Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Хоосон хашааг хаус болгосон амьдрал

Нийслэл хотод 210 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Үүнээс 42 мянган айл нь халаалтаа шууд цахилгаанаар шийдэх боломжтой. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш хотын утаа илт буурч байгаа ч утааг арилгах ажилд айл, өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдвэл том хувь нэмэр болох юм. Бид энэ удаагийн сурвалжлагаа хотын захын хороололд үлгэр жишээ амьдардаг иргэн Д.Доржийнд зочилсноо хүргэе.


Д.Доржийнх нийслэлийн захын хороолол гэгддэг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд амьдарч байна. Таван ам бүлтэй энэ өрхийн тохижилт, хотын төвийн хаусаас ялгарах зүйлгүй ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө  Дорж гэргийнхээ хамтаар хоосон хашаа худалдан авч хашаандаа алимны мод, сагсны талбай, ногоон зүлэг, тоглоомын талбай, сүүдрэвч зэргийг барьж тохилог амьдрах бүхий л орчныг бүрдүүлжээ.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг Д.Доржийн байшин гадна хашаанаасаа эхлээд өнгөлөг, үүдээр ороход урамтай аж. Бетоноор хашаагаа барьж, гол хаалгаа төмрөөр хийжээ. Хэв хийц гарган урласан байдал хийгээд хашаан дээрх зураг нь хүртэл улам өнгө нэмсэн гэлтэй. Д.Дорж алимны модоо тарьж тордох ихэд дуртай аж. Тэр ч бүү хэл гадна орчноос эхлээд байшингийнхаа булан бүрийг тэрбээр эвлэгхэн тохижуулсан байв. Онцлоход, Д.Доржийнх байшингийнхаа халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд байшиндаа орсноос хойш нэг ч удаа нүүрс түлж байгаагүй гэнэ. Ингээд зогсохгүй хашаандаа гүний худагтай учраас бохирын шугам болон халуун хүйтэн усны асуудлыг зуун хувь бүрэн шийджээ. Тэрчлэн энэ бүхнийг барихад тийм ч их мөнгө зарцуулаагүй гэнэ.

Энэ тухай тэрбээр ярихдаа “Хүн сайхан амьдрахын тулд аажим аажмаар амьдралаа дээшлүүлдэг. Тэр утгаараа эхнэр бид хоёр ер нь зүгээр сууж чаддаггүй. Ер нь хөдөлмөрлөж байвал л зүгээр. Үүнийг үр хүүхдүүдээ ч хэлдэг юм. Нэг хог байсан ч аваад хаячихдаг байвал сайхан шүү дээ” хэмээн ярих нь түүнийг ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэх мэт. Бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөрлөж, бүхнийг өөрийн гараар бүтээж ирсэн Д.Доржийнх хороондоо үлгэр жишээ өрхийн нэгээр шалгарсан гэнэ.

ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС УСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭЗЭЭ Ч МЭДРЭХГҮЙ

Өрхийн тэргүүн Д.Доржтой ярилцлаа.

Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Дорж гэдэг. Увс аймгийн Давст суманд төрсөн. Би 1984 онд ОХУ-д сургууль төгсөөд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 16 жил ажилласан. Хөдөлмөрийн нөхцөл, биеийн байдлаасаа болоод ажлаасаа гарсан. Би гурван хүүхэдтэй, хоёр ач, нэг зээтэй. Манай гэргийг Х.Отгоо гэдэг. Би ханьтайгаа ханилаад 29 жил болж байна. Манай хүн багш мэргэжилтэй. Бид хоёр залуугаасаа л наймаа хийж эхэлсэн. Шатах үедээ шатна, босох үедээ болж байсан. Одоо бол хүнээс дутахааргүй боломжийнхоо хэрээр сайхан амьдарч байна.

Хэзээнээс эхлэн гэр хороололд амьдрахаар шийдсэн бэ?

-2002 онд бид хоёр хот руу явъя гэж шийдсэн. Хотод ирээд манай хүн Нарантуул олон улсын худалдааны төвд бизнес эрхэлж эхэлсэн. Одоо ч наймаагаа хийсээр байгаа. Тухайн үед бид хоёр Эрдэнэтэд нэг өрөө байр, хоёр хүүхдээ орхичхоод амьдралын эрхээр Улаанбаатарт ирж ажлаа эхлэхээр шийдсэн. Дараа нь хотод ирээд эксел машинаа зараад наймаагаа эхлүүлсэн дээ. Тэгээд хүүхдүүд ч томорлоо. Ер нь байраа хүүхдүүдээ өгөөд гэр хороололд амьдаря гэж зоригтой шийдээд энэ газрыг зургаан жилийн өмнө авч байсан. Энэ байшингаа найзтайгаа нийлж бариад, аажим аажмаар бүтээн байгуулалт хийсэн. Зундаа цэцэг жимс тариад, ач зээ нар ирээд сайхан амьдарч байна. Манай энэ хавьд дуу чимээгүй, бухимдалгүй амар тайван байдаг. Байранд байхаар бид нар юу ч хийгүй  залхуу болчихдог шүү дээ. Тэгээд хашаандаа өшөө юу хийх үү гэж бодоод зундаа гудамжнийнхаа зэрлэгийг зулгаагаад, хашаандаа цэцэг тарьчхаад санаа амар сууж байна даа. Хүмүүс орж ирэхэд хүртэл урамтай байдаг юм.

Танайх байшингаа цахилгаанаар халаадаг гэж байсан. Хэрхэн халаалтаа шийдсэн бэ?

-Бид нар анх орохдоо гоё байшин барьж байгаа юм чинь өөрсдөө утаагаар бохирдуулаад яах вэ гэж ярьж байсан. Манайх 380 ваттын цахилгаан татуулахад тогны үнийг 70 хувь хөнгөлнө гэж байсан. Тэгээд их хөнгөлдөг юм байна гэж бодтол сард тогныхоо мөнгөнөөс 100 мянган төгрөг хөнгөлүүлдэг. Анх ороод эхний сар тогны мөнгө сая төгрөг гарахаар нь чинь зүрх “пал” гээл явсан. Тэгэнгүүт нь хүн дараагийн алхмаа бодож байгаа байхгүй юу. Юу гэхээр “цагийн хэрэглээ” гэдэг зүйлийг судалсаар байгаад тавиулсан. Өнгөрсөн сард тогны мөнгө 200 мянга гарсан. Ид ачааллын үед бид нарт тогны мөнгөний хөнгөлөлт маш их хэрэгтэй байна. Хүн өөрөө орчиндоо дасаад ирэхээр яаж тогоо хэмнэх вэ гэдгээ мэднэ шүү дээ.

Би тааралдсан хүмүүстээ “Танайх тогоо яаж байна, барилга баривал надаас асуугаарай” гэдэг. Эхний ээлжид цахилгаан, сан хоёроо зөв зохицуулчих юм бол тэгээд л асуудалгүй. Хүн мэддэг юм аа бусдад хэлэх шиг сайхан юм байхгүй шүү дээ.

Байшин хэчнээн метр квадрат талбайтай вэ. Хашаагаа бас гоё тохижуулсан харагдаж байна?

-Манай байшин нийтдээ 180 метр кв талбайтай. Ерөнхийдөө хүн орж ирээд бид хоёроос санаа авчих юм байна уу гэдэг байдлаар тохижуулсан. Зун бол манайд их гоё байдаг. Янз бүрийн цэцэг модоо тарьчихна. Хотоос ач зээ нар ирнэ. Зун манайхаас хөл хөдөлгөөн тасрахгүй дээ. Орон сууцанд байхад тавдугаар сард халаалт зогсчхоор даардаг биз дээ. Гэтэл бид нар сэрүүхэн өдөр дуртай үедээ паараа тавьчихна. Халаалтыг хэд дээр ч тавьж болно. Дараа хавраас сайхан саун барьчихъя гэж бодож байгаа. Заримдаа гудмаар явж байгаа хүмүүс манай хашааг их харна, орж ирж харах нь бий.

Бохирын шугам, халуун хүйтэн усыг хэрхэн яаж шийдсэн бэ?

-Манай бохирын шугам хоёр метр кольцо нь доошоо долоон метр явж байгаа. Ганц асуудал бохир байхгүй юу. Барилга барьж байгаа хүнд зөвлөхөд ганц  анхаарах асуудал бол цахилгаан сан хоёр байдаг. Тэр хоёрыг эхнээс нь шийдвэл айхгүй дээ. Харамч хүн арван удаа гэж үг байдаг. Муу хийгээд тавьчихвал арван удаа хийнэ шүү дээ. Тэрний оронд зоригтой хөдлөөд сан, цахилгаан хоёрыг найдвартай компаниар хийлгэмээр юм билээ.

Байранд амьдрах, гэр хорооллыг тохижуулаад амьдрах ил ялгаатай байх?

-Гэр хороолод амьдарч байна гэхээр хүмүүс нэг л буруугаар ойлгоод байдаг. Одоо харин хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж гэр хороололд хашаа байшин аваад газраа өмчилье гэсэн бодолтой хүмүүс их болчихсон байна. Ер нь бол алсаа бодох юм бол гэр хороололд сайхан амьдрах боломж байна. Эцэст нь үе залгамжлагдаад явна. Орон сууц бол хэзээ ч тэгэхгүй шүү дээ. Умгар байшинд ороод утсаа хараад хоёр тийшээ хэвтээд хийх юм байхгүй гэж боддог /инээв/. Үүнээс гадна орон сууцанд амьдарч байгаа хүмүүс усны үнэ цэнийг хэзээ ч мэдрэхгүй. Аливаа зүйлийг хүн өөр дээрээ тусч байж мэдэрдэг юм байна. Монгол Улсад усны нөөц ямар байгаа билээ. Усгүй болвол бид нар ямар орчинд яаж амьдрах вэ гэдэг маш эмзэг асуудал юм.

Таныг хорооныхоо хүүхдүүдэд ном тараадаг гэж сонссон?

-Бид нар боломжийнхоо хэрээр хүнд чаддаг ч бай чаддаггүй ч бай сэтгэлээр тус дэм болохыг хичээдэг. Манайх чинээлэг айл биш ч гэсэн хэдэн хүүхэд баярлуулья гээд хорооныхоо хүүхдүүдийг хүүхдийн баяраар, эрдмийн баяраар баярлуулсан. Хүн хөдөлмөрлөсөн мөнгөө хүнд зориулаад явна гэдэг сайхан байдаг байхгүй юу.

Энэ шийдлийг сонирхож байгаа залуу хосууддаа юу гэж зөвлөх вэ. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Залуу хүүхдүүдэд ирээдүйдээ уриалж хэлэхэд зоригтой алхам хийгээд эхний ээлжинд газраа авчих, дараагийн ээлжид нэг жилийн дараа юм аа цуглуулж байгаад барилга барихад маш хямдхан тусна.  Бараг сарын дотор байшин босно доо. Материал хямдхан болсон байхад яаж л бол яаж, ямар ч технологиор цахилгааны асуудал бүгд шийдэгдээд ороод ирсэн байна.

Хүмүүс цахилгаанаар халаана гэхээр айгаад байдаг. Цахилгаанаар халах чинь айхдаа гол нь биш. Цахилгаанаар халаахдаа яаж тог хэрэглэж байна, түүнийгээ хэрхэн хэмнэж яаж зохицуулах нь  гол нь юм.

БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСНААС ИЛҮҮ Л АМЬДАРНА УУ ГЭХЭЭС ДУТУУ АМЬДАРНА ГЭЖ БАЙХГҮЙ  ЮМ БАЙНА ЛЭЭ

Д.Доржийн гэргий Х.Отгоо ийнхүү ярьж байна.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Х.Отгоо гэдэг Увс аймгийн харьяат. Улаанбаатарт орж ирээд бид бараг арван хэдэн жил болчихлоо. Бид хоёр байранд амьдраад олон жил болсон тэгээд хоёр жилийн өмнөөс энэ байшингаа барьсан. Энэ хавьд агаар ус сайтайг мэдээд байранд амьдрахаа болиод гэр хороололд амьдардаг болохоор шийдсэн.  Хүн хичээл зүтгэлтэй, ажилласаг арчаатай бол гэр хороололд тав тухтай, тохилог амьдарч болно. Байранд амьдарч байснаас илүү л амьдарна уу гэхээс дутуу амьдарна гэж байхгүй л юм байна лээ. Хүний чармайлт хэрэгтэй гэж бодоод байгаа.

-Та хоёр ханилан суугаад нийт хэдэн жил болов? Хэрхэн амьдралаа зохиож байв?

-Одоо бид хоёр суугаад 30 гаруй жил болж байна. Үгүй яахав 1990 онд нийгэм хэцүү байсан юун хурим найр, хоёулаа тэгээл хоёр талаасаа ортой, чемодамтай  амьдралаа босгосон доо.

-Байранд байж байгаад гэр хороололд амьдрахаар ялгаа нь яаж мэдэгдэж байна вэ?

-Ялгаа нь гэхээр байранд болохоор бид нар нэг дөрвөн хананы дунд хийх юмаа олж ядаад, гэр орон, хоол хийж идчихээд гэртээ зурагтаа хараал сууна. Энд болохоор хийх юм ихтэй гадуур дотуур гарна, зун бол цэцэг навчаа усална. Тэгээд хүүхдүүд сагс теннис тоглоно, хүссэн үедээ гадаа гарч салхилах жишээтэй. Хэрвээ байранд байсан бол зурагтаа үзээд сууна. Одоо бодоход  хөдөлгөөн  хоригдоод байсан юм болов уу.  Түүнээс гадна түгжрэл байхгүй эндээс зах хооронд 15 минут явна.

-Та хоёр яг энэ шийдлийг сонирхож байгаа залуу хосууддаа юу гэж зөвлөх вэ?

Гэр хороололд өөрийн гэсэн сайхан эзэмшлийн газартай сайхан байр бариад авчих юм бол бүх юманд хязгаар тогтоохгүйгээр өөрийнхөө хүссэнээрээ юмаа хийнэ. Энд бол би тэрийг ингэж хиймээр байна тэгж хиймээр байна гээд хөөрхөн янз бүрийн санаанууд олбол гэр орноо тохижуулна. Тэгээл гадаанаа жимс ногоо тарина.  Тэнд  тийм юм тавьчихвал тийм юм хийчихвэл гээд хүнд их  гоё юм бодогддог. Гэхдээ заавал байшин барих нь чухал бус, барьсан байгаа юман дээрээ өөрчлөлт хийгээд өөрчлөөд цахилгааны асуудлаа шийдвэл зүгээр юм болов уу.

-Ярилцсанд баярлалаа. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
331
ЗөвЗөв
66
ГайхмаарГайхмаар
29
ХөөрхөнХөөрхөн
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж