Олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирийн байдал нэг үеэ бодвол харьцангуй тогтворжиж, олон улсын цэргийн эвслүүд цэргээ татаж байгаа билээ. Гэтэл АНУ Сирийн газрын тосны нөөцийг хамгаалахгүй бол алан хядагчдын гарт орж, тэд дахин идэвхжинэ хэмээгээд газрын тосны ордуудыг хамгаалахын тулд цэргээ илгээнэ гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири дэх гүйцэтгэх ажиллагаа амжилттай болж "Исламын улс бүлэглэл" -ийн удирдагч Абу Бакар Аль Багдадиг устгасан талаар зарласныхаа дараа нэгэн ноцтой мэдэгдлийг хийв.
Тэрбээр Сири дэх АНУ-ын цэргийн хүчин тус улсын азрын тосны ордыг зөвхөн хамгаалаад зогсохгүй Сирийн газрын тосыг авахыг оролдсон хэн бүхэнтэй дайтахад бэлэн байгаа гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ. “Бид Сирийн газрын тосны төлөө хэн нэгэнтэй дайтаж магадгүй. Тийм зүйл болж болно. Сирийн газрын тосыг авахаар ирсэн хэн ч бай АНУ-тай нүүр тулах болно. Тэнд маш их хэмжээний тос байгаа. Магадгүй АНУ ч тэндээс хүртэх боломж бий. Бид “ExxonMobil” гэх мэт үндэсний томоохон компаниудтай зохих ёсоор гэрээ хийгээд баялгийг түгээж болно шүү дээ” хэмээн хэлсэн байна.
-Сирийн газрын тос террорист бүлэглэлүүдийн санхүүгийн гол эх үүсвэр болдог-
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мөн Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийг батлан Сирийн газрын тосны ордуудыг хамгаалахын сацуу тэдгээрийг эзлэн авахыг оролдож буй талуудад цэргийн хүчээр хариу барина хэмээн мэдэгджээ. “АНУ Сирийн зүүн хойд нутагт газрын тос ордуудад хяналтаа тогтоосоор байх болно. “Исламын улс бүлэглэл”-ийн толгойлогч Багдади амьд байх үед эдгээр орд газар тус бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр нь болж, ажиллагааг нь дэмжиж байсан. Эдгээр орд газарт аюул учруулахыг оролдож буй аль ч хүчинд АНУ-ын Зэвсэгт хүчин ноцтой хариу барих болно. АНУ-ын холбоотнууд болох “Сирийн ардчилсан хүч”-ний курдын бүлэглэлүүдэд эдгээр ордыг ашиглуулах нь Америкийн цэргүүдийн гол зорилго юм” хэмээн М.Эспер ярьсан байна.
-Энэ бол улс дамнасан хулгайн гэмт хэрэг-
Түүний энэхүү мэдэгдлийг Нью-Йоркийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, өмнө нь АНУ-ын Батлан хамгаалах яамны хуулийн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан Райан Гудман “Улс дамнасан хулгайн гэмт хэргээс ялгаагүй сонсогдож байна. Энэ бол Женевийн конвенцийг зөрчиж буй асуудал. Хэрэв дээрх зүйл биеллээ олж, АНУ Сирийн газрын тосноос авч эхэлбэл, Сири дэх АНУ-ын цэргийн хүчний командлагч Дайны гэмт хэргийн тухай хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх болно. Энэ хууль нь аль нэг улс орон бусад улсын байгалийн баялгийг хүртэхийн тулд дайн өдөөхөөс урьдчилан сэргийлсэн хууль” хэмээн хэлжээ.
-АНУ-ын цэргүүд Сирийн газрын тосыг зөөж буй нь иймэл дагуулын зурагт буужээ-
АНУ Сирийн газрын тосны ордуудыг алан хядагч бүлэглэлүүдээс хамгаалах нэрийдлээр “хумсалж” байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Ингэхдээ АНУ-ын цэргүүд нь Сирийн зүүн хойд хэсэгт байх газрын тосны орд газруудыг биш харин Сирийн нутаг дэвсгэрээс газрын тосыг зөөн гаргаж байгаа хууль бус наймааны маршрутыг хамгаалдаг гэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ нотлохын тулд сансрын хиймэл дагуулаас авсан хэд хэдэн зургийг ил болгожээ. Хиймэл дагуулын зураг дээр ачааны тэрэг, автомашин, цистерн болон бусад техникээр Сирийн газрын тосыг ил тодоор хууль бусаар зөөвөрлөж байгаа нь харагдах аж. Зураг бүр дээр нэг ижил газруудад тогтсон цагт олон тооны том оврын тээврийн хэрэгслүүд бөөгнөрч байгаа нь Сирийн нутаг дэвсгэр дээрх гэмт хэрэгт АНУ-ын цэргийнхэн шууд оролцож байгааг батлаж байна хэмээн Оросын Батлан хамгаалахын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ