Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.
Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэх юм. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэнэ.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуу инженерүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.
Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ