Өмнөд Иоркширийн Дарфиэлдэд салютын үзүүлбэрийн дуу чимээнээс болж, Молли хэмээх тэрьер үүлдрийн дөрвөн сартай гөлөг зүрхний шигдээс болж хорвоог орхижээ.
Түүний эзэн Сюзан Пэтерсон энэ мэдээг өөрийн нүүр номдоо хуваалцаж "Амьтдын тухай жаахан ч гэсэн бодооч дээ" хэмээн эмгэнэлээ илэрхийлсэн байна.
Сюзан хүмүүсийг амьтдын төлөө галын наадмын тухай хууль, журмыг мөрдөж, урьдчилан анхааруулагагүй салют буудуулахгүй байхыг сануулжээ.
“Сануулгагүй галын наадмыг эсэргүүцэх” аян эхлүүлсэн Жүлье Дүүрн хэнд ч хэрэггүй иймэрхүү үйл ажиллагаа амьтдыг маш ихээр зовоож байгааг онцлон "Амьтад зөвхөн биеэр зовдоггүй. Тэд сэтгэл зүйгээр мөн их зовлон амсдаг. Хүмүүс бол жилийн аль ч үед салют буудуулж түүнээс гарах чанга чимээг тоохгүй өнгөрч чадна. Харин амьтад болон амьтдад хайртай хүмүүст энэ бүхэн маш том асуудал болдог" хэмээн бичжээ.
Тус нутгийн нийт нохдын 45 хувь нь чанга дуу чимээнээс айдаг гэсэн судалгаа бий. Энэ бол зөвхөн нохдыг тоолсон судалгаа. Үүний цаана хэчнээн амьтад бидний нүднээс далд хохирч байгааг хэн ч мэдэхгүй. Сануулгагүй галын наадмыг эсэргүүцэх аянд аль хэдийн 500’000 хүн нэгдээд байгаа гэнэ.
Тус нутгийн 2003, 2004 онд батлагдсан салют буудуулах тухай журамд:
- Хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно. Үндэсний баярын өдрүүд (арваннэгдүгээр сарын 5, шинэ жил, цагаан сар, Пивали)-ээс бусад өдөр зарахыг хориглоно.
- Хүний чихэнд халтай хэмжээ 97 децибел. Тиймээс 120 децибелээс дээш дуу чимээ гаргадаг салютыг хувийн хэрэгцээнд хэрэглэхийг хориглоно.
- Олон нийтийн арга хэмжээнд салют буудуулах бол тусгай зөвшөөрөл авна.
- Салютын савлагаан дээр гаргах дуу чимээний хэмжээг нарийн тэмдэглэнэ гэсэн заалтууд бий аж.
Сануулгагүй галын наадмын эсрэг аяныхан тэжээвэр амьтдаа хамгаалахын тулд өдрийн цагаар салхилах, хаалга, цонх, хөшгөө хаах, зурагтаа асааж өөр чимээ гаргах, амьтандаа зориулан чимээгүй булан гаргаж өгөх зэргийг хүмүүст зөвлөжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ