"Н.Баяртсайханыг чөлөөлөөд Саарал жагсаалтаас гарахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

"Н.Баяртсайханыг чөлөөлөөд Саарал жагсаалтаас гарахгүй"

"Н.Баяртсайханыг чөлөөлөөд Саарал жагсаалтаас гарахгүй"

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгчийг өмөөрч дуугарсан ганц гишүүн нь байлаа. Яагаад ингэж өмөөрөх болов?  

-2016 оны сонгуулиар гишүүн болоод орж ирэхэд Монгол Улсын эдийн засаг маш хүнд байсан. 2012 онд  4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байсныг 2016 онд  Ардчилсан нам 980 сая ам.доллар болгож бууруулсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөөцийн дутагдал. Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бүгд буурснаас гадна иргэдийн банкинд итгэх итгэл нь буурсан. Монголбанкны өөрийн өр 3 их наяд төгрөгөөс давсан эдийн засгийн ийм хүнд нөхцөлд Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Цаг үеэ мэдэрсэн, маш зөв томилгоо боллоо гэж  тухайн үед би дүгнэж байсан. Н.Баяртсайханы хувьд өндөр боловсролтой, сайн эдийн засагч. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриндаа хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар Монголбанк  4 тэрбум ам.долларын нөөцтэй, 2018 оны гүйцэтгэлээр Монголбанканд 22 тонн алт тушаагдаж Монгол Улсын Эрдсийн санг арвижуулсан. Мөн Монголбанкны үндсэн өрийг нэг дахин бууруулсан зэрэг сайн үзүүлэлтүүд олон бий.

Хоёрдугаарт, банкны системийн холбогдох хуулиудыг шинэчилсэн. Үндсэндээ Валютын зохицуулалтын тухай хуулиас бусад бүх хуулийг шинэчлэн баталсан. Ингэснээр Монголбанкны  эрхзүйн орчин маш сайн бүрдсэн. Өмнө нь аливаа шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч дангаараа гаргадаг байсныг Төв банкны тухай хуулиар өөрчилж,  хамтын удирдлагын тогтолцоог бий болгосон нь хариуцлагын механизм дээшилж, ил тод болсон.

Гуравдугаарт, УИХ-аас жил бүр төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг баталдаг. УИХ-ын баталсан мөнгөний бодлогыг Төв банк барьж ажилладаг гэсэн үг. Хэрэв өнгөрсөн хугацаанд Төв банкны үйл ажиллагаанд дутагдал, доголдол гарсан бол тухайн үед нь УИХ яагаад хариуцлага  тооцоогүй юм. Энэ бүхэн нь тодорхойгүй атал саарал жагсаалт гэдэг сургаар мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг чөлөөлж байгааг зөв шийдвэр гэж үзэхгүй байна.

араагийн Монголбанкны ерөнхийлөгчөөр хэн томилогдох вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна. Гэхдээ дараагийн ерөнхийлөгч хэн байх нь чухал бус юу хийх вэ гэдэг нь чухал байх. Таны хувьд ямар хүн томилогдоосой гэж бодож байна вэ?

-Монголчууд үндсэндээ албан тушаалын “дон” туслаа. Сайд, дарга болно гэсэн л хүмүүс байна. Монгол Улсын хөгжлийн хоцрогдлын нэг нь томилгоо тойрсон асуудал. Томилгоо бүхэн дандаа буруу хийгдэж байгаа. Зүтгэлтэй, мэдлэг боловсролтой, чадвартай, эх оронч хүмүүсээ томилж чаддаггүй. Дарга нарын үүдэнд суудаг, дарга нарыг лоббиддог ийм хүмүүс албан тушаалд очдог. Монголбанкны ерөнхийлөгчөөр хэнийг оруулж ирэх нь үү, харж л байя. Ерөнхийлөгчөөр томилогдож очих хүнд бүрэн эрхийн  үндсэндээ 10 сарын ч  нас байхгүй. 2020 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламент нь дахиад л Монголбанкны ерөнхийлөгчөө солино. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 10 сарын дутуу байхад одоогийн ерөнхийлөгчийг солилоо гээд Монголбанкны системд өөрчлөлт гарахгүй. Авч байгаа хүнд  нь ч харамсалтай юм. Яахав Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэсэн нэр л үлдэх юм даа. Түүнээс биш үлдсэн богино хугацаанд ажлын үр дүн гарахгүй. Өнөөдөр иргэдийн банкинд итгэх итгэл, монгол төгрөгтөө  итгэх итгэл үндсэндээ алдарлаа. Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгчийг  чөлөөлснөөр нийгэмд сайн нөлөө үзүүлэхгүй. Хэчнээн сайн хүн томиллоо гээд Н.Баяртсайханы хэмжээнд ажиллана гэхэд хэцүү. Яагаад гэвэл ажил хийх хугацаа нь богино үлдсэн.

-Саарал жагсаалтад орсон шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ?

 Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч байнгын хорооны хуралдаан дээр хэлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Би ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна” гэж хэлж байсан. Яагаад бид саарал жагсаалтад оров гэдгээ олон талаас нь ярилцах шаардлага байна. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хаалттай ярилцъя гэсэн ярихгүй байна. FATF-ын манай улсад өгсөн зөвлөмжөөс саарал жагсаалтад орох хэмжээний том үндэслэл шалтгаан харагдаагүй. Мөн банкны системтэй холбоотой асуудал ч ороогүй байна лээ. Гэлээ ч банкны системд хийх ажлууд мэдээж бий.

-Тухайлбал?

-Монгол улсын эдийн засаг цөөн хэдэн банк дээр тогтож байна. Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар, Хас банкны эзэд нь 1-2 хүн байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын банкны салбарын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудалд Монголын төр шинэчлэл хийж чадсангүй. Н.Баяртсайханд хийх боломж байсан хэдий ч улстөрчдийн нөлөөгөөр хийж чадаагүй нь ойлгомжтой. Эдийн засаг нь банкан дээрээ тогтдог манайх шиг жижиг эдийн засагтай, уул уурхайгаасаа хэт хамааралтай, үйлдвэрлэгч бус ийм орны хувьд банкны систем нь маш тогтвортой, найдвартай байх ёстой. Ингэхийн тулд банкууд олон нийтийн болж хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргадаг байх. FATF-аас гаргасан зөвлөмжид банкны шинэчлэлээ хий, дүрмийн сангаа нэм гэсэн нь банкуудаа олон нийтийн болго гэсэн үг. Харамсалтай нь олон нийтийн болгож чадсангүй өнөөг хүрлээ. Банкууд өөрийн хөрөнгөө олон нийтийн болгож, хувьцаагаа гаргадаг болсноор эрүүл банкны систем бий болсноос гадна тухайн банкны дүрмийн сан нэмэгдэж, засаглал нь тодорхой болж, мөн ил тод болох зэрэг маш олон талын ач холбогдолтой. Одоо энэ бүхнийг хийчихвэл бусдаар банкны салбарын хууль эрхзүйн шинэчлэлт чамлахааргүй хийгдсэн.

-Саарал жагсаалтаас богино хугацаанд гарахын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

-Монголбанкны ерөнхийлөгчийг өөрчилснөөр саарал жагсаалтаас гарахгүй. Маш их зүйл хийх шаардлагатай. 30 жилийн хугацаанд бид хөгжилтэй орнуудын жишгээр явж ирсэн. Бүх зүйлээ хувьчил гэсэн бүгдийг нь хувьчлуулсан. Социлизмийн  үед ажиллаж байсан бүх үйлдвэр, аж ахуй газруудаа хувьчлуулсан. Газраа хувьчлуулсан. Эдийн засагтаа төр нь битгий оролц гэсэн мөн л оролцоогүй. Өнөөдөр 30 жилийн хугацаанд бид ямар амжилтад хүрэв гээд эргээд харахаар ядуу орнуудын хөгжлийн хэмжээнд л байна. Зөвлөөд байсан үр дүн нь хаана байна, яагаад саарал жагсаалтад орчхов гээд аваад үзэхээр манай улс саарал жагсаалтад орох хэмжээний ноцтой байдал үүсээгүй гэж би хэлнэ. Тэгэхээр энэ бүхнийг ил тод, олон талаас нь сайтар ярилцах хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн хоцрогдлын нэг нь томилгоо гэж би дээр яриандаа хэллээ. Үүнийг больсон цагт саарал жагсаалтаас гарна.

 -Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаагийн хувьд Цэцийн шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ.

-АМНАТ бол ард түмний татвар. Монгол Улсын хөгжилд авч байгаа татвар гэсэн үг. Монгол Улсын татварын орлого үндсэндээ 9 тэрбум төгрөг. Үүний 1.3 их наяд төгрөг нь  АМНАТ-аас бүрддэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авч байна гэж өргөдөл гаргасныг Цэц хэлэлцээд шийдвэр гаргасан. Цэцийн зарим шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 04-ны өдөр журам батлах тухай      Засгийн газрын  342  дугаар тогтоолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авахгүй байна гээд заачихсан. Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмтгэлд нийтлүүлээгүй гэсэн үндэслэлээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж Цэц үзсэн. Яагаад бүртгүүлээгүй гэдэг хариуцсан эзнийг нь олох хэрэгтэй.  Өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж төлөөд хохирсон компани  нэг ч байхгүй. 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг батлах учиртай. АМНАТ гэдэг бол 1.3 их наяд  төгрөгийн  татвар. Нүүрсэн дээр гэж яригдаж байгаа ч гэсэн АМНАТ-ын тухай хуульдаа очоод буухаар зарим асуудал нь эрхзүйн зохицуулалтгүй болчхож байгаа. Ийм асуудал байгаа учраас төсөвтэйгөө хамт хуульд заасан хугацаанд багтааж залруулга арга хэмжээг  авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж