гэж хэлдэг гэсэн шог яриа бий. Энэ асуудал дахиад л өнөөх гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарийн асуудлыг хөндөж буй. Учир нь, тэр гэрт хэн нь махаа гаргачихсан байх талаар огт яриа өрнөөгүй байна гэсэн үг гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна.

Ялангуяа дөнгөж шинэ гэр бүл болж буй залуу хосууд тодорхой хэмжээгээр энэ зүйлсийг ярилцсан байх ёстой. Учир нь, энэ мэт жижигхэн зүйлс дараа нь хосын харилцаа, гэр бүлийн харилцаа дээр дахин гарч ирдэг, асуудал дагуулж эхэлдэг. Би яагаад заавал хувцсаа угаах ёстой юм вэ? гэх мэтчилэн. Бодоход энэ жижиг мэт асуудал боловч магадгүй тэр зүйл нь гэр бүлийг зөрчилд оруулаад байгаа чухал зүйл байх жишээтэй.

ГЭРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ ХҮҮХДИЙГ ЮУНД СУРГАДАГ ВЭ?

  • Хэм хэмжээ
  • Ёсзүй
  • Хүндэтгэх, хүндлэх
  • Хөдөмлөрийн үнээлх
  • Мөнгөний үнэ цэнэ
  • Дур сонирхол

Гэхдээ нэг өдөр ээж нь санаачлаад гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваарь гаргачихсан, дагаж мөрд гэвэл хэн ч түүнийг дагахгүй эсрэгээрээ тухайн гэр бүлд асуудлыг улам дэвэргэдэг ажээ. Иймээс яг хэзээнээс, яаж хэрэгжүүлэх, хэн хэндээ шаардлага тавих, тухайн дүрэм журмыг хэрэгжүүлсэн хүнд ямар урамшуулал олгох зэргийг тодорхой болгох нь зүйтэй гэнэ. Иймээс гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан, ярилцаж, гэрийн дүрэм, журам, ажил үүргийн хуваариа гаргах, цаашлаад долоо хоногт нэг, хагас сардаа нэг удаа гэр бүлийн хурал хийж байх нь гэр бүлд гарах үл ойлголцол, жижиг мэт боловч зөрчилд хүргэж буй асуудлыг шийдэхэд дэмтэй байдаг хэмээн сэтгэл судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж