Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.11.05/ Монгол Улсын 2020 оны улсын төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Тус байнгын хороонд найман төсвийн ерөнхийлөгч захирагч нар хамаардаг. Тиймээс төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл байна уу, Төрийн албаны тухай хуулиар ирэх оноос хэрэгжиж эхэлснээр төсвийн хувьд хүндрэл учрах зүйл гарах уу зэрэг асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан:
-УИХ болон байнгын хороо, намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 2020 оны төсөвт 40,7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2020 төсөвт урсгал төсвөөс 2,9 тэрбум төгрөгийг хасч оруулж ирсэн. УИХ-ын төсөвтэй холбоотой бүрэн эрхийн хуульд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Урсгал төсөв нь хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зардал байсан. Бусад зардал хэвийн байсан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Байгальмаа:
-2020 оны төсөвт өгсөн санал хэвийн. 2016 онд батлагдсан төсвөөр явж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар төсөв хэмнэх горим барьж байгаа учраас энэ жил нэмж санал хүргүүлээгүй.
ҮАБЗ:
-2020 оны төсөв өмнөх онуудтай адил хэмжээтэй байгаа. Судалгаа, шинжилгээний чиглэлд бага зэрэг төсөв төсөвлөгдсөн бөгөөд батлагдвал хэвийн боломжтой гэж үзэж байна.
Ийнхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Төсвийн ажлын хэсэг сайн ажиллаж байх шиг байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогод суурилах нөхцөл бүрдэнэ. Энэ жилийн төсөв хүн бүрт хэрэгтэй байна гэж ярих биш урдаас боловсруулсан, тооцоотой, татвар төлөгчдийн мөнгийг нүдийг олсон, ирээдүйн хөгжлийг зөв тооцоолсон байгаасай гэж хүсч байна. Хүүхдийн мөнгийг бид олон жил өгч байгаа. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал юу болсон бэ. Ирэх жилийн төсөвт хэрхэн төсөвлөгдсөн бэ. Хоёр өрөө байртай, зурагттай, машинтай хүүхэд авч чадаж байгаа юу. Бид төсөвт 80, 90 хувьд нь олгоно гэж баталсан ч амьдрал дээр авч чадахгүй тохиолдол олон байна шүү. Хүсэлт гаргасан хүүхэд бүр авах боломжтой гэж ойлголоо шүү.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:
-Хүүхдийн мөнгө ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 60 хувь байсныг бид ярьж байгаад 80 хувь болгосон. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар АМНАТ-тэй холбоотой шийдвэр гарч, хууль хүчингүй болсон. Энэ асуудал төсөвт нөлөөлнө. Сангийн яам бусад холбогдох газрууд саналын зөрүүтэй байх шиг байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:
-Бид "саарал жагсаалт", гадаад худалдааны тэнцэл, өвөлжилт зэргийг тооцож үзээд төслөө боловсруулсан. АМНАТ-ийн тухайд 2020 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төвлөрүүлэхээр тооцсон.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, 2020 оны улсын төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг чуулганы хуралдаанд шилжүүлэв. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ