Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулах тухай хэлэлцэнэ

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулах тухай хэлэлцэнэ

Эрх баригчид Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тодруулаад байгаа бөгөөд өнөөдөр эл асуудлыг 10.00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

FATF нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадаагүй зэрэг дөрвөн үндэслэлээр буруутгаж, саарал жагсаалтад багтаасан юм.

УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө ирэх оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Исландыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон ажилласан. Пакистаныг сааралтад жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэж яригдахад цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Манай улс гадаад харилцааны хувьд асуудалтай байна гэсэн үг. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, гадаад ертөнцөд Монголын нэр хүнд шалдаа буун, өмгөөлөх оронгүй болтлоо ганцаардсан нь эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлоготой холбоотой гэж хэлж болно. Тэр дундаа FATF-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд холбогдох сайд нар ажлаа хийсэн үү гэдэг асуудлыг хөндөх шаардлага ч зүй ёсоор тавигдаж буй. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн ил захидалд "Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.

2019 оны наймдугаар сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард FATF-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.

Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна" хэмээн мэдэгдээд байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж