"Н.Баяртсайхан саарал жагсаалтад оруулсан гэвэл том эндүүрэл шүү"

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

"Н.Баяртсайхан саарал жагсаалтад оруулсан гэвэл том эндүүрэл шүү"

"Н.Баяртсайхан саарал жагсаалтад оруулсан гэвэл том эндүүрэл шүү"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн  олонхын саналаар чөлөөлөхийг дэмжлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар “туг тахиад” өнгөрөх юм шиг байна.  Яг үнэндээ саарал жагсаалтад орохгүй байхад гүйцэтгэх засаглалын үүрэг роль өндөр. Сайд нар нь хариуцлага хүлээх ёстой. Энэ хоёр хүнийг огцруулаад байдал сайжрахгүй. Чөлөөлөөд дараагийн хүн нь ямар хүн очих вэ. Дээрдүүлэх гэж байгаад дордуулах вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Н.Баяртсайхан Ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтээ өгөөгүй. Нээлттэй захидал илгээж УИХ-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдгээ мэдэгдэж хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ захидалдаа мэдэгдсэн. Ажлын ахиц, дутагдал аль аль нь байгааг ойлгож байгаа. Дараагийн хүний асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, мэргэжлийн ур чадвартай, хүнд нөхцөл байдлаас гарах чадвар бүхий  хүнийг томилох шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож байгаа юм байна. Уг нь СЗХ-ны дарга нь энд ирээд ажлаа тайлагнах хэрэгтэй байлаа. Харанхуй хүний хувь заяаг шийдчихлээ. Бидэнд буруу жишигт тогтлоо. УИХ-ын дарга эсвэл хэн нэгэнд нь нээлттэй захидал биччихвэл огцруулчихдаг болох уу. Н.Баяртсайхан захидалдаа ийм ийм сайн зүйл би хийсэн. Надад огцрох шаардлага байхгүй. Гэхдээ та нар огцруулах гэж байгаа бол огцоръё доо гэж л бичсэн байна лээ. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн банктай холбоотой асуудал байгаа л байх. Бид Төв банкны тухай хуулийг баталж, хамтын удирдлагын тогтолцоог бий болгосон. Монголбанкны аливаа шийдвэр УЗ-ийн шийдвэр байна гээд хуульчилчихсан шүү дээ. Н.Баяртсайхан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй, хамтын удирдлага хэрэгжүүлэх газар хуулиар хариуцлага хүлээх ёстой, хамтын шийдвэрийнхээ төлөө. Гэтэл УИХ-ын дарга нь энэ нөхөр хариуцлага алдсан гээд оруулаад ирлээ. Асуудалд хуулийн хүрээнд хандаж болдоггүй юм уу. Монголбанкны алдаа, дутагдал бий гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид хуультай улс бол хууль номоор нь шийдэж болдоггүй юм уу. Бүхэл бүтэн Монголын мөнгөний бодлогыг хариуцаж байсан хүн шдээ. Энд 10 уулаа суучхаад харанхуй кноп дардаг нь зарчмын хувьд буруу. Хоёрдугаар банк, санхүүгийн хүмүүстээ хариуцлага тооцож байгаа юм бол бусад сайд, албан тушаалтанд хариуцлага тооц.Судалгаагаар саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол буруутан нь Засгийн газар гэж гарсан. Энд Засгийн газраас нэг ч хүн алга. Сангийн яам, ХЗДХ-ийн сайд нарт хариуцлага тооцох уу. Чих зөөлөнтэй хүмүүст нь хариуцлага тооцоод байх юм. Ийм асуудалд хариуцлага тооцоод байвал төрийн тогтвортой байдал байхгүй болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Д.Эрдэнэбат гишүүний санаа, зовнилыг ойлгож байна. Хамгийн түрүүнд Монголбанкны ерөнхийлөгч СЗХ-ны даргыг чөлөөлөх шаардлагыг АН-ын зөвлөлийн дарга надад бичгээр ирүүлсэн. Би танилцуулгадаа дурдсан, анзаарсан бол 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд та бүхэн хангалтгүй гэж дүгнэсэн.Банк, санхүүгийн орчинд шинэчлэлтэй шаардлагатай гэж үзэж байна.  Иймээс энэ саналыг оруулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч нээлттэй захидалдаа ажлынхаа үр дүнгүүдийг тайлагнасан. Тиймээс хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Монголбанк, АТГ, СЕХ УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш л дээ. Ядаж саарал жагсаалтад яагаад орсон бэ гэдэг санал дүгнэлт яагаад хэлэлцүүлэхгүй байгаа юм. УИХ-ын даргын хувьд оруулж ирээд юунаас болов, юу нөлөөлөв, хэн оруулав гэдгийг эхлээд авч хэлэлцэх ёстой байсан. Ц.Нямдорж байхад 2011 онд яагаад саарал жагсаалтад орсон юм. Би тэр үед гишүүн байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2016 онд засаг авчхаад саарал жагсаалтад оруулахгүй байх ёстой байсан ч 2019 онд оруулчихлаа. Тэр байгууллагад очиж Ц.Нямдорж очиж тайлан тавьсан уу. Өөрийн биеэр очиж ярих ёстой юм байгаа биз дээ. Энд суугаад МАНАН мафитай тэмцээд суух юм уу. Болохгүй байгааг яаж засъя гэж бодож байгаа вэ. ФАТФ гээд байгууллагын ажлын хэсэг гэдэг юм уу юу гэдэг юм нэг юм байдаг. Дарга нь Ц.Нямдорж байдаг гэсэн. Тэр хүн яагаад энд орж ирээд хариуцлага хүлээе гэж хэлэхгүй байгаа юм. Бүгд тэр хүнд төмсөгдүүлчихсэн. Хар дэвтэрт нь орчихсон болоод хариуцлага ярьж чадахгүй байгаа юм уу. Саарал жагсаалтад орсон нь үнэн. Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Та саарал жагсаалтад орохгүйн тулд ямар ажил хийсэн бэ. Ямар буруу үйл ажиллагаа явуулсан учраас саарал жагсаалтад орсон бэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

Монгол Улс 2004 онд ФАТФ-т гишүүнээр элссэн. 2007 онд Монгол Улсад харилцан үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр 2011 онд саарал жагсаалтад орсон. Саарал жагсаалтаас гарах эрчимтэй ажлуудыг хийсний үр дүнд 2014 онд гарсан. Үүнээс хойш 2015, 2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд 2017 онд хэлэлцэж Монгол Улс хар, сараал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарлаж, даалгавар өгсөн. Энэ даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ажилласны үр дүн ч гарсан. Техникийн талын үзүүлэлтээ өөд нь татсан гэдэг дүгнэлт авсан. Үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтээр долоон үзүүлэлт хангалттай гарч дөрвөн үзүүлэлт анхаарлын тэмдэгтэй хэвээр үлдсэн. Намайг ажил авахаас өмнө шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүгд муу байсан. Харин бид долоо дээр нь сайн үнэлгээ авсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 Саарал жагсаалттай холбоотой асуудал өнөөдөр гарсан асуудал биш. Гэнэт орж ирээд гэнэт болсон юм шиг, одоогийн ЗГ, Их хурал алдаа гаргасан юм шиг ярьж болохгүй. 2015 онд гарсан Ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, мөнгө угаах, терроризмтой тэмцэх хэрэгжилт гэх мэт асуудлыг тавьсан байна. Тиймээс Их хурал өөрийн харъя байгууллагад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирж байна. Банкуудын активын чанарын үнэлгээний асуудал юу болсон бэ. Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн үйл явц ФАТФ-ын тавиад байгаа асуудалтай холбоотой юу. Монголбанкны зүгээс эдгээр дөрвөн асуудлыг шийдэхэд ямар гарц байна гэж харж байна вэ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт байгаа. Хөтөлбөрийн дагуу 14 банкинд активын чанарын үнэлгээ хийсэн. Бүх банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүний дагуу банкуудад аудит хийсэн. Бид есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сар гарчихсан байсан юм байна. G7-гийн уулзалт дээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан юм байна. Өрнөдийн нөлөө бүхий долоон улсын тэргүүн уулзсан. ФАТФ бол  G7-оос байгуулсан байгууллага. G7-оос гаргасан шийдвэрийг ФАТФ хэрэгжүүлнэ. Харин банкуудын аудитын дүнг есдүгээр сард авсан. Энэ хоёрыг хооронд нь битгий хутгаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Төв банкны тухай хуульд Төв банкны ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг заасан.  26.4-т үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн бол чөлөөлнө гэж заасан. Тиймээс чөлөөлөх үндэслэлийн хуулийн дагуу гэж үзэж байна. Ажилдаа хариуцлагагүй байгаа гэж удаа дараа яригдсан ийм асуудал. Анхнаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. Хариуцлагыг энэ хоёр хүнээр хязгаарлах юм уу. Саарал жагсаалттай холбоотой Мөнгө угаах, болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХ-ны сайд, эрх бүхий хууль сахиулах байгууллагын удирдлагууд багтана гэж заасан. ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүй гэдгийг дэд сайд нь мэдэгдсэн.  Үүний төлөө ХЗТХ-ийн сайд, Сангийн сайд хоёр ямар харицлага хүлээх юм бэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Иргэн Н.Баяртсайхан гэдэг хүнийг ярьж байгаа юм биш. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах болон улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх, бодитой ажил хийхэд оршиж байгаа юм.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төв банк бол Үндсэн хуулийн байгууллага. Н.Баяртсайханы хувьд Монгол Улсын эдийн засаг маш хүнд байх үед ажлаа авсан. 2016 оны сонгуулийн дараа эдийн засаг ямар нөхцөлтэй байсныг бид амархан мартжээ. Өнөөдөр эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд олон гарсан. Мөн эрхзүйн шинэчлэлтүүдийг ч хийсэн. Валютын ханшийг Монголбанк дангаараа шийдчихдэг асуудал биш. Н.Баяртсайхан маш сайн эдийн засагч гэдгийг нь би хаана ч хэлнэ. Би олон жил хамтарч ажиллаж байсны хувьд хөдөлмөрч зүтгэлтэй, төрийн хүн гэдгийг нь мэднэ. Монголын төр энэ хүнийг дутуу ашиглаж байна даа. Маш их зүйл хийх боломж байсан. манай хөгжлийн саадын нэг жишээ нь боловсон хүчний тогтвортой бус байдал. Сайн ажилласан хүнээ урамшуулж шагнаж чаддаггүй, муу ажилласан хүндээ хариуцлага тооцож чаддаггүй ингэж л явж ирсэн. Би Н.Баяртсайханыг муу ажилласан гэж хэлэхгүй. Саарал жагсаалтад Н.Баяртсайханаас болж орсон гэвэл том эндүүрэл болно шүү. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Н.Баяртсайхан үнэхээр зүтгэсэн. Энэ хүний урмыг хугаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж