Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг энэ сарын 11-нээс буюу ирэх долоо хоногоос УИХ-аар орно.
Үндсэндээ, Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээн авснаар Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийтээс асуух шаардлагагүй болсон юм. Энэ бол УИХ-ын гаргасан хамгийн зөв шийдэл байсан. Фээсбүүкийн пост, комментоос мэдээллээ авдаг, бодит мэдээнд биш цуурхал итгэдэг ард түмэн дунд 19 зүйл, 34 заалт бүхий Үндсэн хуулийн эх хувилбарыг ухаад уншчих хүн тун цөөн, хий дэмий цаг мөнгө зарж, үр дүнгүй өнгөрч мэдэхээр байлаа.
Гуравдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр 57 гишүүний санал авч чадалгүй унасан Гүйцэтгэх засаглалын тэргүүнд танхимаа бүрдүүлэх эрх мэдэл өгөх, огт хөндөөгүй орхисон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах асуудал юм.
Сүлжээний 800 хятад, саарал жагсаалт, секс скандалын шуугианд Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдөртөө олны анхаарлаас холдсон ч Г.Занданшатарын парламентын гэрийн даалгавар болсон энэхүү реформ эмзэг, эрсдэлтэй хэвээр. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх зөвшилцлийн ажлын хэсэгт Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, З.Энхболд нар багтсан, тэд өчигдөр /2019.11.05/ хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг зарчмын хувьд дэмжсэн байна. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал дээр МАН, АН-ынхан санал нэгдэж, Ерөнхийлөгчийн талынхан эсрэг байр суурь илэрхийлжээ. Тиймээс намын бүлэг, зөвлөлөөр дахин хэлэлцэхээр болсон гэх Төрийн ордон доторх сүүлийн үеийн мэдээ энэ.
Төрийн ордны гадна ч төслийн шинэчлэл тойрсон үйл явдал сценарийн дагуу сэм өрнөж байна. Үүний нэг жишээ нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамтай холбоотой гомдол Үндсэн хуулийн Цэцэд очжээ.
Хуульч Д.Амгалан Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийх явцдаа УИХ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Товчхондоо, энэ нь Үндсэн хуулийг гуравдугаар хэлэлцүүлгийг гацаах сонирхолтой хэн нэгнээс Үндсэн хуулийн Цэцэд өгч буй захиалга байж мэдэх.
Уг гомдолд маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн Цэц шийднэ. Маргаан үүсгэвэл асуудал буруугаар эргэнэ гэсэн үг. Яг АМНАТ шиг хэрүүл маргаан үүсч магадгүй. Тиймээс УИХ ниргэсэн хойно нь хашгирах биш, хэрэвзээ, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь үнэн бол үүнийгээ цаг алдалгүй шийдэх шаардлагатай болжээ. Үгүй бол, өнөөдрийн УИХ-ын зориглосон том реформ улс төрөө даахгүй нурна гэсэн үг.
Г.Занданшатарын парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэхгүй байх сонирхол нэжгээд хүнд бий. Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдөж, сурталчилж яваа тэд Монголын парламентыг муу, муухай харагдуулах бүх боломжийг ашиглахыг оролдох нь ойлгомжтой. Тэгэхээр үнэмлэхүй олонх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе гэвэл сөрөг хүчний өмнө “сөгдөх” ёстой болж байна.
АН
Хоёрдугаар хэлэлцүүлэгт огт оролцоогүй Ардчилсан намын зөвлөл гуравдугаар хэлэлцүүлэгт гурван санал дэвшүүлж байгаа нь гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог системээр явуулах, УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах юм. Товчхондоо, засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгохыг сөрөг хүчин шаардаж буй. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд Төрийн ордны хана гучин Ерөнхий сайдын зургаар дүүрсэн, нэг Засгийн газрын нас дунджаар 1.5 жил, богино настай гүйцэтгэх засаглалын бодлого нь ч богино гэвэл засаглалын хэлбэрээ ойлгомжтой болгох нь зөв шаардлага. Монгол Улс өнгөрсөн гучин жил "хоёр туулай хөөсөн". Засаглалын хэлбэр тодорхой болсон нөхцөлд эрх мэдлийн хуваагдал арилна. Хариуцлагын тогтолцоо сайжирна. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалаа нэг тийш шийдэх Үндсэн хуулийн гол өөрчлөлтийн нэг нь зэр зэвсэг, эдийн засгийн хөгжил сайтай хоёр их гүрний дунд байгаа Монголын хувьд ардчиллаа хамгаалж, парламентын тогтолцоог дархлаж үлдэх. Засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгохгүйгээр Монголын улс төрийн хямрал дуусахгүй. Эрх мэдлийн зодоон үргэлжилж, эцэст нь нэг хүний дарангуйлалд шилжих эрсдэлтэйг АН, МАН хоёулаа сайн мэднэ. Тэгэхээр Ардчилсан намаас гаргасан тогтолцоогоо тодорхой болгох, ардчиллыг дархалж үлдээх саналыг олонх хүлээж авахгүй бол Ардын нам гэрийн даалгавраа хийж чадахгүйд хүрч мэдэхээр байна. Гаргасан саналыг нь хүлээж авахгүй бол Д.Эрдэнэбатын зөвлөл гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүйгээ илэрхийлсэн. Иймээс эрх баригчид Монгоын том эрх ашгийн төлөө сөрөг хүчинд "сөгдөх"-өөс өөр аргагүй болж байна.
МАН
МАН одоохондоо Саарал жагсаалт, секс скандалынхаа паанигаас гарч чадахгүй байх шиг. Гэхдээ арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө парламентад суудалтай хоёр намаас бүрдсэн Ажлын хэсэг саналаа нэгтгэж дуусах ёстой юм. Үнэмлэхүй олонх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг байр суурь, нэг бүлэг шиг байхыг улс төрийн нөхцөлүүд ч шаардаж буй. Бусад асуудлаар хөл, толгойгүй зодолддог юм аа гэхнээ Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хонь, чоно хэвээр байх юм бол намтайгаа, юутайгаа “барын аманд” орно гэсэн үг. Үүнийгээ эрх баригчид, эрх биш гадарлаж байгаа байлгүй. МАН-ын хамгийн болгоомжилж байгаа нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох АН-ын гаргасан санал. Харин холимог тогтолцоон дээр аль, аль нам санал нэгдэж буй. Хэрэвзээ, гуравдугаар хэлэлцүүлгээр эдгээр саналууд дэмжигдсэн тохиолдолд холимог тогтолцоог хэрэгжих хугацааг 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтын хэрэгжилтийг 2025 оноос тавих тохиролцоо явагдаж байгаа юм.
Улс төрийн өрөг дэх нүүдлийг анхааралтай ажиглах юм бол, Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд үнэмлэхүй олонхийг “барьцаалсан” шахалт, шантааж, баривчилгаа, шалгалт ширүүсч магадгүй. Гээд, МАН-д ухрах зам үгүй болсон. Хэрэвзээ, Үндсэн хуулийг батлахаас МАН өнөөдөр ухарвал Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэнтэй адилхан үйлдэл болно.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ