Энгийн франц макарон хийх арга

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Энгийн франц макарон хийх арга

Энэ амттаны жинхэнэ амтыг амсаж үзээгүй боловч энд  байгаа боломжоороо хийж үзлээ. Эхний хийсэн макарон маань орой нь цөмөрч бүтэлгүйтсэн  бол хоёр дахь удаагийн туршилт амжилттай боллоо. Алдаагаа засч, орцоо зөв найруулж, зааврыг  сайн  унших  хэрэгтэй байсан байна. Гол орцыг Марта Стювардын жороос авч хийх аргыг энэ бичлэгээс харвал хийхэд их дөхөмтэй санагдсан. Бичлэг дээр байгаа арга зааврыг харж яг заасны дагуу хийснээр амжилттай боллоо. Нунтаг чихэр  бага байсан  болохоор элсэн чихрийн хэмжээг нэмж нунтаг чихрийг багасгаж хийлээ. Эхлээд хийхэд  энгийн заавартай макароноос эхлэхэд амар гэж бодлоо. Макароныг төрөл  бүрийн амтаар баяжуулж бэлтгэж хийж болдог байна. Шоколадтай, ваниллтай, жимстэй гээд төрөл бүрийн амтыг оруулж болдог.

Орцонд:

  • Алмондын нунтаг эсвэл нарийн зүссэн алмонд -70 гр

  • Өндөгний цагаан-2ш

  • Нунтаг чихэр 67 гр

  • Элсэн чихэр 100гр

  • Жимсний чанамал -хавчуурганд

  • Крем шахдаг уут-2 ш, хошуу

  • Калькан цаас

Хийх арга:

  1. Эхлээд шарах зуухаа халааж 180 хэмд халаана. Калькан  цаасаа бэлдээд цаасан дээрээ зайтай 2,5 см орчим дугуй хэлбэрээр харандаагаар зурна. Энэ нь  хэвээ шахахад  ижил хэмжээгээр шахахад хэрэг болно.

  2. Нарийн зүссэн алмондыг Siesta-ийн байдаг хоол бутлагчинд хийж нарийн гурил шиг болтол жижиглэнэ. Дээрээс нь нунтаг  чихрээ хийж сайтар  бутлана. Бутласан хольцыг шигшүүрээр сайтар шигшиж нарийн ширхэгтэй болгоно.

  3. Өндөгний цагааныг  элсэн чихэртэй хамт миксэрдэнэ. Эхлээд удаанаар дараа нь хурдтай миксэрдэхэд цагаан өнгөтэй өтгөн зуурмаг болсон  байна. Миксэрийн холигчийг өргөхөд зуурмаг гоожихгүй хөвсгөр тогтож байхаар байх хэрэгтэй.

  4. Өндөгний зуурмаг дээрээ хуурай нунтагаа хийж силикон хутгуураар folding technique буюу хутгаад эргүүл гэсэн аргаар 36 удаа хутгана. Дээрхи холбоосоор өгсөн бичлэгийг харвал тодорхой тайлбарласан байгаа.

  5. Бэлэн болсон зуурмагийг крем шахдаг уутанд хийгээд калькан цаасан дээрээ ижил хэмжээтэйгээр дугуй хэлбэрээр шахна.

  6.  Одоо зуурмаганд байгаа агаарыг гадагшуулахын тулд төмөр  тавцанг 3 удаа ширээний тавцантай хавсарч цохино.  Ингээд зуурмагны хий гадагшлахад жигнэх үед орой нь цөмөрдөггүй байна.

  7. Шарах зууханд 12 минут болгоход бэлэн  болно. Гаргаж ирээд хөргөөд хуванцар  саванд  хийж хөргөгчинд 24-48 цаг  байлгана. Ингэхэд жигнэмэг  маань зөөлөрч аманд  уусах  мэт амттай болсон байна.

  8. Хавчуурганд жимсний чанамал эсвэл тортны крем хийж болно.

Эх сурвалж: www.bulgaacafe.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж