УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн салбар компани болох “РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов, "Оросын төмөр замууд" НХН-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, өнгөрөгч 7 хоногт ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийх үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн Гүйцэтгэх захирал О.В.Белозёровтой хийсэн уулзалтын талаар дурдав.
“РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов энэхүү уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд “Оросын төмөр замууд” НХН оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, түүний барилгын ажилд оролцох болон дээд бүтцийн менежментийн удирдлагыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа.
Б.Энх-Амгалан сайд олон жилийн хамтын ажиллагаатай “УБТЗ” ХНН, “Оросын төмөр замууд” НХН хоёр байгууллага нь энэхүү төсөл дээр хамтарч ажилласнаар Монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг чадавхижуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
“РЖД Интернэйшнл” ХН-ийн төлөөлөгчид Б.Энх-Амгалан сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, дээрх асуудлыг нарийвчлан судалсны дараа хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ
Холбоотой мэдээ