Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

Ж.Сүхбат: Хувцасны лангууны бүх барааг баглаж скочдсон байна

“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөрөө 495 мянган  төгрөгөөс 995 мянган төгрөг болгон нэмж, түрээслэгчдэд гэрээгээ шинэчлэх шаардлага тавиад буй. Харин энэ шаардлагыг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэн хоёр сарыг ардаа үджээ. Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төвийнхөн түрээслэгчдийнхээ амардаг өдөр буюу өчигдөр /2019.11.04/ лангууг нь эвдэн орж, бүх барааг нь овоолон, тогийг нь тасалжээ. Яг одоо “Дүнжингарав”-ын түрээслэгчид цагдаад хандан, шалгуулж байна.

ЛАНГУУНД НЭВТЭРЧ ОРООД ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМ  ШИГ Л БОЛГОЖ

Түрээслэгчид эрх ашгаа хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд тус эвлэлийн хорооны дарга Ж.Сүхбат “Есдүгээр сарын 17-ны өдрөөс  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  “Дүнжингарав”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хүмүүстэй ойлголцоогүй явна. Энэ маргааныг бүр эхнээс нь тайлбарлахад түрээслэгчдэд есдүгээр сарын 17-ны өдөр 2019 оны наймдугаар сарын 25-ны  өдөр  гэсэн огноотой мэдэгдэл гар дээр ирсэн. Агуулга нь лангууны түрээсийг 995 мянган төгрөг болгосон ба зөвшөөрч байгаа түрээслэгчид лангууныхаа гэрээг сунгуулах хүсэлтээ ирүүлж, гэрээгээ шинэчилнэ үү гэсэн байсан.  Үндсэн гэрээнд заасны дагуу бол ийм асуудлыг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл бидэнд давчуу хугацаа өгсөн.

Дараагаар нь есдүгээр сарын 20-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэх хуудас дахин ирүүлэхдээ “Есдүгээр сарын 28-ны дотор хүсэлтээ гаргаж түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв лангууны түрээсийн төлбөрийг 995 мянган төгрөгөөр тогтооно. Харин 2019.09.29-10.05-ны дотор байгуулсан тохиолдолд 1,200,000 төгрөг, энэ хугацаанаас хойшилбол 1,500,000 төгрөгөөр тогтооно” гэж оруулсан.  

Үүгээр зогсохгүй түрээсийн гэрээгээ ойрын хугацаанд байгуулахгүй бол гурав дахь түрээслэгчээс түрээслэх санал ирсэн гэсэн. Ингэж шахах замаар гэрээг сунгуулах нь байж болохгүй зүйл юм.

Гэрээгээ шинэчлэхгүй бол лангуугаа чөлөөлж өг гэж дарамтлах болсон. Гэтэл өчигдөр орой ажлын бус цагаар залгаж “албадан гаргаж байна барааг ирж ав” гэж залгасан. Анхан шатны шүүгч н.Мандалбаярын гаргасан захирамжид дурдсанаар “Дүнжингарав” ХХК-д түрээслэгчдэд  хохирол дарамт үзүүлэхгүй байхыг даалгасан.

Дээрх шийдвэрийг  зөрчиж түрээслэгчдийн лангуунд нэвтэрч ороод орон байрны хулгай хийсэн юм  шиг л болгосон байна.  Шүүхийн анхан шатны шийдвэр гарсан байхад захирамжийг үл хүндэтгээд байгааг нь гайхаж байна. Хувцасны лангууны бүх барааг нь баглаж скочдсон бол хүнсний лангууны барааг нь муутгахгүй гэж бодсон юм байлгүй азаар тогийг нь таслалгүй үлдээж. Түрээслэгчид бараагаа аваад хаашаа явах юм бэ? Ийм боломжгүй байдлаар нь далимдуулж дарангуйлал үзүүлж байна” гэлээ.

Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмснээ “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой  мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.

ӨНӨӨДӨР АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛОХ ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙГАА 1000 ГАРУЙ ХҮН ЯАХ ВЭ?

"Дүнжингарав" худалдааны төвд лангуу түрээслэгчдийн ҮЭХ-ийн гүйцэтгэх захирал Х.Лувсанцэрэн "Бид анх "Дүнжингарав"-ыг хов хоосон газрын маргаантай байхад түрээсэлж байсан. Гурван жил ямар  ч ашиг орлогогүй эрсдэлээ өөрсдөө үүрээд ирээдүйд сайхан болно гэж найдвар тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл жаахан гайгүй болоод ирэхээр түрээсээ нэмчихлээ. Бид түрээсийн төлбөр нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, "Дүнжингарав"-ын удирдлагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй. Өнөөдөр ажлын байргүй болох дээрээ ирээд байгаа 1000 гаруй хүн яах вэ? Лангуу түрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өдрийн болон ББСБ, банкны зээлтэй шүү дээ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж