“ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын талаас уучлал гуйх ёстой”

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

“ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын талаас уучлал гуйх ёстой”

“ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын талаас уучлал гуйх ёстой”

Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хохирогчид Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуулинд зааснаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч ихэнх гомдлыг хүлээн авч, ажлын байрны бэлгийн дарамт гэж нотлогдсонгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгодог байна.

Энэ нь Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох хууль эрх зүйн орчин ямар бүрхэг байгааг харуулж байгаа гэдгийг өнөөдөр /2019.11.05/ Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэл хийх үеэр мэргэжилтнүүд онцолж байв.


“ЭРҮҮГИЙН ХУУЛИАС АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЛАЛЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ЗААЛТЫГ ХАССАН”

“Олон улсад Монгол Улсын иргэнтэй холбоотой ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн  хэрэг үүссэн. Энэ асуудал нь манай улсад ажлын байрны бэлгийн дарамт хэр ноцтой байдалд хүрснийг харуулж байна. Тиймээс манай эвсэл УИХ-ын гишүүдэд шаардлагыг албан ёсоор хүргүүллээ. Өмнө нь сэтгүүлчдэд ажлын байрны бэлгийн дарамтлал гэж юу вэ гэдэг талаар удаа дараа сургалт, мэдээллийг өгч байсан. Цаашдаа энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нь дээшлүүлж, ажлын байрын бэлгийн дарамтыг нарийн таниулахаас эхлэн хийх юм маш их байна.

Өнөөдөр хууль эрх зүйн орчинд ажлын байрны бэлгийн дарамтын талаар Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 12, дөрөвдүгээр заалтад “Ажлын байрны бэлгийн дарамтлалыг хориглох тухай” заалт орж байсан. Гэвч 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг бүхэлд нь хассан. Мөн одоо Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл, заалтууд төдийлөн оновчтой бус байдлаар томъёологдож байна. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад анхаарч, төрөөс хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох шаардлагатай байна” гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа яриандаа онцоллоо.

Ажлын байрны бэлгийн дарамтын талаар хамгийн сүүлд 2017 онд онлайн судалгааг хийжээ. Уг судалгаанд нийт 790 гаруй хүн оролцсоноос ажлын байрны бэлгийн дарамт Монгол Улсад газар авсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг аж. Мөн 2018 онд өнгөрөгч 2004 он ба 2017 онд ажлын байрны бэлгийн дарамт яаж өөрчлөгдсөн талаар харьцуулсан судалгааг хийж байжээ. Судалгаагаар төрийн албанд 64 тохиолдол байгаа нь ажлын байрны бэлгийн дарамт гарч буй байгууллагуудын 57.6 хувийг эзэлж байгаа дүн гарчээ.

“ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР БНСУ-ЫН ТАЛААС УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ”

Хурлын үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа хэлэхдээ “Бидний хамгийн гол зорилго бол бэлгийн дарамт Монгол Улсад битгий байгаасай гэж хүсч, хамтран нэгдсэн. Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг. Тэр болгон хохирогч ил гарч ирдэггүй. Өнөөдөр МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хэн нэгэн хүрсэн бол олонд нийтэд ил мэдэгдэхгүй. Учир нь Монгол Улсад тэр хүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй. “Хүний эрхийн Үндэсний комисст мэдээлж болно” гэж байгаа хэдий ч тэр гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизм байхгүй. Энэ байдал нь ажлын байрны бэлгийн дарамтыг хавтгайруулж байна. Энэ бол ичгүүртэй явдал шүү дээ. Хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монголд аялсан тэмдэглэлээ сошиал хуудаснаа нийтлэхдээ “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхдээсээ авахуулаад хөгшин хүн хүртэл миний биед дур мэдэн хүрч байсан. Тэр бол маш аймшигтай байсан” тухайгаа бичсэн байсан.

Энэ чинь байж болох зүйл биш. Хувь хүний халдашгүй орон зайд шууд халдаж байна гэсэн үг. Өмнө нь монголчууд энэ үйлдлийг байж болдог зүйл гэж боддог байсан бол одоо байж болохгүй ээ. Дэлхий нийтийн жишиг хандлага өөр болсон. Бид өнөөдөр XXI зуунд амьдарч байна. Ийм хандлага гаргасан хүнийг бид ямар ч байдлаар хүлээн зөвшөөрч болохгүй. Зөвтгөж болохгүй шүү. Хүүхдүүддээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувийн орон зайд нь халдаж болохгүй шүү гэж сайн хэлж өгөөрэй.  Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай гэж бодож байна. Ийм үйлдлийг халхаж, хаацайлбал олон нийт байх ёстой зүйл юм байна гэдэг ойлголтыг авах учраас таслан зогсоох шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж