Жил бүр маргаан дагуулдаг асуудлын нэг нь сурах бичиг болоод удаж байна. Сурах бичгийн тендерт шалгарч тэндээс өөрт ашиг унагах зорилготой томчуудын тэмцлийн хохирогч нь сурагчид болдог. Энэ жил ч уг асуудал давтагдлаа. Зарим сурагчид сурах бичиггүй явсаар хоёрдугаар улирлын хичээлийг эхлүүлээд байна.
Сурах бичигтэй холбоотой асуудал намдаагүй байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай гэрээ байгуулан сурах бичиг нийлүүлэх эрхтэй давхардсан тоогоор 10 гаруй компанийн нэг болох “Очир пресс” компани 43060 сурах бичгийг БНХАУ-д хэвлүүлэн, хилээр нэвтрүүлэх гэж байгаад Мэргэжлийн хяналтын байцаагчдад баригдсан юм. Ингэхдээ сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлсэн байсан тул хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн хэмээн зөрчил үүсгэж “Очир пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээногдуулаад өнгөрсөн байгаа юм.
“Очир пресс” компанийн захирал Б.Очирбатаас сурах бичгийг өөрийн компанид бус БНХАУ-д хэвлүүлсэн шалтгааныг, гэрээний дагуу хүлээсэн үүргийг ньлавлахад “Боловсролын яамтай 70 мянга гаруй сурах бичиг хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Сурах бичгээ хэвлээд явж байтал тоног төхөөрөмж эвдэрсэн тул хоног хугацаа алдахгүйн тулд БНХАУ-д үлдсэн 43060 сурах бичгийг хэвлүүлж оруулж ирсэн нь үнэн. Яагаад болохгүй гэж. Энэ талаарх шалтгаанаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд бичгээр тайлбарлан хүргүүлсэн байгаа. Урьд нь хэвлэсэн номоо түгээгээд дууссан. Сая оруулж ирсэн номоо түгээж байна. Боловсролын яамтай байгуулсан гэрээнд БНХАУ-д сурах бичгээ хэвлүүлж болохгүй гэсэн заалт байгаагүй. Бид хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг өглөө.
УРД ХЭВЛЭСЭН НОМ ОРУУЛЖ ИРСЭН НЬ НОТЛОГДВОЛ БИД
ШҮҮХЭД ХАНДАНА
Сурах бичигтэй холбоотой уг асуудал болон, хэзээ сурагчдыг сурах бичгээр бүрэн хангахыг БСШУСЯ–ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Тендерт шалгарсан компани сурах бичгийг өөр улсад хэвлүүлээд авч ирж болох уу?
-Тендерийн бичиг баримтад сурах бичгийг зөвхөн Монголд хэвлэнэ гэж заасан байгаа. "Очир пресс"-тэй холбоотой энэ асуудлын хувьд сурах бичгийг яг БНХАУ-д хэвлэсэн гэдэг нь тогтоогдоогүй байгаа.
-Гэхдээ тус компани урд хөршөөс сурах бичгийг оруулж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Энэ талаарх тайлбараа ч танайд хүргүүлсэн гэж байна. Тендерийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Манай яаманд энэ талаарх бичиг баримт ирээгүй. МХЕГ-ийн сайтад энэ талаар мэдээлсэн байсан. Гэхдээ МХЕГ, ГЕГ–аас энэ талаарх мэдээллийг албан бичгээр ирүүлсэн тохиолдолд мэдээлэл баталгаажна.
–МХЕГ, ГЕГ энэ талаарх албан бичгийг танайд хүргүүлэх үүрэггүй. Тодорхой байхад яагаад нотол гээд байгаа ем бэ?
-Хэрэв “Очир пресс” урд хэвлэсэн ном оруулж ирсэн нь нотлогдвол бид шүүхэд хандахаас өөрцгүй.
-Тендерийн шалгуур нь яг юу байдаг вэ?
-"Очир пресс" тендерийн шалгуур шаардлагыг хангасан тул гэрээ байгуулсан. Гэрээний дагуу "Очир пресс" VI ангийн түүх болон англи хэлний сурах бичгийг хэвлэж, түгээх үүрэгтэй. Азийн хөгжлийн банк ч сурах бичиг хэвлэх компаниудад шалгалт явуулсан. Техникийн хүчин чадал болон хүний нөөц зэрэг бүх зүйлсийг харгалзан сонгон шалгаруулсан. Бидэнд сурах бичиг хэвлэж байгаа, түгээхэд бэлэн болсон зураг нь ч бидэнд бий. Аль шатанд ямар алдаа гарсныг бид одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Давхардсан тоогоор 10 гаруй компанийн хэвлэж буй сурах бичгүүд хэзээ бүгд хэвлэгдэж, түгээгдэж дуусах вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн 6,7 болон 10, 12 дугаар ангийн сурах бичиг түгээгдээд дууссан. Харин 8, 9 ангийнхны сурах бичгийг түгээгээд эхэлсэн. Энэ сарын 11 гэхэд түгээгдээд дуусах гэрээтэй.
Мэргэжлийн хяналтын зүгээс хяналт шалгалтаас зайлсхийсэн гэх үндэслэлээр “Очир пресс” компанийг Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгосон гэдгийг мэдээлсэн юм. Мөн сурах бичгийг хураах үндэслэл байгаагүй, зөрчил гаргасан сурах бичгийг хилээр оруулах нь гаалийнхны цаашлаад БНХАУ-д үйлдвэрлэсэн номыг хүүхдүүдэд ашиглуулах нь гэрээгээ зөрчиж байгаа эсэх нь БСШУСЯ–ны мэдэх асуудал, манай зүгээс БСШУСЯ–нд энэ талаарх мэдээллийг албан ёсоор бичгээр хүргүүлэх шаардлагагүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Холбоотой мэдээ