Монголын рок поп урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Guys” хамтлагийн залуус сүүлийн жилүүдэд дуучин гэхээсээ илүү кино урлагт хүч үзэх болсон. “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагвагийн хувьд 2010 онд өөрийн нэрийг товчилсон “LVA” нэртэй энтертайнментаа байгуулж, анхны “Амьдрал төсөл” киноныхоо гол дүрд нь тоглон продюсераар нь ажиллаж байсан.
Түүнээс хойш “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк Од”, “Мухар гудамж” зэрэг хэд хэдэн кино хийсэн байдаг. Тэгвэл энэ удаа “LVA” энтертайнментынхаа 10 жилийн ойг тохиолдуулан “1990” уран сайхны кино бүтээж, тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа ажээ.
Уг кино нь 1990 онд Монголын нийгэм, ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн болон тэр болгон хүнд тохиолдохгүй онцгой цаг үеийн тухай өгүүлэх гэнэ. Тэрбээр “1990” киноны гол дүрдээ өөрөө тоглохоос гадна кино зохиолоо өөрөө бичиж найруулсан байна. Харин түүний дэлгэцийн шинэ уран бүтээлийн эмэгтэй гол дүрд нь дуучин А.Хишигдалай тогложээ. Сонирхуулахад, тэдний хамтран дуулсан шинэхэн киноны дуу маргааш цацагдаж эхлэх гэнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ