"Хуулийн салбарын контороос илүү сургууль, цэцэрлэг чухал шүү"

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

"Хуулийн салбарын контороос илүү сургууль, цэцэрлэг чухал шүү"

"Хуулийн салбарын контороос  илүү сургууль, цэцэрлэг чухал шүү"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.11.05/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.  Хууль зүйн салбартай холбоотой төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт, төсвийн талаар хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Замын-Үүд боомтын хил дагуу гэмт хэргийн зөрчил, хил дагуух байрлаж байгаа мал зэргийг анхаарах шаардлагатай байна. Сүүлийн үед гараад байгаа хар тамхи, хууль бус үйлдлүүд тус боомтоор гарч байна. Хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлж байна. Тиймээс Замын-Үүдийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн Замын-Үүдэд мал хилээр гаргахыг хориглосонтой холбоотойгоор олон тооны мал байгаа нь малын өвчин гарах эрсдэл дагуулж байна. Маш олон малчид нэг хашаанд байрлаад байна. Нэг хувийн компани гэж харахгүйгээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн асуулт тавив. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хувийн компани мал гаргах зорилгоор хил орчим мал байршуулж байгаа асуудал бол цагдаа хариуцах ажил биш. Цагдаа бол хэв журам сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангадаг. Би бол өргөн барьсан төсөв дээр орон тоо нэмэх боломжгүй, Засгийн газар шийдсэн. 6262 орон тоо нэмэх саналаа өгсөн ч 603 орон тоог нэмнэ гэсэн. Энэ 603 дотор зарим нэг орон тоо нэмэгдүүлэх асуудал явцын дунд хийж болохоор харагдаж байна. Дорноговьд анхаарал хандуул гэж байнга ярьж байгаа нь зөв. Би хувьдаа суурин газруудад камерын систем нэвтрүүлэх замаар зохицуулахаар 45 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэж байсан ч дээрээс энэ төслийг зогсоосон. Камерын хяналтад орчихвол цагдаагийн ажилтнуудын хувьд ч иргэдэд ч ажиллахад дөхөм болно” гэсэн тайлбарыг өглөө. Мөн энэ асуултад Сангийн яамны ажлын хэсгээс “Камержуулах төсөл ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу зогссон байгаа. Одоо бид бусад эх үүсвэрээс шийдэхээр хайж байгаа. ҮАБЗ-ийн дагуу техникийн үзүүлэлт, бусад камержуулалтын системийг нэгтгэх шаардлага байгаа” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-Улсын бүртгэлийн ерөнхий газар 15 тэрбум, Хил хамгаалах ерөнхий газар 13,8, Дотоод хэргийн их сургууль 18 гэх мэт маш их өндөр өртөгтэй барилга байгууламж барихаар төсөвт суулгасан байна. Ер нь цаашид контор бариад байх юм уу эсвэл ард иргэддээ чиглэсэн сургууль, цэцэрлэгийн барилга руу анхаарч болохгүй юу. Өнөөдөр бүх байгууллага барилгатай, оффистой байж энэ олон барилга, конторыг шинэчлэхээр болсон юм бэ. Нэг баг, хороо, дүүрэгт аминд тулсан маш их ажил байхад хуулийн байгууллагуудыг Монголын төр гомдоогоогүй. Кремль шиг том том барилга Төрийн ордон тойроод байна шүү дээ. Энэ асуудал дээр ажлын хэсэг гарч, зайлшгүй барилга хэрэгтэй байгаа эсэхийг судлах хэрэгтэй байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

-2012 онд намайг явснаас хойш хил, цагдаа ямар ч парк шинэчлэл хийгдээгүй. 2017 онд буцаад ирэхэд ШШГЕГ-ын 140 гаруй машин актлагдсан байсан. Одоо энэ хил хамгаалах чиглэлд машин алга. Бид тоног, төхөөрөмжийн асуудлыг ярьж байж аюулгүй байдлаа хангахаар байна. Дотоод хэргийн их сургууль 3500 оюутантай спорт заал байхгүй. Өнгөрсөн жил УИХ зөвшөөрсөн учраас одоо барилгын ажил нь дуусч байгаа. УБЕГ-ын барилгыг таван тэрбум төгрөгийг л 2020 онд суулгаж байгаа үлдсэнийг дараа дараагийн жилд суулгаад явах юм. Энэ байшинг барьсны дараа хууль зүйн салбар төрөөс дахин барилга гуйхгүй. УИХ багагүй дэмжсэн баярлаж байгаа ч эхлүүлсэн ажлаа би дуусгах зорилго тавьсан байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТНАСАН:

-Орон нутаг, суурин газрыг камержуулах нь маш чухал шүү. Сая Ховд аймагт хүн барьцаалсан хэрэг гарахад камерын тусламжтайгаар хэрэгтнийг барьсан. Тиймээс суурин газруудыг камержуулах нь маш чухал асуудал.

УИХ-ЫН ГИШҮҮН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР:

-Хууль зүйн байнгын хороо санал дүгнэлтдээ барилга, байгууламжийн асуудлаар дурдах нь зөв гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж