“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” –д 1000 гаруй залуус оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” –д 1000 гаруй залуус оролцлоо

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” –д 1000 гаруй залуус оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор уг чуулганыг НАМЗХ зохион байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ажиллав. Чуулганд 1000 гаруй залуус оролцож буй бөгөөд Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэж байна. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг уул уурхайн салбарын төслүүдийг хөдөлгөхөд эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг бүхий л салбарын инженер, мэргэжилтнүүдийн оролцоо чухал. Тэр л инженерүүдийг нэг дор уулзуулж, санал бодлыг нь сонсон, хамтран ажиллах үүднээс энэхүү чуулганыг “Эрдэнэс Монгол” ХХК дэмжиж, хамтран зохион байгуулж буйгаа Гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгов. Уул уурхайн салбарт уламжлалт боловсруулалт, баяжуулалтын инженерүүдээс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд нарийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатайг тэрбээр хэлж байна. Тухайлбал, метан хийн олборлолт, боловсруулалт болон газрын ховор элементийн чиглэлийн нарийн мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх нь чухал шаардлага болж буйг онцлоод “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан ийм бодлого барьж буйгаа танилцуулсан юм.

 

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд байдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр тодотгосон. Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэлээ.

Мөн их, дээд сургуульд элсэгчдийн дөнгөж 17 хувь нь инженер мэргэжлийг сонгож байна. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэхийн тулд залуу инженерүүдийг бэлтгэх, төрийн бодлогоор дэмжин ажиллах цаг нь болсныг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал онцлов.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжилна.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж