Ерөнхий сайдын Далянь дахь “48” цаг

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын Далянь дахь “48” цаг

“Тавантолгойн гэрээг Хятадад очиж үзэглэх нь” гэсэн хардлага дагуулсаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 8-нд Далянь хотноо буулаа. Бүгчим халуун Бээжинг бодвол Далянь чийглэг, сэрүүхэн уур амьсгалтай юм.  Ази, Европын өнгө төрхийг гайхамшигтайгаар “эвцэлдүүлсэн”, өдрөөс өдөрт хөгжин тэлж буй Хятадын  зүүн хойд бүс  нутгийн хамгийн том боомтуудын нэг, далайн эргийн энэхүү хотод зуны Давос буюу дэлхийн эдийн засгийн форумын ес дэх чуулга уулзалт есдүгээр сарын 8-9 өдрүүдэд боллоо.  Зуны Давосын чуулга уулзалт 2007 оноос Хятадын Далянь болон Тяньжин хотод ээлжлэн зохиогдож ирсэн байдаг. Энэ удаад Даляньд зохиогдох болсон нь ээлж таарсан, эсвэл Тяньжинд томоохон дэлбэрэлт болж, олон арван хүн амиа алдсантай холбоотой байж ч болох юм.

“Өсөлтийн шинэ  чиглэлийг  зураглах” өвөрмөц сэдвийн дор болсон зуны Давост  Монгол Улс өндөр ач, холбогдол өгч анх удаа Ерөнхий сайдын статусаар оролцсон бөгөөд 2010 онд М.Энхболд, 2014 онд Д.Тэрбишдагва нар  Шадар сайдын хувиар оролцож байжээ.

Улс орнуудын Засгийн газрын сайд нар мөн үндэстэн дамнасан дэлхийн томоохон корпорациуд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн гээд нийтдээ 1500 төлөөлөгч энэ удаагийн чуулга уулзалтад оролцлоо.  Зуны Давосын томоохон зочдоос нэрлэбэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үндэслэгч Клаус Шваб,  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Малавын ерөнхийлөгч, Гүржийн ерөнхий сайд нарыг дурдаж болно. Мөн Европын комиссын судалгаа, шинжлэх ухаан, инновацийн  асуудал эрхэлсэн комиссар, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын худалдааны төв, ОУВС-гийн төлөөлөгчид ч хүрэлцэн иржээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгийн түрүүнд уулзсан зочин бол дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб байв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засгийн хөгжлийн гарцыг судлах, эдийн засгийн хөгжлийн тодорхой загваруудыг боловсруулахад Давосын чуулган чухал үүрэгтэй”-г онцолсон бол, ноён Шваб Монгол Улс зуны Давосын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч буйд талархав.  Найрсаг бөгөөд албархуу эл уулзалтын дараа Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгт  Энэтхэгийн “Хиндүжа” группын  европын бүсийг хариуцсан захирал  Пракаш Хиндүжа бараалхав.  Алдарт “Хиндүжа” группыг ах дүү дөрөв байгуулж, эцгийнхээ нэрээр энэ компаниа нэрлэсэн гэж Пракаш Хиндүжа хуучлав. Пракаш Хиндүжад ах дүү нар ерөнхийдөө  компанийнхаа гадаад харилцааг хариуцуулжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн хавар Монголд айлчлахдаа нэг тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоо амалсан.  Ноён Модигийн энэхүү айлчлалын дараа Энэтхэгийн компаниуд Монголыг сонирхох нь эрс нэмэгдсэн бололтой.

Газрын дороо асар их баялагтай, Хятад, Орос хэмээх  дэлхийн хоёр том зах зээлийн хажууханд орших Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр л байна. Гагцхүү бидний дотоодын тэмцэл, хэт их улстөржилт, улстөрчдийн хоорондын “зодоон” Монголд орж ирэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг удаашруулах, бүр цаашаа түлхэхэд хүрч байгааг энэхүү чуулга уулзалтаас илэрхий мэдрэгдэж байв.

“Орчин цагийн торгоны зам  сэдэвт хуралдаан”-д панелистаар оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон урьд өмнө нь өөрийн гэсэн торгоны замтай, түүнийгээ “Талын зам” гэж нэрлэдэг байсныг, мөн Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байгааг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар  энэ оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар ярилцсан гэдгийг тодотгов.

Газрын дороо асар их баялагтай, Хятад, Орос хэмээх  дэлхийн хоёр том зах зээлийн хажууханд орших Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр л байна.

Ази, Европын холбосон хамгийн дөт зам бол Монголын “Талын зам”. Тиймээс форумд оролцож буй тив дамнасан дэлхийн том корпорациудын удирдлагууд, улс орны Засгийн газрын сайдуудын өмнө “Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг барих зэргээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой”-г Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгалаа.

Маш шахуу хөтөлбөртэйгөөр Далянь дахь Ерөнхий сайдын “48” цаг өнгөрсөн бөгөөд зуны Давосын чуулга уулзалтын үеэр тэрбээр Гүржийн ерөнхий сайд Иракли Грибашвилитай уулзаж, үүний дараа  Хятадын “ССТV News”-ийн “Dialogue” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн юм.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  энэ бүх уулзалтын гол  зорилго бол алдагдсан итгэлийг буцааж сэргээх, алсарсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахад л чиглэгдэж байсан билээ.

ХОЁР ТЭРБУМЫН ЦАХИЛГААН СТАНЦУУД БАРИГДАНА

Зуны Давосын чуулга уулзалтын хамгийн сайхан мэдээ нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар хамтын ажиллагааны гэрээнд  Монгол, Хятадын компаниуд гарын үсэг зурсан явдал байлаа.  Далянийн Давосын чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Монголд эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзсан юм.

Эрчим хүч бол эдийн засгийн нэг тулгуур салбар.  Хөгжиж яваа Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэн чухал билээ. Тиймээс Хятадын эрчим хүчний томоохон компаниуд  Монголд  хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулав.

Манай улсын “Могул пауэр” компани, Хятадын “Сэнко III”-тай хамтран Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа аж. Төсөлд шаардагдаж байгаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт удахгүй эхэлнэ гэдгийг  “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн юм.

Эрчим хүчний салбарт Хятадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа бас нэг том төсөл нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэхүү төслийг гүйцэтгэгчээр “Бодь” групп, хөрөнгө оруулагчаар “Пауэр Чайна” ажиллаж байгаа аж. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн л нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ гэж төслийн удирдагч, “Бодь” группийн дэд ерөнхийлөгч Д.Мөнхтөр хэлсэн юм.  Хэрэв хоёр төсөл амжилттай хэрэгжиж чадвал эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэдгийг ч тэд онцлов.  Мөн татвар, ашигт малтмал ашигласны нөөц зэргийг тооцоход төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улсад нэг тэрбум долларын ашиг орж ирэх юм байна.

 

ЛИ КӨЦЯНЬ: ХЯТАД ХЯМРАХГҮЙ

Алдарт “Шувууны үүр”-тай адилхан загвар дизайн бүхий гоёмсог барилгыг дэлхийн эдийн засгийн чуулгын төв барилга хэмээн нэрлэжээ. Есдүгээр сарын 10-нд зуны Давосын чуулга уулзалт энэхүү төвд болж, тив дэлхийгээс хуран цугларсан хар, шар, улаан арьстан төлөөлөгчдийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хятад хямрахгүй” гэдгийг онцолсон юм.  Онцолсон гэхээсээ илүү зарласан гэвэл бараг онох байх. “Хятадын эдийн засаг хэлбэлзэлтэй байгаа боловч ерөнхий төлөв нь өөдрөг хэвээрээ, тус улсын цаашдын бодлого нь  экспорт, импортын чанарыг сайжруулахад чиглэгдэх болно” гэдгийг  Ли сайд дуулгав.

Хятад улсын юанийн ханшаа сулруулах бодлого, дэлхийн хөрөнгийн зах дээлд доргилт өгч, тус улсын эдийн засгийн уналт олон улс оронд “айдас” болгоомжлол төрүүлэх болсон. Тиймээс Зуны Давосын чуулга уулзалтаас хариулт хүссэн ганц асуулт нь “Хятадын эдийн засаг цаашдаа яах бол”.

Энэ  ганц асуултад, Хятадын ерөнхий сайд “Хятад дэлхийн эдийн засгийн эрсдэлийн эх үүсвэр биш, харин өсөлтийн чухал хөшүүргийн нэг” байх болно хэмээн зуны Давосын индэр дээрээс товч бөгөөд тодорхой хариулсан юм. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 7 хувь гарсан нь дэлхийд тэргүүлсэн амжилт гэдгийг ч тэрбээр тодотгосон юм.  Хятад улс гадаадад хөрөнгө оруулах нь эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалах боломж хэмээн харж байгаа юм байна. Тиймээс дундадын энэ орон экспорт, импортын улам идэвхтэй бодлого барьж ажиллахаар төлөвлөжээ.

ЕРӨНХИЙ САЙДУУД ЮУ ЯРЬСАН БЭ?

Зуны Давост оролцох үеэрээ Хятадын Ерөнхий сайд Ли Көцяньтай уулзахдаа Ч.Сайханбилэг чухам юу ярьсан бол гэсэн хардлага байгаа л байх.  Есдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Банчуйдо” зочид буудалд хүрэлцэн очиж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяньд бараалхсан юм. “Банчуйдо”  зочид  буудал нь манайхаар бол “Их тэнгэр” хүү газар юм. Далайнхаа яг эрэг дээр ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, гадаанаас харахад даруухан мөртлөө, гоёмсог. Далянийн энэхүү үзэсгэлэнг үзсэн хүнийг хятадууд азтайд тооцдог гэнэм.  

Уулзалтад  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт,  Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар байлцлаа. Уулзалтын үеэр хоёр улсын уул уурхайн, хүнс хөдөө аж ахуй, банк салбарын хамтын ажиллагааг хөндсөн байна. Мөн Тавантолгойн гэрээг зурах ажлыг эрчимжүүлэх талаар ч ярилцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадад Тавантолгойн гэрээг зурах нь хэмээн хардаж байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд, тийм зүйл болсонгүй.  Харин Хятадын удирдагч Си Жинпинь өнгөрсөн жилийн намар Монголд төрийн  айчлал хийх үедээ сайн хөршийн хувиар  манай улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяньд бараалхахдаа энэхүү нэг тэрбум ам.долларын зээл авах саналаа илэрхийлжээ.  Хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгохоор яригдаж буй /хэлэлцээр явагдаагүй, зөвхөн санал төдий байгаа/ нэг тэрбум ам.долларыг Эгийн голын цахилгаан станцыг барих төслийг санхүүжүүлэх юм байна. Урт хугацаанд өртөгөө нөхөх том төсөлд зээлийг зарцуулах учраас хугацаагаа 30 жил болгох саналыг манай зүгээс тавьжээ.  Хэрэв Хятадын Засгийн газраас зөвшөөрсөн  тохиолдолд  нэг тэрбум ам.долларын 85 хувийг нь Хятадын “Эксим” банкнаас гаргах үлдсэн 15 хувийг манай Засгийн газар өөрсдөө хариуцах юм байна.

ДАВОСЫН “МЕССЕЖ”

Зуны Давосын үеэр олон сонирхолтой бүтээлүүд дэлгэгдсэн байв. Ирээдүйд хүн төрөлхтний байр суурийг “робот”-ууд булаан авч, хүмүүс зөвхөн “робот”-той нөхөрлөх юм гэнэ дээ. Энэ бол зуны Давосоос өгч буй мессеж. Өнгөрсөн цагийн музей гэж байдаг болохоос ирээдүйн музейн тухай бид мэдэхгүй. Тэгвэл Давос ирээдүйн музейг дэлгэв.

Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Хятадын эдийн засгийн "шинэ төлөв" зэрэг зургаан гол сэдвийн тойрон хэлэлцэж, банк санхүүгийн өөрчлөлт, юанийн интегралчлал, "Интернет +", олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр үргэжилсэн  зуны Давосын чуулгын зорилго нь  инноваци, технологийн дэвшлийг харуулах явдал байжээ. "Супер тоо баримт" буюу "big data", робот зэрэг технологийн салбарын чухал ололт амжилтыг эдийн засаг, нийгмийн хөгжилэй уялдуулах, мөн үзүүлэх нөлөөг  нь хэлэлцэж, нисгэгчгүй нисэх онгоц, робот багшийн тухай танилцуулсан нь  Давосын бас нэг сонсууштай, үзүүштэй сонин нь  байлаа.

Энэ дашрамд нэг зүйлийг онцлоход  Монгол Улсын зүгээс зуны Давосын чуулган уулзалтад оролцох ажлыг зохион байгуулсан Гадаад хэргийн яам, Хятадад суугаа Монголын Элчин сайдын яамныханд тун чиг сэтгэл дундуур үлдсэнээ нуух юун. Ерөнхий сайд нь зуны Давост оролцож байхад дэндүү “хэнэггүй”, зохион байгуулалт муутай байгаа хүмүүс гадаадад амьдарч байгаа ард иргэдийнхээ асуудалд ямархуу хойрго ханддаг  нь  ойлгомжтой ч биз.

 Ийнхүү зөөлөн салхитай далай эргийн хотод чуулсан зуны Давос өндөрлөж, Монгол Улсын Ерөнхий сайдын аяны богц ч хоосонгүй байлаа. Баяртай, Давос.

/Үргэлжлэл бий/

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж