Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

60 тэрбумын гэгддэг Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноосон. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр Б.Мэргэн ажилласан бөгөөд тэрбээр шүүх хурлын процесстой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Иймээс дээрх асуудлаар болон олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Өнгөрөгч долоо хоногт Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэхдээ сонгуулийг будлиантуулах зүйл ангиар зүйлчлээд ял оноочихлоо. Энэ хэрэг дээр та өмгөөлөгчөөр оролцсоны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийг прокуророос зүйлчлэгдэхдээ 2002 оны Эрүүгийн хэргийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн зүйлчлэлтэй яллах дүгнэлт үйлдсэн.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг анхнаасаа яагаад ч биш гэдэг нь өмгөөлөгчдөд ойлгомжтой байсан. Тэр дундаа энэ зүйлчлэлээр зүйлчлэх ямар ч боломжгүй гэдэг нь. Энэ тухайгаа прокурорт хэлэхэд “та нар наад асуудлаа шүүх дээр эцэслэн шийдвэрлэж болно” гэдэг тайлбарыг өгсөөр ирсэн.

60 тэрбумын буюу 2014 онд ярьсан яриа нэгдүгээрт, хүч хэрэглэх тухай огт байгаагүй, хоёрдугаарт, УИХ-ын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал байгаагүй. Хэрвээ ялсан бол ялсан нам нь төрийн тодорхой албан тушаалуудад гүйцэтгэх эрх мэдлийг 60 тэрбумаар томилох тухай асуудал байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулаад УИХ-ын эрх мэдлийг авах тухай ерөөсөө байгаагүй. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг. Гэмт хэрэг байж байгаад хэргийг шийдвэрлэх үед гэмт хэрэг биш болсон тохиолдолд хуучин гэмт хэрэг байсан зохицуулалтаар яллаж болохгүй байхгүй юу.

Магадгүй 2014 онд хэрэгжиж байсан 2002 оны хуулиар ял өгч болохоор байсныг үгүйсгэхгүй. Гэтэл хэргийг шийдэх хугацаа нь 2019 он болчихсон байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаад шинэ хуулиа ашиглахад энэ гэмт хэрэг биш болчихож байгаа юм. Тэгээд шүүх хуралд өмгөөлөгчид энэ бол төрийн байгууллагын дээд эрх мэдлийг авах гэмт хэрэг биш юм гэдгээр мэтгэлцсэн бүх үндэслэлүүдээ тийм байдлаар гаргаж ирсэн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа төрийн эрх байгууллагын дээд эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэг биш байна, гэхдээ энэ бол сонгуулийг будлиантуулахад бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг байна. Тиймээс зүйлчлэлийг солиод ял өгсөн.

-Г.Доржзодов энэ хэрэгт гэрчээр оролцсон. Иргэдийн дунд Г.Доржзодов энэ гэмт хэргийг зохион байгуулахад оролцсон мөртлөө яагаад ял өгсөнгүй вэ гэдэг асуудлыг ярьж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүгийн хуулийн 82.1 дотроо тайлбартай. Тухайлбал, хэргээ сайн дураараа илчлэх юм бол ялаас чөлөөлнө гэсэн тайлбартай. Мөрдөгчөөс Г.Доржзодовыг яллагдагчаар татах гэдэг санал оруулсан. Гэтэл прокуророос хэргээ сайн дураараа илчилж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг байдлаар яллагдагчаар татаагүй.

Бодит байдалд хэргийг авч үзэхээр 2016 онд АН-аас болон МАХН-аас энэ гэмт хэргийн мэдээллийг өгсөн байдаг. Түүнээс хойш Г.Доржзодовыг сайн дураар нь биш баривчилж авчирсан байдаг. Дараа нь 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр түүнд байсан бичлэгийг хурааж авсан. Хурааж авна гэдэг сайн дураар илчилсэн асуудал биш. Тэгэхээр сайн дураараа илчилсэн хүн хэргийн материалаа гаргаж өгөхгүй, зугтдаг юм уу.

Бүх хэрэг дээр сайн дураар илчлэх тухай асуудал яригддаггүй. Мансууруулах бодистой холбоотой хэрэг, төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдан авах дээр тайлбар байдаг болохоос бусад нийтлэг хэрэгт сайн дураар илчлэх юм бол ялыг хөнгөрүүлэх нөхцөлтэй байдаг. Тэгвэл дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 14.9 гэдэг зүйл ангиар хэргийг зүйлчилж байгаа юм бол энэ зүйлд ангид сайн дураар илчлэх юм бол хэргээс чөлөөлнө гэсэн тайлбар байдаггүй. Харин ял хөнгөрүүлэх үндэслэл болно.

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд мэдээлэл өгөхгүй юу? Энэ хэрэг хэдэн жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байсан бэ?

-Энэ хэрэгт 2-8 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох вэ гэдэг асуудал яригдсан. Прокурор өөрийнхөө цуглуулсан нотлох баримт хэргийн материалд байгаа мэдээллүүдээ үндэслээд энэ хэргийг 2014 оны долдугаар сараас есөн сарын хооронд үргэлжилсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгоно гэдэг саналыг прокурор шүүх хурал дээр өгсөн.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хурал, ялын хурал болдог. Гэм буруугийн хуралд прокурорууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйлчлэлтэй орж ирсэн. Энэ нь өөрөө 12-20 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй. Энэ зүйлээр зүйлчлэгдээд ял авсан бол прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг санал өгөхгүй байсан юм.

Гэтэл зүйлчлэл нь өөрчлөгдөөд 2-8 жилийн ялтай хэрэг ороод ирж буй учраас прокурорууд анх оруулж ирсэн саналаа өөрчлөөд тухайн үеийн шийдвэрт нь нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн саналыг өгсөн. Өмгөөлөгчид прокурортой адилхан саналыг хэлэх байсан. Гэхдээ прокурор хэлдэг учраас өмгөөлөгчийг төлөөлөөд би прокурортой адилхан саналтай байна гээд хурал дууссан. Шүүгчид 30-40 минут хуралдсаны дараа шийдвэр танилцуулахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн. Яагаад гэсэн чинь Эрүүгийн хуулийн 1.8.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолж эхлэх тухай зохицуулалт байгаа. Гэмт хэрэг үргэлжилж байгаа тохиолдолд үргэлжилж байгаад дууссан үеэс нь тоолно.

Энэ гэмт хэргийг олон нийт 2016 онд мэдсэн. Тэгэхээр олон нийт мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа эхэлнэ. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн. Бид прокурортойгоо нийлээд шоконд орчихсон.

Ял өгөх гэж орж ирсэн прокурор хүртэл өөрөө гайхсан. Хуульд олон нийт мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн зүйл байдаггүй. Энэ дээр өмгөөлөгчид гайхаад байгаа. Тэрнээс биш ялын зүйлчлэлийг өөрчилсөн асуудалд хуульд ялыг хөнгөрүүлж байгаа тохиолдолд шүүх ялын зүйлчлэлийг өөрчилж болно гэдэг байдлаар шийдсэн. Үүнд өмгөөлөгчид төдийлөн гайхаагүй. Анхан шатны шүүх дээр бид эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл дээр маргаад байсан болохоос биш 14.9-өөр зүйлчилж байгаад бид маргаагүй. Харин гайхаад байгаа зүйл бол хөөн хэлэлцэх хугацааг яагаад тэгж тоолж байгаад юм.

-60 тэрбумын тодотголтой хэрэгт нэр бүхий улстөрчдийн асуудал яригдсан уу. Энэ хэргийг зөвхөн А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хамруулах нь шударга бус юм биш үү?

Шүүх хуралд Ц.Сандуйгийн өмгөөлөгч, А.Ганбаатарын өмгөөлөгч тус бүр гурван өмгөөлөгч оролцсон. Ц.Сандуйгийн өмгөөлөгч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэсэн байр сууринаас оролцсон бол А.Ганбаатарын өмгөөлөгчид дээрх хэргийг гэмт хэрэг биш юм байна гэсэн байдлаар оролцсон. Бусад асуудлыг бид мэдэхгүй шүү дээ.

-А.Ганбаатар шүүх хуралдааны явцад хэрэг хийгээгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан?

-Гэмт хэрэг хийгээгүй, ял авахгүй гэдэгт итгэлтэй байсан л даа. Хэрвээ Г.Доржзодовд ял өгөх ёстой байсан гэдэг байдлаар ярихаар та нар өөрсдийнхөө хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна шүү дээ гэдэг асуудал яригддаг. Бид үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн. Гэхдээ А.Ганбаатар, Ц.Сандуй нарт ял өгөх юм бол адилхан Г.Доржзодовд өгөх ёстой гэдэг байр сууринаас хэлэх хэрэгтэй шүү дээ.

-461 дүгээр ангид хоригдож байгаа юу?

-Дамжин өнгөрөх шорон буюу 409 дүгээр ангид хоригдож байна.

-Давж заалдах хүсэлтээ өгсөн үү?

-Давж заалдахад шүүхийн шийдвэр бичгээр гардуулсны дараа  бид шийдвэрээ гардаж авснаас хойш давж заалдана. Тэгэхээр шийдвэрээ авсны дараа үндэслэлээ бичихээр төлөвлөж байна.

-Шүүх хэр шударга шүүсэн гэж та дүгнэж байна?

-Шүүгчдийг хахууль авчихлаа, нөлөөнд автчихлаа гэдэг зүйл бид яриагүй. Өмгөөлөгчдийн хувьд шийдвэрийн үндэслэл буруу байна гэдэгт маргаж байгаа болохоос шүүгчид улс төрийн захиалгаар ажиллалаа гэж бодохгүй байна.

Шүүгдэгч нарын сэтгэл зүйн байдал ямар байсан бэ?

-Өмгөөлөгчдийн хувьд ял авахгүй гэдэгт итгэлтэй байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл ангиар зүйлчлээд ял оноох юм бол шүүх өөрөө эвгүй байдалд орно. Гэхдээ шүүгчдэгчдийн хувьд болгоомжлол байсан. Яагаад гэвэл улс төрийн хэрэг учраас захиалгатай байж болзошгүй, хуулийг нулимж байгаад шийдэж магадгүй гэсэн айдас байсан шүү дээ.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хэрэгт та хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-Д.Гантулгын хэрэг 2018 оны есдүгээр сарын 12-нд анх шүүхэд очсон. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгаж байх явцад дахиад өөр хүчингийн хэрэг үйлдээхээр завдсан гэдэг хэрэг шалгагдсан. Энэ хоёр хэргийг жилийн хугацаанд шалгаад 2019 оны аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээс хойш шүүх хуралдаан хоёр удаа хойшлоод байна. Хойшилсныг бид үндэслэлгүй хойшилсон гэж харахгүй байна. Гэхдээ өөр нэг юман дээр гайхаж байгаа.

Энэ хэрэгтэй холбоотойгоор давхар нэг хэрэг явж байгаа. Анх энэ хэргийг шалгаж эхлэхэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гаргахад эр бэлгийн эс илэрч байна гэдэг дүгнэлт гарсан. Гэтэл шүүхийн тодорхой шинжээчид хэлтсийн дарга нь хуйвалдаан зохион байгуулаад эр бэлгийн эс илрээгүй гэдгээр шинжээчийн дүгнэлтийг өөрчилсөн.

Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх асуудал тодорхой болсон. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг зориудаар буруу гаргаж, албан тушаалын байдлаар урвуулан ашиглана гэдгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид, хэлтсийн дарга, Д.Гантулга нарын зургаан хүнд тусдаа хэрэг үүссэн. Энэ хоёр хэрэг тусдаа шийдэгдээд явчих боломжтой. Гэтэл шинжээчидтэй холбоотой хэрэг нь яг адилхан Д.Гантулгын хэрэгтэй зэрэгцээд яваад байна. Хойшлохоор нь хойшлоод шийдэгдэгдэгүй.

Хэргийн явцад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэлтсийн дарга н.Гантулга, Д.Гантулга яллагдагчаар татагдсан байсан ч хэрэгсэхгүй болсон. Үлдсэн гурван шинжээчид хэрэг үүссэн. Тэр гурван шинжээч сайн дураараа Д.Гантулгад туслаад дүгнэлт гаргаад өгнө гэхгүй. Тэр гуравт ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж л тийм ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд Д.Гантулгын хэрэг хойшлохоор нөгөө хэрэг хойшлогдоод байдаг. Хурлын тов нь тавигдахдаа Д.Гантулгын хэргийн өмнөх өдөр тавигддаг. Тохиолдлоор ийм юм байна гэж байхгүй. Тэгэхээр Д.Гантулгын хэрэг шийдэгдэхээс өмнө шинжээчдийн хэрэг яаж шийдэгдэх үү гэдгийг харж байгаад шийдэх гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүссэн. Ямар хардалт төрж байна вэ гэхээр шинжээчдийн хэргийг хэрэгсэхгүй болгочих вий, араас нь Д.Гантулгын хэргийг хэрэгсэхгүй болгоё гэдэг нөхцөл байдал ажиглагдаад байгаа ч юм шиг.

-С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Б.Хурц нарын өмгөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Өмгөөлөгчдийн зүгээс С.Зоригийн хэргийг нууцаас гаргая гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдэгдээд 21 жил болчихлоо. Анх үйлдсэн цагаас хойш хэрэг нь нууц байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэргийг маш нууц зэрэглэлтэйгээр шалгах зөвлөмж өгсний  дагуу маш нууц зэрэглэлтэйгээр шалгагдаад явж байгаа. С.Зоригийн амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг илрүүлээд гурван шатны шүүхээр ял өгсөн. Прокурор болон холбогдох байгууллагаас захиалагчийг илрүүлчихсэн. Одоо зарлах дутуу байна гэсэн байр суурьтай байсан. Гэтэл яг захиалагчийг зарлахын даваан дээр  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн хэрэг үүссэн. Хэргийг нууцалсан шалтгаан нь өөрөө гэмт хэргийг илрүүлэхэд саад учруулах вий гэдэг байдлаар нууцалж байгаа. Гэтэл хэргийг илрүүлээд гурван шатны шүүхээр шийдчихсэн, төрийн нууцыг нууцалсан нөхцөл байдал нь өөрчлөгдсөн тохиолдолд ил болгож болох хуультай. Тиймээс хэргийг ил болгохгүй юм уу гэдэг асуудлыг тавьж байгаа.

-Яагаад?

-Энэ хэргийг 20 гаруй жил улстөржүүлж, улс төрийн ашиг хонжоо оллоо. Сонгууль болохоор С.Зоригийн хэргийг ярьдаг. С.Зоригийн хэрэг дээр дөрөөлөөд УИХ-ын гишүүн болж, улс төр хийдэг хүмүүс бий. Гэхдээ эцэст нь энэ хэрэг дээр үндэслээд дараагийн хэргийг гаргаад ирчихлээ. Тэр нь эрүүдэн шүүсэн асуудал.

Энэ хэрэгт өмгөөлөгчөөс нууцын баталгаа аваад хэргийн талаар огт ярьж болохгүй, ярих юм бол ял авна шүү гэдэг баталгаа авсан байдаг. Шүүх хурлын дараа бидний  хавтаст хэрэгтэй танилцаад бичиж авсан тэмдэглэлийг хураагаад, шүүх хурал дээр гаргаж өгдөг. Тэгэхээр өмгөөлүүлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй байдаг. Хоёрдугаарт, бид ярьж болохгүй байхад нууц материалын талаар улстөрчид хаанаас олж мэдсэн нь мэдэгдэхгүй өөрсдөдөө ашигтай мэдээлэл олон нийтэд өгдөг.

Төрийн нууцыг задлана гэдэг гэмт хэрэг шүү дээ. УИХ-ын гишүүн  байсан ч төрийн нууцтай танилцаж, задруулах эрх байхгүй. Тагнуулын ерөнхий газраас холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрсөн тохиолдолд төрийн нууцтай танилцдаг. Гэтэл УИХ-ын гишүүдэд ямар ч тийм баталгаа өгсөн юм байхгүй. Олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цаашаа явсаар шүүхэд шийдвэрээ гаргахад нь нөлөөлж болзошгүй байна. Энэ хэргийг нууцлаад байх бүх шалтгаан одоо арилсан байна. Тийм учраас ил болгоод хэргийг шийдье. Тэгэхгүй бол улстөржилт дуусахгүй гэдэг байр суурийг илэрхийсэн.

-Эрүүдэн шүүсэн гэх хүмүүсийн хэрэг анхан шатны шүүх рүү буцчихсан гэв үү?

-Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээж аваад анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгэхээр өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцсэн гомдлоо Дээд шүүхэд өгсөн.

-Таныг зарим улстөрчдийн зүгээс “хонгил”-ын өмгөөлөгч гэж ярьж байна?

Би хонгил байдаг үгүйг мэддэггүй. МАНАН байдаг үгүйг ч мэдэхгүй. Намайг хонгилын өмгөөлөгч, МАНАН-гийн өмгөөлөгч гэдэг яриаг Норовын Алтанхуяг гэдэг хүн гаргаж ирчхээд түүндээ хэт итгээд улс төрийн захиалгатай юм уу ямар нэг шударга бусаар шийдэгдсэн хэрэг болгоныг МАНАН, хонгил гэдэг рүү чихэж яриад байдаг боллоо.

Гэтэл би хонгил байдаг гэдгийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа харсангүй. Б.Хурцын хэргийг өмгөөлөөд буцаад А.Ганбаатарын хэрэг тэр дундаа олон нийтийн анхаарал татсан хоёр өөр намын ч  юм уу аль аль намын хүмүүсийг өмгөөлөөд байхаар тэгж хонгилын өмгөөлөгч гэж нэрлээд байгаа юм байлгүй. Хуульчид аль нэг нам, хүнийг ялгахгүйгээр мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа. Жишээ нь  дэлгүүрийн худалдагчийг яах юм. МАНАН-гийн хүнд хувцас зарлаа гэж буруутгах юм уу.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж