Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш АНУ-ын Лас-Вегас хотноо гурав дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр манай улсаас дөрвөн бөх барилдана. Эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт Шинэ Зеландын бөхтэй оноолт таарчээ.
Сүхээгийн Цэрэнчимэд 2014 онд Узбекстаны Ташкентад болсон ДАШТ-д түрүүлсэн билээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин Энэтхэгийн Бажранг, 86 кг-д О.Үйтүмэн Польшийн Р.Маркинцевич, 97 кг-д Д.Хүрэрбулга Туркийн И.Болукбашитай тус тус эхний барилдаанаа хийх юм.
Одоогоор манай нэг эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин барилдаанаа хийгээд байгаагаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Соронзонболдын Батцэцэг дэлхийн хошой аварга болсон бол эрэгтэйчүүдийн 65 кг-д Ганзоригийн Мандахнаран, эмэгтэйчүүдийн 69 кг-д Очирбатын Насанбурмаа нар шагналт V байрт орж, бүгд "Рио-2016" олимпийн наадмын эрхээ аваад байна.
Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болох юм.
Ч.БОЛ