ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүчирхийлэлд жендер хамаагүй!

Гэмтэл согог судлалын үндэсний төвд жилд насанд хүрсэн  5-7 эрэгтэй бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэж ханддаг байна. Эрчүүдийн хувьд бие махбодын шарх авахаас илүү сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртөх нь түгээмэл үзэгдэл  гэж тус эмнэлгийнхэн хэлсэн юм. Ийм төрлийн хүчирхийллийн хохирогч болсон эрчүүд ихэвчлэн ажилгүйдлээс болж эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь түгээмэл аж. Ихэвчлэн эхнэр болон хадмын талаас  ажилгүйдэлтэй холбож эдийн засгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлдэг байна. Тухайлбал, "үргэлж өөрийн олж ирсэн мөнгөнөөсөө жаахан ч хүртэх эрхгүй мэт аашлах",  "өдөр болгон хангалттай мөнгө олж ирдэггүй хэмээн дарамталж, хүссэн бүхнийг нь ямар ч асуулт эргэлзээгүй авч өгөхийг шаардах",  “Эрэгтэй хүн байж…” хэмээн үгээр идэж, “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх мэтээр аашлах нь сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр гэдгийг олон хүн анзаардаггүй болов уу.

СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ АМИА ХОРЛОЛТЫН ГОЛ ШАЛТГААН 

Эрчүүд маань  эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөнөө тэр бүрийд тоож ам нээдэггүй, сэтгэлдээ л шаналж явдаг нь цаг зуурын нас баралт, амиа хорлолтын нэг шалтгаан болдог байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвөөс 2017 хийсэн анхны томоохон хэмжээний судалгаагаар жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлодог гэсэн тоон мэдээ бий. Амиа хорлосон иргэдийн 84 нь эрчүүд бөгөөд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлодог аж. Иймд стрессээ зөв тайлж сурах, эрх нь зөрчигдсөн бол нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтод хайрцаглагдахаас илүү  холбогдох байгууллагад хандах нь  чухал болохыг хон зөвлөж байгаа юм. Эрчүүдийн эрх ямар үед зөрчигддөг талаар Хүний эрхийн үндэсний комиссын Реперент Г.Золзаяа “Аливаа юм хэт нэг тал руугаа хэтийдэхээр нөгөө тал нь орхигддог. Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий.  Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарт. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшсэн байдаг бол эрчүүдийг төрөлхийн тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг гэх ойлголтоос улбаалан эрэгтэйчүүдийн эмнэлэг хязгаарлагдмал байдаг.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг.Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай байгаа юм. Манай төвд ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн” гэлээ.

ЭРЧҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН Ч ЦАГДААД ХАНДДАГГҮЙ

Цагдаагийн байгууллагад ч бас гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие мах бодийн хохирол амссан гэж эрэгтэйчүүд дуудлага, мэдээллийг  маш цөөхөн өгдөг байна. Цагдаагийн ерөнхий газарт энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 28 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 800 гаруй хувь гэр бүлийн хүчирхийлэл. Хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхэд аж. Иймд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эрэгтэйчүүдийн тоон судалгаа байдаггүй аж. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хошууч Д.Болор “Гэр бүлийн хүчирхийлэл маргааныг  85-90 хувьд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд, үлдсэн хувийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөн хувийг нь эрэгтэйчүүд эзэлдэг. Цагдаагийн ерөнхий газарт ирүүлж буй гэмт хэрэг, маргааны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхэд өртдөг тул цагдаагийн байгууллагаас шалгадаг. Ямар ч хүн хувь хүний хувьд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхээ хамгаалуулах эрхтэй. Хэрэв эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж үзвэл хуулийн дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо өгөх бүрэн эрхтэй. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд эрэгтэйчүүд монгол хүний гүндүүгүй зан, аль эсвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэггүйгээс цагдаагийн байгууллагад ханддаггүй байж болно. Тиймээс эмэгтэйчүүдтэй харьцуулахад цагдаагийн байгууллагад хандах эрэгтэйчүүд харьцангуй бага” гэлээ.

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд бид эрчүүдээ буруутгахаас илүү эмэгтэй хүн ч ялгаагүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй биз ээ. Эрчүүдийн талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хүн бүрийн хандлага чухал. Магадгүй нөхөртөө, хүүдээ, хүргэндээ хэлсэн хатуухан үгээрээ хүчирхийлэл үйлдэж буйгаа анзаарахад илүүдэхгүй биз.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж