Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн орой /2019.10.29/ нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий дөрвөн зочид буудлаас 800 орчим хятад иргэнийг саатуулсан. Тухайлбал, "Амар", "Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг үйлдэл дээр нь баримтжуулан 759 иргэнийг саатуулсан билээ. Энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг анх саатуулан, шалгасан. Үүн дээр нэмэн БНХАУ-ын 28 иргэнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хураасан гэдэг мэдээлэл ч байгаа юм.
800 ХЯТАДЫГ ОРУУЛЖ ИРСЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
Тагнуулын байгууллагаас мэдээлснээр уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна. Хятад иргэд 2019 оны наймдугаар сараас эхлэн Монгол Улс руу цөөн цөөнөөр нэвтэрч 2019 оны аравдугаар 29-ний байдлаар 800-д хүрчээ. Тухай бүр Тагнуулын ерөнхий газар хяналт тавин ажиллаж байжээ.
Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.
БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан бөгөөд 2017 онд Кампуч, Индонези, Тайланд, мөн Европын Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.
Өнөөдрийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэжилж байна. Уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Монгол Улсаас албадан гаргасан. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
ВИЗ ОЛГОЛТ БА СУРГАМЖ
Тусгай албаныханд саатуулагдсан 783 иргэний паспорт, бичиг баримтад Гадаадын иргэн харьяатын газрынхан шалгалт хийсэн. Шалгалтаар 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн байжээ.
Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан гэдгийг албаныхан мэдээлсэн.
Бүлгээрээ яваа жуулчдад хүссэнээр нь чирэгдэлгүйгээр виз олгох Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой. Эл тогтоолоо эргэн харах шаардлага үүссэнийг зохион байгуулалтад орсон байсан энэ хэрэг харууллаа. Хэрвээ Тагнуулын байгууллага сонор сэрэмж алдсан бол FATF-ын саарал жагсаалтад орчихоод буй Монгол Улсын хувьд хар жагсаалт руу ч гулсч болзошгүй аюул дагуулах байсныг үгүйсгэхгүй. Тусгай албаныхны хараа хяналтад энэ бүхэн байсны хүчинд хожим гарах үр дагавраас сэргийлж чадлаа. Гэхдээ хууль тогтоогчид мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн тагнуул, хүчний байгууллагынхны тэмцэх ажил гээд алгуурлаж болохгүй, алдааг дахин давтан гаргахгүй байхын тулд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг ч шинээр авч үзэн, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ